Шанхайн хамтын ажиллагааны байгууллага / ШХАБ/-ын ээлжит хурал энэ сарын 9,10-нд БНХАУ-ын Чиндао хотод болно. Энэ удаагийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох бөгөөд Гадаад харилцааны яамнаас бэлтгэл ажпыг хангаж эхэлсэн. Түүнчлэн манай улс энэ удаад тус байгууллагын гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор илэрхийлнэ гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан болж өнгөрсөн “Эдийн засгийн чуулган”-ы индрээс мэдэгдсэн.
Үүнтэй холбогдуулан гадаад бодлогын талаар УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцсэн төдийгүй манай улс ШХАБ-ын гишүүн болох нь зөв эсэх тухайд УИХ дахь намын бүлгүүд хуралдан, байр сууриа нэгтгэсэн. Хэдийгээр ямар шийдвэр гарсан талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улс ШХАБ-ын гишүүнээр элсэхийг дэмжсэн гэх мэдээлэл бий. Түүнчлэн эрх баригч намын гишүүдийн олонх нь тус байгууллагад гишүүнээр элсэх нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлж эхэлсэн.
Харин олон нийт төдийгүй судлаачдын зүгээс энэ асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлээд эхэлсэн үед ШХАБ-ын талаарх товч мэдээллийг хүргэе. ШХАБ нь Орос, Хятад, Казахстан, Тажикстан, Кыргызстан, Узбекстан улсын төрийн тэргүүн 2001 онд үндэслэн байгуулсан бүс нутгийн олон улсын байгууллага юм ШХАБ-д багтаж буй орнуудын нийт нутаг дэвсгэр нь 30 сая хавтгай дөрвөлжин километр буюу Евроазийн бүх нутгийн 60 хувийг эзэлдэг бол оролцогч улсуудын хүн ам нь нэг тэрбум 455 сая бөгөөд хүний нөөцөөрөө манай гарагийн бүх хүн амын дөрөвний нэг нь болдог.
Тус байгууллага дэлхийд АНУ-ын дараа ордог бөгөөд Хятадын эдийн засгийг оролцуулаад хүчирхэг эдийн засгийн нөөцтэй. Тус байгууллагад манай улс элсэх эсэх нь тун удахгүй тодорхой болно. Энэ тухайд УИХ-ын зарим гишүүн ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
Г.ТЭМҮҮЛЭН: ЭНЭ АСУУДАЛД ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАХ УЧИРТАЙ
-Аливаа улс үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийнхаа асуудлаар тэр дундаа гадаад бодлогын асуудал дээр нэгдмэл бодлоготой, нэг цонхны бодлогоор хандах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, гадаад бодлогынхоо хүрээнд Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч нэг цонхны бодпогоор нэг үг, бодлоготой, нэг амаар дуугардаг байх ёстой. Яагаад вэ гэвэл гадаад бодлого нь тухайн улс орны эдийн засаг, аюулгүй байдал, бүрэн эрхт байдалтай шууд хамааралтай асуудал учраас хариуцлагатай хандах учиртай. Аль нэг институцийн бодлого гэж байх ёсгүй, Монгол Улсын нэгдмэл бодлого энд үйлчлэх ёстой.
ШХАБ-ын хувьд Монгол Улс ажиглагчийн статустайгаар оролцоод 14 жил болж байна. ШХАБ дахь манай улсын оролцоо цаашид ямар байх вэ гэдгийг өмнө нь “Монгол Улс цаашид ШХАБ-ын идэвхтэй ажиглагч гишүүн байх болно” гэсэн ганцхан өгүүлбэрээр тодорхойлж ирсэн. Зарчмын хувьд ШХАБ-д орох нь Монгол Улсын гадаад бодлоготой нийцэхгүй. ШХАБ чинь НАТО-гийн эсрэг зогсох зорилготой байгуулагдаж байсан цэрэг, улс төрийн байгууллага. Хэрэв гишүүнээр орох эсэх асуудлаар шийдвэр гаргах гэж байгаа бол ямар давуу, сул талтай. Яагаад Монгол Улс одоог болтол ажиглагчаар оролцож, анхааралтай ажиглаж ирсэн гэдгийг нухацтай үнэлж цэгнэж байж шийдэх асуудал.
Ё.БААТАРБИЛЭГ: ШХАБ-Д БОЛГООМЖТОЙ ХАНДАХ ЁСТОЙ
-ШХАБ-ыг байгуулсан цагаас эхлэн Монгол Улс ажиглагчийн байр сууринаас хандаж эхэлсэн. Хөрш орнуудын зүгээс Монголыг ажиглагч биш жинхэнэ гишүүнээр элсээч гэсэн санал тавьж байсан гэсэн мэдээлэл ч байдаг. Монгол Улс ажиглагчаар байх, гишүүнээр байх хоёр нь ямар ач холбогдол, хор хөнөөлтэй вэ гэдэг нь тодорхой биш байна. ШХАБ бол төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, хөрөнгө, санхүүжилт олгодог байгууллага биш. Энэ бол Зүүн хойд азийн бүс нутгийн улс төрийн чиглэлээр бодлого зангиддаг улс терийн нэгдэл гэж би ойлгодог.
Энэ байгууллагын гол тулгуур нь БНХАУ, ОХУ, Энэтхэг улс байдаг. Монгол Улс бол төвийг сахисан, гуравдагч хөршийн бодлого явуулдаг улс. Ийм нөхцөлд ШХАБ-д болгоомжтой хандах ёстой. Сүүлийн өдрүүдэд энэ байгууллагад элсэх нь зөв, буруу гэсэн хэлэлцүүлэг олон нийтийн дунд их явж байна. ҮАБЗ юу гэж үзэж байгаа, энэ байгууллагад элсвэл гуравдагч хөрш, томоохон зээл тусламж үзүүлдэг гуравдагч орнууд ямар байдлаар хандах зэрэг олон асуудал байна. Тиймээс маш болгоомжтой хандахгүй бол Монгол Улсын олон улсын тавцан дах байр сууринд нэлээд өөрчлөлт орох болов уу гэж харж байна.
