УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан өчигдөр хаалттай болов. Монгол Улсын гадаад бодлого болон ШХАБ-д манай улс элсэх нь зөв, буруу эсэхийг хэлэлцжээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хуралдаанд оролцож байр сууриа илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд байр суурь нь тодорхой байгаа. Монгол Улс ШХАБ-д элсэх нь зүйтэй гэсэн саналыг саяхан болсон Эдийн засгийн чуулганаас эхлэн Ерөнхийлөгч зүтгүүлэх болсон.
Энэ асуудлаар Гадаад харилцааны яамнаас хэлэлцүүлэг зохион байгуулж, мөн өнгөрсөн мягмар гаригт МАН-ын бүлэг саналаа нэгтгэхээр ээлжит бусаар хуралдлаа. Бүлгийн хурлаар гишүүд байр сууриа илэрхийлсэн ч санал нэгдэж чадаагүй гэдгийг хэлж байгаа. Харин Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудлыг зүтгүүлж эхэлсэн нь ямар учиртай болох нь олны анхаарлын төвд байна.
Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулга урд хөрштэй холбоотой нэлээд таагүй мэдэгдлүүдийг хийж байв. Нүүрс тээвэр, хүнсний бүтээгдэхүүн зэрэг олон талын хамтын ажиллагааг өөрчлөх, зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдэж байлаа. Харин гэнэт ШХАБ-д элсэх нь зүйтэй хэмээн ярьж, зүтгүүлж эхэлсэн нь түүний “гэм”-ээ цайруулах гэсэн оролдлого, урд хөршид барьж буй бэлэг биш байгаа гэсэн хардлагыг төрүүлж байна. ШХАБ-д одоогоор манай улс Афганистан, Белорусь, Иран улсын хамт ажиглагчийн статустай байна. Харин элсэж орвол ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Энэтхэг, Пакистан зэрэг орны араас ШХАБ-д нэгдсэн ес дэх орон болох юм.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин