ОХУ-ын экс тагнуулчийн охин Юлияа Скрипаль анх удаа ярилцлага өгчээ

Оросын тагнуулын ажилтан асан Сергей Скрипал болон түүний охин Юлия нар хоёр сар гаруйн өмнө Их Британийн Солсбери хотын худалдааны төвөөс ухаангүй байдалтай олдсон юм. Шинжээчид тэднийг сэтгэцэд нөлөөлөх химийн хорт бодисын халдлагад өртсөн болохыг тогтоосон юм. “Алдарт” тагнуулчийн охин 33 настай Юлия Скрипаль хордлого нь тайлагдсаны дараа анх удаа Солсбери хотноо Ройтерс агентлагт ярилцлага өгчээ.
Тэрбээр “Би амьдралд эргэн ирсэндээ маш их баяртай байна” гэснийг тус агентлаг онцлон тэмдэглэжээ.
Юлияа Скрипаль “Биднийг хордуулж алах гэсэн энэ халдлагын дараа амьд үлдсэндээ маш их азтай гэж бодож байна. Эргээд сэргэх, ухаан орох явц маш удаан, их хэцүү байсан. Миний эцэг өнөөдрийг хүртэл бие нь сайжраагүй байгаа. Түүнийг тэнхэртэл би түүнд туслах ёстой” хэмээгээд гэнэтийн өөрчлөлтүүдэд бие мах бодь болон сэтгэл санааны хувьд аль алинд нь дасан зохицох хэрэгтэй болсон бөгөөд энэ бүхний дараа гэртээ харихыг хүсч буйгаа илэрхийлжээ. Мөн зарим асуултад хариулахаас татгалзсан байна.
Одоогоор, Юлия Скрипаль цагдаагийн хамгаалалт дор Лондонд нууцлаг газар байрлаж байгаа аж. Сануулахад,Оросын экс тагнуулч Сергей Скрипаль болон түүний охин гуравдугаар сарын эхээр Английн Солсбери хотноо химийн хорт бодист хордож эмнэлэгт хүргэгдсэн. Их Британичууд энэ хэрэгт ОХУ-ыг буруутгаж байгаа бол ОХУ-ын зүгээс дээрх хэрэгт холбогдолгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Б.Цэцэг