Ухаан орсон цагаасаа л “Тамхи битгий тат” эрүүл мэндэд хортой гэсэн үгийг сонсож өслөө. Энэ үг, өгүүлбэр ухаант хүний ой тоймд суувал суухаар он цагийг элээж. Хэвлэл мэдээллийнхэн телевиз, радиогоор янжуур тамхины эсрэг сурталчилгааг “Цочирдмоор” баримт нотолгоотой олон нийтэд дэлгэж байсан. Дэлхий даяар хорт зуршлын тухай ухуулан таниулаад 30-аад жилийн нүүрийг үзээд буй.
Үүний ач тусаар хүмүүс тодорхой хэмжээгээр хорт зуршлаас айж эмээдэг болсон. Нэг нэгэндээ шаардлага тавьж тамхи битгий тат гэж зоригтойгоор хэлдэг болов. Залуу нас, гоо үзэсгэлэн, эрүүл мэндийг үгүй хийдэг хэмээн сануулаад байхад жил ирэх тусам тамхичдын тоо эрс нэмэгдэж, залуужих болсон нь сонин.
Тамхины тухай хуульд эх баригчид ч тууштай тэмцсэн. Нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат болон О.Баасанхүү нар УИХ-д өргөн мэдүүлсэн. Далд бизнесийг цэцэглүүлсэн тамхины хяналтын тухай хуулийг дагаж тамхины тоо төрөл нэмэгджээ.
“Зөөлөн”, “Нарийн шүүлтүүр”-тэй гэсэн тодотголтой хор багатай гэх янжуурыг залуус илүү сонгох болж. Урт нарийхан, зөөлөн гэгдэх янжуур тамхи нь эсрэг үр дүнд хүргэдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Зөөлөн болохоор хүн илүү уушгилж ойр ойрхон татдаг тул илүү гүн оруулчихдаг. МУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан М. Болдхүү “Хор багатай болохоор нэг дор хэдийг татсан ч болдог” гэв.
Хорт утаанд хайртай дотны хүнээ алдчихаад хайхрамжгүй зан гарган та татсаар л байна уу. Жил ирэх тусам цаг бусаар хорвоог орхих иргэдийн тоо нэмэгдсээр байгааг сэтгэл сэрдхийлгэм тоо баримтууд нотолно. Жилд тамхинаас болж дулхийд таван сая хүн нас бардаг. Өнөөдрийн байдлаар манай улсад 1730 орчим тамхи худалдаалдаг аж ахуйн нэгж бий.
Монголын хууль гурван хоног гэдэг шиг гар дээрээс ширхэгээр худалдаалахыг хориглодог атал хууль сахихгүй ширхэгийн тамхи зарж борлуулж байна. 8-н нэрийн хүнсний дэлгүүрүүдийн орлогын эх үүсвэрт архи, тамхи ордог. Худалдагчид тамхиа хайрцагаар зарахаас илүү ширхэглэх нь ашигтай учраас нууцаар ийнхүү зардаг. Тэр дундаа “Улаан вест” “Эссэ” ширхэгийн тамхи дотроо “толгой” цохьдог. Иймээс тамхи үйлдвэрлэгч компаниуд сурталчилгаандаа асар их ач холбогдол өгдөг байна.
Анх 1800 онд Америк тивийг нээсэн алдарт аялагч К.Колумб тамхийг нээжээ. Энэ цагаас хойш тамхи олон ч хүний уур бухимдал, стресс, ганцаардлыг тайлах хэрэглүүр болов.
Турк улсад эмэгтэйчүүдийн дунд тамхидалд нэмэгдэх болж. Тамхи татах нь нь эрчүүдтэй адил тэгш эрхтэйгээ харуулах хүсэл эрмэлзэл дээр суурилдаг гэх судалгаа гарсан байна. Станбул хотын ядуусын хорооллын нэгэн эмэгтэй “Тамхи татахаар бүх зүйл сайхан болдог. Стресс тайлагддаг” гэжээ. Ийм байдлаар тамхичид хамгийн тэнэг үхлээр буюу маш удаанаар амиа хорлодог.
