ОУВС-гаас Монголчуудад хандан нэгэн онцгой анхааруулга өгсөн нь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханшийн өсөлт. Чухамдаа бид энэ боломжийг л ашиглах ёстой юм билээ. Өмнө нь Монгол Улс нэгэн том циклийг овоо дажгүй ашиглаж эхэлсэн ч улстөржилтийн хар гайгаар салхинд хийссэн унс болгож орхисон. Харин энэ удаагийн өсөлт хэр удаан үргэлжлэх бол. Дэлхий дахин уул уурхайн түүхий эдийг цаашид удаан ашиглах болов уу.
Хар алтны ирээдүй удаан үргэлжлэхгүй
Дэлхийн нийт эрчим хүчний нөөцийн гуравны нэгийг Ази хэрэглэдэг. Ялангуяа Япон, Энэтхэг, Хятадын эрчим хүчний нөөцийн эрэлт өнгөрсөн хугацаанд огцом өссөн байна. Сүүлийн 20 жилд дэлхийн эрчим хүчний анхдагч хэрэглээ 45 хувиар өссөн. Цаашдаа жилийн дундаж өсөлт 1.7 хувиар нэмэгдэж, 2030 оноос буцаад багасах төлөвтэй байна. Хүн төрөлхтөн байгаль орчинд ээлтэй бодлого баримталснаар нүүрсний хэрэглээ аажмаар багасна. Улмаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж, 2010-2030 онд жилийн өсөлт нь 8.2 хувь байх тооцоо гарчээ, Гэхдээ ойрын жилүүдэд эрчим хүчний гол түүхий эд нүүрс хэвээр байх нь. Олон улсын эрчим хүчний хэрэгцээний 30 хүртэлх хувийг нүүрс хангаж байгаа юм.
Ази, Номхон далайн бүс нутагт дэлхийн нүүрс олборлолтын болон хэрэглээний 67:3 хувь ногдож байна. Дэлхийн нүүрсний ассоциацийн статистик мэдээллээр нүүрс дэлхийн эрчим хүчний анхдагч хэрэгцээний 30, цахилгаан эрчим хүчний 42 хувийг тус тус бүрдүүлж буй. Олон Улсын эрчим хүчний агентлаг дэлхийн эрчим хүчний хэрэглээг урьдчилсан байдлаар тооцоолсон байдаг. Үүнд 2035 он хүртэл өнөөгийн эрчим хүчний хэрэглээ 40 хувиар өсөхөөр байна. Цаашдаа сэргээгдэх эрчим хүч болох нар, салхи, усан цахилгаан станцын эзлэх хувь нэмэгдэх бололтой. Энэ нь нүүрсний зах зээлд “баяртай” гэж хэлэхэд хүргэж магадгүй.
Манай улсын хувьд энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортолно. Үүний гуравны нэгийг Тавантолгой ордоос нийлүүлэх юм. 2015 онд “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын зах зээлд хувьцаагаа гаргахаар энэ оноос бэлтгэлээ базааж буй. Дээрх судалгаанаас үзэхэд ойрын жилүүдэд яаралтай хоёрдогч зах зээлд хувьцаа гаргах. Нүүрсээ эдийн засгийн эргэлтэд цаг алдалгүй оруулах шаардлага байгааг эндээс харж болох юм.
Тавантолгойгоо хөдөлгөх түлхүүр хэний гарт байна вэ
Харин бид дэлхийд алдартайд тооцогддог Тавантолгойгоо ашиглаж чадах уу, үгүй юу гэдгээ шийдэлгүй өнөөг хүрлээ. Уг нь Засгийн газраас өчигдөр Тавантолгойг ашиглах шийдлийг МАН-ын бүлэгт танилцуулсан. Тэгвэл бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа “Эрдэнэс Тавантолгой төслийн 30 хувийг олон улсад IPO гаргах хувилбар яригдлаа. Ирэх долоо хоногт Тавантолгой төслийг хөдөлгөх чиглэлд улс төрийн тодорхой шийдэл гаргах тал дээр хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн. Яг одоогоор хувилбараа эцсийн байдлаар шийдээгүй учраас ажлын хэсэг байгуулаагүй. Ер нь бол Засгийн газар бүх төлөвлөгөөгөө гаргаж, бүлэг дээр танилцуулах ёстой” гэсэн тайлбар хийв. Тэгэхээр Тавантолгойг ашиглах шийдэл хэмээгээд байсан сүржин нэртэй асуудал ч талаар өнгөрч гэж ойлгож болохоор байна.
