АНУ-ын “ABC” телевизийн “Roseanne” цуврал киноны од, Росеан Бар твиттер хуудастаа нийтэлсэн ганцхан жиргээнээсээ болж ажилгүй болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.
Тэрбээр твиттер хуудсандаа Ерөнхийлөгч Барак Обамагийн туслахаар ажиллаж байсан Иран гаралтай Валерий Жарретийн талаар сэтгэгдлээ үлдээжээ. “Хэрэв Муслимчууд болон сармагчингууд хүүхэдтэй байсан бол” гэж жиргэжээ.
65 настай Бар нийтлээд хэдхэн минутын дараа “Энэ бол зүгээр л наргиа” хэмээн залруулсан боловч иргэдийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн байна. Бар бодлогогүй ганцхан жиргээнээсээ болж улмаар твиттер хуудсаа устгахад хүрчээ. “ABC” телевизийн удирдлагууд дээрх жиргээг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үйл явдал хэмээгээд Росеан Барны 1988 онд анх дэлгэцнээ гарч байсан шоуг нь цуцалжээ. Бар өнөөдөр твиттертээ “Намайг үнэхээр уучлаарай. Би яг одоо явлаа” гэж жиргэсэн байна.