“Ганц удаа” хэрэглээд үзчихээд л дахиж хэрэглэхгүй. Энэ үг танд танил сонсогдож байгаа байх. Гэвч нэг л өдөр “Би үүнгүйгээр ганц ч өдөр тэвчиж чадахгүй нь” гэсэн үгээр солигддог. Хүний амь насыг юугаар ч үнэлдэггүй. Энэ үг яг энэ нийгэмд хэдийн “Үнэ цэнэ”-ээ алдчихаж. Бяцхан үрсээ олны дунд дутаахгүй сайн сайхан яваасай гэж бодож явдаг нэгэн эх ийнхүү хуучиллаа. “Ухамсарлаад байгаа хэрнээ цалин мөнгө буухаар хамгийн түрүүнд тамхиа л ахиухан авчихдаг. Татахгүй юмсан гэж бодох тусам цаанаасаа л зөрүүд зан давамгайлж орхидог” гэв.
Нэг ширхэг янжуур татахад 7 секундын дотор тархинд хүрч тайвшируулах мэт мэдрэмж төрүүлдэг. Дараа нь шууд цусанд очиж хүний биеийн бүх мэдрэлийн эсд нөлөөлдөг байна.
Нэг л мэдэхэд бүх насаараа хамааралтай болж хорт зуршлынхаа боол болчихдог. Хайнга зангаасаа болж эрүүл чийрэг биеэ золиослох уу…Энэ таны 100 хувийн ухамсар мэдэх хэрэг. Тамхичдын дийлэнх нь тамхинаас болж хорвоог орхисон хүнийг өдий наслахдаа би л лав олж харсангүй гэж ярьдаг. Тэд тэртээ тэргүй насны эцэс болоод нас барж байна гэдэгт итгэдэг.
Тамхинаас гарах 200 гаруй арга байдаг. Та хэдийг нь туршиж үзсэн бэ. Янжуур л зуухгүй бол цухалдаж, хажуу дахь хань нөхдөө элдэв муугаар хэлж, энд тэндгүй онгичиж, тогтож сууж чадахаа больсон хүмүүсийг ойр дотныхоосоо бишгүй л их харж байлаа. Тамхичин хүн нэг жилд хамгийн багадаа 5000 ширхэг тамхи татдаг. Үнийн хувьд дунджаар ширхэг тамхийг 300 төгрөгөөр бодоход 12 сарын хугацаанд нэг сая 500 мянган төгрөг зарцуулдаг.
Нэг ширхэг янжуур татсаны дараа хэсэг хугацаа өнгөрөхөд улам их хямарч, дараагийн тамхинд гар сарвайдаг. Өдөрт бүтэн хайрцаг тамхи татах нь сэтгэлийн байнгын түгшүүр бий болгодгийг судлаачид тогтоов. Ганц удаагийн соролт таны тархинд долоон секундын дотор хүрдэг. Богинхон хугацаанд таныг тайвшруулж чаддаг ч цусанд орж судасыг нарийсгаж, цусны бөглөрөл үүсгэдэг.
Тамхичдын насны онцлог, амьдралын түвшнээс хамаарч тэдний сонголт өөр өөр. Тухайлбал дундаж үнэ 3000 мянган төгрөгийн тамхи өдөрт нэг хайрцаг татлаа гэхэд 30 хоногийн дараа 90 мянга төгрөг. Бүтэн жилийн хугацаанд нэг сая 80 мянган төгрөгийг зүгээр л “Салхинд” хийсгэчихдэг.
Та хүсвэл чадна
Одоогоос нэг жилийн өмнө би тамхиа хаясан. Өнөөдөр хорт зуршлыг амьдралаасаа ор мөргүй хаяж өөрийгөө ялан дийлсэний нэг жилийн ой тохиож байна. Айлын том нь болохоор багаасаа эцэг эхээ бараадаж мал дээр өссөн. Дөрөвдүгээр ангиасаа тамхитай нөхөрлөсөн.