Энэ нь ч аргагүй. Хэдхэн жилийн өмнө гэрээлсэн ОюуТолгойн төслийг баталгаажуулагсад өнөөдөр торны цаана орчихсон байгаа. Тооцоолсон утгаар нь харвал тэдэнд тохоод байх буруу байхгүй. Ганц буруу нь элдэв улстөржилт, талцлын хажуугаар зоригтой алхам хийж, Оюу Толгойн ордыг ашиглаж эхэлсэн явдал гэж улстөрчид хийгээд олон нийт үзэж байгаа. Улстөржилт ийм байдлаар өрнөж байгаа тохиолдолд Тавантолгойг хөдөлгөчих зориг зүрхтэй хүн олдоход бэрх. Учир нь ийм шийдвэр гаргасан хүнийг ирээдүйд мөрдлөг, байцаалт, төмөр тор хүлээх магадлал өндөр.
Өнөөгийн байдлаар Тавантолгойг гацаанаас гаргах хүлээлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөртөө тээж байгаа бол түлхүүрдэх хүч нь яах аргагүй Ерөнхийлөгч. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн Баасан гарагт Эдийн засгийн форумыг зохион байгуулагчидтай уулзахдаа Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах танхимын бодлогоо бүлгийн хуралдаанаараа хэлэлцүүлэхээ мэдэгдсэн нь энэ төслийг эргээд улс төр, уул уурхайнхны анхаарлын цэг болгов. Ерөнхий сайдын мэдэгдэл нэг талдаа Эдийн засгийн чуулганаар дамжуулан хөрөнгө оруулагчдыг татах зорилготой мессеж байх талтай.
Хүлээлтэд орсон Тавантолгойг хөдөлгөнө гэдэг гадаад зах зээлд сайн мессеж болно. Тэрбээр үүнийгээ батлах мэт форумыг нээж хэлсэн үгэндээ “Олон жил улстөржиж, талцан хуваагдсанаас болж эдийн засаг, нийгмээ савлуулсаар өдий хүрлээ. Итгэл үнэмшил арилж, эргэлзээ тээнэгэлзэл, хүлээлтийн байдалдаа цэг тавих цаг болсон. Бид дотооддоо бодлогоо, эрч хүчээ нэгтгэх цаг болсноор барахгүй бүр оройтчихоод байна” хэмээн онцолсон нь ерөнхийдөө Монголын тодорхой улстөрчдөд хаягласан үг болох нь ойлгомжтой байна. Харин Ерөнхий сайд зориглолоо гэхэд ирээдүйд болох үйл явцад бэлтгэлтэй байхын тулд Ерөнхийлөгчтэй хамжихаас өөр арга байхгүй.
Үгүй гэвэл Тавантолгойн хувь заяаг АТГ-д даатгах хачирхалтай хувилбар үлдэх байх. Юу гэвэл, ОюуТолгойн гэрээнээс болоод дээлээ нөмрөхдөө тулсан эрхмүүдийг буруутгаж байгаа гол шалтгаан нь төслийг баталгаажуулахдаа АТГ-аас асуугаагүй, шалгуулаагүй гэх асуудал. Тиймээс улстөрийн салхи санаанд багтамгүйгээр эргэж, байдал бишидчихгүй л бол удаан жил гацаж, өдгөө засаг барьсан намуудын дундуур халаасыг дүүргэх гол хэрэгсэл болчихсон Тавантолгойн бүлэг ордыг ашиглалтад оруулах боломж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарт л бий. Цаашилбал, АТГ-г өөрийн үзэмжээр бүрдүүлдгийн хувьд Ерөнхийлөгч Х.Баттулга эх оронч шийдвэр гаргаж, энэ шийдвэрийг дэмжих шаардлагатай болно.
Хамгийн гол нь, Тавантолгойтой зэрэгцэн Гашуунсухайт-Тавантолгойн төмөр зам, цахилгаан станц, цаашлаад “Эрдэнэт ТТ”-н 1072 хувьцаа зэрэг асуудал босож ирнэ. Энэ их ажлыг хийж гүйцэтгэх хугацаа МАН-д бараг үлдээгүй. 2020 оны сонгууль магадгүй үүний хувь заяаг шийдэх байх. Тэгэхээр өмнө нь ядахдаа асуудлыг гараанаас гаргахын тулд МАНАН-гийн тохироо явагдах нь гэх хардлага бий. Үүнд Ерөнхий сайд зүрхэлж шийдвэр гаргавал мань эрийн зураг ордны хананд үлдэхээс гадна нэр нь түүхэнд алтан үсгээр бичигдсэн ч болохгүй юмгүй алдаршина. Учир нь ТаванТолгой хэрвээ байраасаа хөдөлчих юм бол нүүрсний хэрэглээг дэлхий дахин халах хүртэл Монголд Оюутолгойгоос дутахгүй их ашиг авчирна. Тиймээс одоо ерөнхий нарын нийцлийг харж, тохироог дуугүй хүлээн зөвшөөрөх л зам бидэнд үлдэж байна.
Р.Саруул
Эх сурвалж: Өглөөний сонин