Ээж, дүүгийн хамт “Эрдэнэт”-ийн суудлаар /галт тэрэг/ хотод ирээд, өглөө эрт дэлгүүр, хоршоо онгойсон зүйл байхгүй тул Зайсан толгой гарч байлаа. Олон жилийн өмнөх явдал л даа. Тэр үед л анх удаа Улаанбаатар хотыг бүтнээр нь тольдож, Зайсан толгойн шатыг нэг бүрчлэн тоолж билээ. Гайхамшигтай сайхан дурсамжууд холбогддог болохоор чөлөөт цагаараа Зайсан толгой дээр гарч сэтгэлээ сэргээх дуртай байсан.
Гэвч эвгүй үнэр, архи, пиво, ундаа сав хөглөрсөн байдал сэтгэлээ сэргээх гэсэн надад сөрөг бодол төрүүлэх нь элбэг байв. Өдөртөө 500-600 хүн, амралтын өдөр үүнээс ч олон хүн Зайсанг зорино. Энэ бүх хүний бохирын асуудлыг яаж дийлэх вэ дээ. Тиймээс л нийтийн бие засах газар шиг үнэр ханхийнэ. Өглөө оройдоо ганц нэг хүн цэвэрлэгээ хийх ч, 500-гаад хүний идсэн, уусан зүйлийг багтаах боломжгүй учир шат дагуух хогийн савнуудын хог хальж, толгойн энгэр дэх чулуулаг гадаргуугаар гялгар уут хөглөрсөн байдалтай. Ийм дүр зураг намайг Зайсан толгойг зорих хүсэлгүй болгосон юм. Сайхан бодол тээж очоод хог түүсээр бууж ирэх тийм ч таатай байгаагүй л дээ.
Харин саяхан охиноо дагуулаад Зайсан толгойг зорьсон юм. Гэхдээ Зайсан толгой минь урдын адил тодрон харагдахаа больжээ. Эргэн тойрон өндөр барилга ихээр баригдаж, олны хөлийн газар болсон байна. Хэдийгээр туул голын ойрхон байх ч хуурай шороо босч, хавсаргаддаг байсан танктай хөшөө орчим усан оргилууртай болж, хүүхэд, хөгшид нарлах таатай орчныг бүрдүүлжээ. Олон хүн дургүйцэж, элдвээр бичиж байсан Зайсан Хилл цогцолбор нээлтээ хийж, хог хөглөрдөг газар соёл амралтын тун аятайхан байгууламжтай болчихсон байна.
Дотроо кино театр, хүүхдийн тоглоомын төв, хоолны газрууд гээд амарч яваа хүнд хэрэгтэй бүгд нэг дор байршжээ. Хамгийн гол нь хөглөрөх хоггүй, цэвэр, цэмцгэр Зайсан толгой намайг угтсан үнэхээр их баярласан юм. Ийм л таатай сэтгэгдлээр Зайсан толгойдоо гарч, Улаанбаатар хотоо тольдчихоод ирсэн дээ. Харин гэртээ ирчихээд хэдэн уут халааслаж явснаа бодоод өөрөөсөө ичих шиг болов. Өмнө нь уутгүй оччихоод урд таарсан хог, ус, ундааны савыг тэврээд буудаг байсан учраас, энэ удаа уутанд хийгээд бууж ирнэ гэж бодсон юм. Гэвч Зайсан толгой минь эзэнтэй болж, жинхэнэ утгаараа амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчин болон хувирсан байна.
Соёл амралтын газар ийм л байх учиртайг дэлхийн жишиг ярьдаг Улаанбаатарчууд ойлгож байгаа байлгүй. Миний хувьд энэ сайхан бүтээн байгуулалтыг зориглон барьсан тэдгээр хүмүүст талархал илэрхийлмээр байна. Хэрвээ энэ цогцолбор баригдаагүй байсан бол Зайсан толгой минь тансаг зэрэглэлийн орон сууцнууд дунд хашигдсан овоолсон шороо л болох байлаа. Үнэндээ Зайсан толгой аврал эрж байсан юм. Харин Зайсан Хилл цогцолбор баригдаж, соёл амралтын таатай орчинг бүрдүүлж, орчин үеийн Зайсан толгой бий болж, мянга, мянган залууст сайхан дурсамж үлдээж байна.
1 comment
Зайсан толгойн баруун хажууг ухаж барьсан барилгын мөн буулгах уу. За ер нь байгаль өөрөө шийтгэх бизээ.