Тэр үед тамхи одоог бодвол ховор байлаа. Аав маань дүнсэн тамхийг сонинд ороож байгаад л татдаг байсан. Нэг өдөр сонирхож үзмээр санагдаж гэртээ ганцаараа байсан болохоор надад боломж олдов. Далд нуусан аавын тамхийг арай хийж олоод тухтай нь аргагүй сониндоо ороож эхлэсэн. Анх сороход хоолой гашуу оргиж, нулимс цийлэгнэж байсан ч удалгүй таатай мэдрэмж төрөв.
Энэ цагаас хойш гэр бүлээсээ нууцаар тамхи гээчтэй нөхөрлөж эхэлсэн. Өглөө босоод хонио хариулна гэдэг миний хувьд аз жаргал болов. Сайндаа ч биш. Нөгөө “Гайхалаа” сорохын тулд л. Бүүр нэг удаа тамхи олдохгүй болохоор морины хомоол нунтаглаж сонинд ороож байгаад татсан. Энэ бүхний эцэст хожим нь их харамссан. Цаг хугацаа өнгөрөх тусам бие муутай болж эр цэргийн албанд гологдож эрүүл мэндээрээ тэнцэхээ больсон. Гэвч өөртөө тамхиа хаямаар л байна гэсэн үгийг хэлээд нэг л мэдэхэд 22 жилийг болсоныг ойлгосон.
Нэг өглөө радиогоор тамхины тухай сонссон богинхоон өгүүлэмж миний амьдралыг оронгоор нь өөрчилсөн. Тэр өдрөөс цаг цагаар тамхиа багасгаж эхэлсэн. Хэсэг хугацаа өнгөрлөө. Нэг л мэдэхэд тамхины утаа авч чадахаа больсон байсан. Ингээд л найман жилийн дараа эрүүл чийрэг биетэй болж чадсан. Амьдрах сайхаан. Гоё амьдрах бүүр сайхан хүмүүс минь.
Тэдний сонголт хоол биш хор
Гашуун ертөнцөөс та өөрийгөө зориг гаргаж чөлөөлж чадвал хэрэггүй зүйлд их мөнгө зарахгүй болно. Учир нь жил ирэх тусам засгийн газар нэг ширхэг тамхинд ноогдох татварын үнийг өсгөх замаар тамхины үнэ ханш улам нэмэгдэж байгааг та анзаарсан байх.
Жил бүрийн тавдугаар сарын 31-ны өдрийг “Тамхигүй өдөр” болгосон. Энэхүү өдрийг тэмдэглэж байх тухай саналыг анх ДЭМБ-ээс 1988 онд болсон Дэлхийн Эрүүл Мэндийн Ассемблейн XXXXII чуулганаар оруулав. Энэ жил “Тамхи зүрхэнд хортой. Тамхийг биш эрүүл мэндээ сонгоё” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн.
Ганцхан ширхэг янжуурыг уушиглаж дуусмагч хүний нас 7-11 минутаар хорогддог. Манай улсад 2006 онд иргэдийн дунд судалгаа явуулахад нийт хүн амын 27 хувь нь тамхи татдаг гэсэн тоо гарсан бол энэ оны байдлаар 46 хувь болтлоо өссөн нь энэ мансууруулагч эд хэр хурдацтай тархаж буйг харуулж байна. Тамхи татсанаар уушигны хорт хавдар, хоолойны, амны, давсагны хорт хавдар тусдагаас гадна зүрх судасны өвчин, архаг бронхит болон ходоодны шархлаа үүсгэдэг аж.
Хэдэн жилийн өмнө тамхи татаж буй охид бүсгүйчүүд хүнээс ичих булчирхайтай байв. Хүний нүднээс далд татдаг байсан бол өнөөдөр эрээ цээрээ алдсан дунд сургуулийн хэсэг бүлэг охид хөвгүүд хоорондоо дотно яриа өрнүүлсэн шигээ тас тас инээлдэж олны ахаарлыг татан зогсдог болжээ.
