“Аргальхүү” хэмээх өхөөрдөм, эгдүүтэй баатрын дүрээр нэгэн шинэ төсөл хэрэгжиж эхэллээ. Уг төслийг ямар нэгэн бизнесийн байгууллага бус, харин Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс санаачилсан бөгөөд Аргальхүү баатрын дүрээр хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголтыг эерэгээр сурталчлах, эрүүл мэндийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.
Манай оронд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нэлээн ноцтой түвшинд хүрсэн гэж мэргэжлийн хүмүүс үздэг бөгөөд ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхэнд тохиолддог сэтгэцийн эмгэг санаа зовоосон асуудал болоод байгааг хэлэх хэрэгтэй. Тэгвэл СЭМҮТ-ийн хамт олон нийгмийн зүгээс энэ асуудалд хандах сөрөг хандлагыг өөрчлөхийг хүсч байгаагаа өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм.
Өсвөр үеийнхний хэрэгцээг тодорхойлох судалгаагаар тэдний 25.7% нь ганцаардал болон сэтгэл гутралд ордог, зургаагаас арван нэгдүгээр ангийн сурагчдын 70.6% нь согтууруулах ундааг ямар нэг хэмжээгээр хэрэглэж үзсэн болох нь батлагджээ. Үүнийг дагаад СЭМҮТ-ийн Хүүхэд-өсвөр үеийн клиникт хандаж зөвлөгөө авах хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэнэ.
Бид “Аргальхүү” төслийн багийнхнаас яагаад энэ төслийг санаачилсан талаар асууж, тодрууллаа Тусгал.мн: Өсвөр үеийнхний сэтгэцийн асуудал ноцтой түвшинд хүрсэн учраас энэ төслийг санаачилсан гэж ойлгож болох уу?
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, СЭМҮТ-ийн их эмч Р. Энхтүвшин: Яагаад “Аргальхүү” төслийг гаргаж ирсэн гэхээр бид олон жил нийгэмд сэтгэл зүйн боловсрол олгох зорилгоор сургалт, сурталчилгаа, мэдээллийг түгээж ажиллаж байгаа ч сэтгэцийн эмгэгийн талаарх сөрөг ойлголт, хандлага өөрчлөгдөхгүй хэвээр байгаа.
Хүүхдүүд өдөр бүр ямар нэгэн байдлаар утсаар тоглож, элдэв бичлэг үзэж байна. Гэвч үзэж байгаа зүйл нь хүчирхийлэлтэй холбоотой, сөрөг мэдээлэл байх нь түгээмэл. Тиймээс бид хүүхдүүдэд эерэг мэдээл түгээгч, гэгээлэг баатрын дүр байх ёстой гэж үзсэн. Энэ дүрд Аргальхүү маань яг тохирно.
СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн асуудал, эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Т.Мандхай: Аргальхүү нэрний тухайд аргаль нь сүүлийн жилүүдэд устах аюулд ороод байгаа, улаан номонд орсон дархан цаазтай амьтан учраас энэ амьтныг зориуд сонгосон. Дээр нь аргаль бол өндөрлөг газарт амьдардаг тайван, тогтуун зантай амьтан.
Тиймээс ч бид Аргальхүүгийн дүрийг яг ижилхэн уурлаж уцаарладаггүй тайван, дөлгөөн дүр байлгая гэж тооцсон юм. Зөвхөн сэтгэцийн эрүүл мэндийн төдийгүй эрүүл мэндийн бусад төрлийн боловсролыг Аргальхүүгээрээ төлөөлүүлж хүүхдүүдэд хүргэх зорилго тавьсан учраас энэ төслийн цар хүрээг нэлээд томоор харж байгаа. Жишээлбэл Аргальхүү гараа угаах, шүдээ угаахыг бага насны хүүхдүүдэд заадаг гэх мэт.
СЭМҮТ-ийн хамт олон шинэ төслийнхөө хүрээнд “Аутизм гэж юу вэ” зурагт цувралыг олон нийтийн хүртээл болгож байгаа юм. Мөн “Аргальхүү” төслийг олон нийтэд таниулахын тулд “Аргальхүү” хэмээх өдөрлөгийг 2018 оны 5 сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгт ирсэн эхний 200 хүүхдэд “Аутизм гэж юу вэ” зурган цувралыг үнэгүй өгөхөөс гадна эхний 300 хүүхдэд бэлэгтэй аж.