Халуун ус, сауны газруудаас өвчин авах эрсдэл өндөр гэдгийг өнөөдөр НМХГ-аас мэдээлэв. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа буй 10 усан бассейн, 10 халуун усны газар, 15 саун, нийтдээ 35 газарт тавьсан хяналт, шалгалтаар ариутгал, цэвэрлэгээ муу байна гэх дүгнэлт гаргажээ.
НМХГ-ын эрүүл ахуйн, хяналтын улсын ахлах байцаагч М.Мөнхгэрэл хэлэхдээ “Иргэд өөрсдөө үйлчилгээ авахдаа усан бассейн, халуун ус, сауны газруудын ариутгал цэвэрлэгээ, ариутгал зэргийг нь шалгахгүй шууд ордог. Энэ төрлийн шалтгаанаас болоод усан бассейнаас өвчин авах эрдсэл нэмэгддэг” гэсэн юм.
Шалгалтаар саун халуун усны ажлын байрны эд хогшил, тоног төхөөрөмж, үйлчлүүлэгчдийн шаахай, амралтын хувцас, гар нүүрний алчуур зэргээс нийт 14 газраас 99 арчдас авчээ. Эрүүл зүйн нян судлалын шинжилгээгээр хоёр газрын 20 арчдасанд эмгэг төрөгч бактери илрээгүй. Харин 12 газрын 79 арчдасны 15 буюу 18.9 хувьд гэдэсний бүлгийн савханцар E.Coli илэрсэн нь дээрх газруудын цэвэрлэгээ,халдвар хамгааллын дэглэм шаардлага хангахгүй байгаа гэдгийг харуулж байна.
Лабораторийн шинжилгээгээр Баянгол дүүргийн усан спорт сургалтын төв, ‘Түмэн занги’ ХХК-ийн усан бассейн, ‘Максложинг’ ХХК, МЧБС ХХК-ийн сауны газрын чийрэгжүүлэх сангийн ус нь нянгийн бохирдолтой, Нарантуул шейл ойл ХХК, Халиун төгөл ХХК-ийн усан бассейны ус нь үлдэгдэл хлор бага гарчээ. Дээрх газруудын ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм хангалтгүй байгааг онцлов.
Зөрчил гаргасан арван аж ахуйн нэгжид зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлага, есөн аж ахуйн нэгжид албан даалгавар хүргүүлжээ. Мөн 12 аж ахуйн нэгж, хоёр иргэнийг нийт 5,500.000 төгрөгөөр торгожээ. Нянгийн бохирдолтой гарсан газруудыг албан ёсоор нийтэд зарлаж, дээрх газруудын акт шаардлага хүргүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах ажиллах нь зүйтэй гэж мэдээллээ.