Д.ЦОГТБААТАР: ГХЯ МЭРГЭЖЛИЙН ТӨВШИНД НАРИЙВЧИЛСАН СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА
-ШХАБ-д Энэтхэг, Пакистан улс нэгдэж, 2015 онд ШХАБ өөрийн стратегийн баримт бичгийг боловсруулснаас хойш энэ байгууллагын талаар нөхцөл байдал олон улсын төвшинд өөр болж байна. Тиймээс Гадаад харилцааны яам мэргэжлийн төвшинд нарийвчилсан судалгаа хийж байна. Нээлттэй судалгаа хийж, байр сууриа эцэслэн гаргана. Хуучин нэг л байр суурьтай байдаг байсан бол өнөөдөр тал талаас нь мэргэжпийн төвшинд судалж үзээд тодорхой байр сууриа гаргана.
Ерөнхий сайдын айлчлалын үеэр Хятадын талтай ШХАБ-ын асуудалд илүү нээлттэй хамтарч ажиллах тал дээр ажиллаж байна гэдэг өнцгөөс хандаж, ярилцсан. Манай улс ШХАБ-ын хүрээнд ажиглагч орны статустай. Манай улсын хувьд хамтын ажиллагаагаа шат шатандаа ахиулж байгаа. Уг байгууллагад Энэтхэг, Пакистан хоёр нэгдэж орсны дараа бид өөр өнцгөөс асуудалд хандаж, судалгаагаа хийж байгаа. Ингэхгүйгээр байдал өөрчлөгдчихөөд байхад бид хуучнаараа байж болохгүй. Дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байна шүү дээ.
Ц.МӨНХ-ОРГИЛ: ШХАБ-Д ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ЭСЭХИЙГ ОЛОН ТАЛААС НЬ ХАРЖ СУДЛАХ ЁСТОЙ
-ШХАБ жинхэнэ утгаараа цэргийн байгууллага биш. Гэхдээ энэ байгууллагын үүсч, хөгжсөн түүх, одоо байгаа байдал, цаашаа ямар чиглэлээр хөгжих вэ гэдгийг хараад байхад нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн блок болох өндөр магадлал байна гэж үзэж байгаа. Ер нь ШХАБ-д гишүүнээр элсэх эсэхийг олон талаас нь харж судлах ёстой.
Зөвхөн өнөөдрийн дотоод, гадаад улс төрийн байдлаар бус урт хугацаандаа их гүрнүүдийн харилцаа хаашаа, хэрхэн хөгжих, ерөнхий хандлага хаашаа байна, энэ хандлага дотор Монгол Улс ямар байр суурьтай байх вэ, энэ хандлагаас болоод манайд ямар дарамт шахалт ирэх вэ гэдийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна. Монгол Улс ажиглагч байхдаа энэ байгууллагаас хангалттай мэдээлэл авч байсан. Харин гадна талдаа Монгол Улс хоёр том хөршийн нөлөөнд бүрэн автаж байна гэдэг зураглал харагдана.
Ч.УЛААН: ШХАБ-Д ЭЛСЭХ НЬ ЭДИЙН ЗАСАГ ТАЛААСАА ДАВУУ ТАЛТАЙ
-Монгол Улс ШХАБ-д яагаад элсч болохгүй гэж. Би хувьдаа онц харшлах зүйл байхгүй гэж бодож байна. Харин ч эдийн засгийн хамтын ажиллагааны интеграцид идэвхтэй оролцох тал дээр бидэнд олон давуу тал гарч ирэх боломжтой. Би эдийн засаг талаас нь харж байна шүү.
Улс төр талаасаа ямар байхыг мэдэхгүй байна. Д.СУМЪЯАБАЗАР: БИД ШХАБ-ЫГ 14 ЖИЛ АЖИГЛАЛАА ШҮҮ ДЭЭ -ШХАБ-д Монгол Улс ажиглагчийн статустайгаар 13-14 жил явчихлаа шүү дээ. Бид ажиглаад л байдаг. Бусад улс орон элсч ороод, хөгжөөд байдаг. Хамтарч нэгдээд бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулаад байдаг. “Бүс зам”, “Эдийн засгийн коридор” гэх мэтийн хүрээнд харилцан ашигтай ажиллаж байна. Засгийн газраас энэ байгууллагад элсч орох нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Удахгүй УИХ-д энэ асуудлыг оруулах байх.
Д.ТЭРБИШДАГВА: ШХАБ ГЭХЭЭР ХЯТАД ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ
-Монгол 14 жил ШХАБ-ын ажиглагч улс байлаа. Энэ хугацаанд ямар ч үр дүн гарсангүй. Жил бүр Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд нь дэмий очдог гэх шүүмжлэлийг УИХ-аар ярьдаг. Гэтэл хоёр хөрш Монголыг тойруулаад замаа, нефть, газийн үйлдвэрээ барьчихлаа. Энэ бүхэн манайд оройтоод, бараг хэрэггүй шахуу тал руугаа орж байна. ШХАБ-д 2017 онд Энэтхэг, Пакистан элсэхээс өмнө манайх элссэн бол олон талын хэлэлцээр болон манайд төмөр зам тавьж өгөх боломж ч байсан. ШХАБ гэж ярихаар манайхан Хятад гэж боддог. Гэтэл энэ дотор дэлхий багтчихаад байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин