АНУ-д 180 хоногийн хугацаанд ажлын болон аяллын журмаар визгүй зорчино гэсэн мэдээлэл өнгөрсөн шөнө (2017.03.29-30) цахим ертөнцөөр шуугив. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Монголчуудыг АНУ-д визгүй зорчих санамж бичигт гарын үсэг зурлаа” гэх мэдээлэл гадаадын сайтад нийтлэгдлээ гэх энэ мэдээллийг иргэд баяртайгаар хүлээн авсан. Энэ мэдээлэл нь ямар ч ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас анхааруулга гаргалаа.
Анхааруулгад “”http://cnn-channel.com/donald-trump-signs-a-visa-free-trav…/” цахим хуудсан дээр гарсан “АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Монгол Улсын иргэдийг 180 хүртэлх хоногийн хугацаатай АНУ-д визгүй зорчуулах зарлигт гарын үсэг зурлаа” гэсэн мэдээлэл худал мэдээлэл болохыг үүгээр мэдэгдэж байна. АНУ-д зорчихоор төлөвлөж байгаа иргэд Улаанбаатар дахь тус улсын ЭСЯ-наас зохих ангиллын визийг авсны дараа зорчих ёстойг анхаарна уу. АНУ-ын визийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “https://mongolia.usembassy.gov/visas.html” цахим хуудаснаас авах боломжтой” гэжээ.