Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Монголын үсчин, гоо сайханчдын холбоо хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үсчин, гоо засалчдын мэргэжлийн аварга шалгаруулах “Үсчин гоо засал-2018” нээлттэй тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Засгийн газрын “Хүн амын ахуй үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан энэхүү тэмцээн үсчин, гоо сайханч, хумс засалчдын мэргэжлийн ур чадварын түвшинг дээшлүүлэх, урамшуулах, тэднийг олон улсын жишигт нийцүүлэх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилготой билээ.
Тэмцээн ‘’Эрэгтэй сонгомол засалт хэлбэржүүлэлт’’, ‘’Эмэгтэй урт үсний үдшийн гоёлын самналт’’, ‘’Эмэгтэй салоны тайралт’’, ‘’Эрэгтэй зураглалтай засалт’’ , ‘’Тайзны нүүр будалт’’, ‘’Гелин хумс дахь уран зураглал’’ гэсэн 6 төрлөөр явагдаж шилдгүүдээ шалгаруулсан юм.
Түүнчлэн энэхүү тэмцээнд дүүргийн үсчин, гоо сайхан, хумс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж нийт 36 гоо сайханы салоны үсчин, гоо сайханч, хумс засалчид болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, сурагчид оролцлоо.
Тэмцээнийг Монголын үсчин, гоо сайханчдын холбооны мастер 5 үсчин шүүн явуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн аварга, шилдэг үсчингээр “N Classy” салоны үсчин Б.Пүрэвхүү шалгарсан бол Тайзны нүүр будалтын шилдэг гоо сайханчаар “Гоо цэцэг” салоны А.Энхзаяа, Гелин хумс дахь уран зураглалын шилдэг маникюурчинаар “Намир” салоны Ц.Байгалмаа нар тодорсон байна. Харин Эрэгтэй сонгомол засалт хэлбэржүүлэлтийн шилдэг үсчингээр N Classy салоны Б.Пүрэвхүү, Эмэгтэй урт үсний үдшийн гоёлын самналтын шилдэг үсчингээр “Lotus”салоны С.Батцэцэг шалгарсан бол Эрэгтэй зураглалтай засалтын шилдэг үсчингээр Дэгжин салоны Ж.Мөнхбаатар тодорчээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.