Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2017 онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн боловч хөрөнгө нь улсын төсөвт тусгагдаагүй арга хэмжээнүүдийн судалгааг гаргаж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх санал боловсруулахыг сайд нарт үүрэг болголоо.
– Ирэх сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хуралдаанаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлаа дүгнэн, цаашдын төлөвөө тодорхойлно. Мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, байгаль орчин, аялал жуулчлал, боловсрол, соёл, шинжлэх ухаан, зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын харилцааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэх юм. Манай тал Италийн өндөр технологийг боловсруулах салбарт нэвтрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гуравдагч зах зээлд гаргах зэрэг санал тавихаар төлөвлөжээ.
– Нийслэлийн газрын мэдээллийн санг улсын солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлыг эрчимжүүлж, энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгаж хэрэглээнд нэвтрүүлэхийг холбогдох байгууллага, удирдах албан тушаалтанд даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1 comment
34Pnij http://www.LnAJ7K8QSpkiStk3sLL0hQP6MO2wQ8gO.com