Тэд өдөрт 1500-2000 төгрөгийг зөвхөн хоол биш хоронд зориулж байна. МУБИС-ийн магистрантууд өнгөрсөн сард өсвөр насны охидын тамхидалтын талаар судалгаа хийжээ. Дунд сургуулийн 13-18 насны охидын дунд хийсэн эл судалгаагаар тэдний 37.3 хувь нь тамхи татдаг нь тогтоогдсон аж. Өөрөөр хэлбэл, 13-18 насны 10 охин тутмын дөрөв нь янжууртай найзалжээ.
Тамхи хэрэглэх болсон шалтгаанаа охидын дийлэнх нь буюу 74.8 хувь нь гэр бүлийн таагүй байдал, сэтгэл санааны гутрал, найз нөхдийн нөлөө, өөрийн сониуч зантай холбон тайлбарлажээ. Харин үлдсэн нь тамхи татахаар турдаг, нүүрэн дээрх батга алга болдог, гоё харагддаг зэрэг шалтгаан тоочсон байна. “Тамхи эрүүл мэндэд ямар ач холбогдолтой вэ?” гэсэн асуултад охидын 68.6 хувь нь “Ямар ч сайн нөлөөгүй” гэж хариулсан бол 31.4 хувь нь “тураадаг” гэсэн хариулт өгсөн байна.
Харамсалтай нь тэд турдаг биш эцдэг гэдгээ мэддэггүй. Тамхи татаад турж байгаа бол та өөрийгөө өвчлөөд эхэлжээ гэж ойлгох хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа. Тамхины утаанд никотин, угаарын хий зэрэг 4000 гаруй химийн бодис, хорт хавдар үүсгэдэг 43 бодис агуулдаг.
Амьдралын мөн чанар, сайн мууг ялгаж чадахгүй гэнэн томоогүй дөнгөж л цэцэглэж байгаа ирээдүйд “Ээж” болох зүс гоо охид минь өөрийгөө биш юм аа гэхэд хэзээ нэг өдөр мэндлэх үрийнхээ төлөө тамхинд “Үгүй” гэж зоригтой хэлээч.
Хөгжил ба хүн төрөлхтний сүйрэл
Тамхийг мэрэгч амьтныг устгахад хэрэглэдэг бодисууд агуулагддаг. Ядуу, дунд орлоготой улс орны эмэгтэйчүүдийн дунд тамхины хэрэглээ ихэссэн судалгаа гарчээ. Түүнчлэн бага наснаасаа эхэлж сонгосон байдаг.
Дэлхийд өдөр бүр 80 мянгаас 100 мянга залуу тамхичин шинээр нэмэгддэг. 2009 онд хийгдсэн судалгаанаас үзэхэд Монгол улсад 2006 оноос 2008 оны хооронд цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх тасагт саатуулагдсан насанд хүрээгүй хүмүүсийн тоо бараг 70 хувиар өсчээ. Мөн 2009 онд нийслэлийн 556 сургуулийн 6-11 ангийн хүүхдүүдийн дунд хийгдсэн судалгаанаас үзэхэд судалгаанд хамрагдсан охидын ихэнх хувь нь “тамхи татдаг хөвгүүд дэгжин харагддаг, мөн тамхи татах нь хөвгүүдийн хувьд энгийн зүйл” гэсэн хариулт өгсөн ба охид хөвгүүдийн аль аль нь тамхи татах нь тайвшруулах үйлчилгээтэй гэсэн буруу ойлголттой байна.
Уушгины хорт хавдраар улсын хэмжээнд 16 мянга гаруй хүн амьдарч байна. Эрэгтэй нь 5900, эмэгтэй нь 10000 гаруй байна. Ихэнх нь тамхинаас үүдэлтэй хорт хавдраар өвчилсөнийг эмч мэргэжилтнүүд онцоллоо. Тамхинаас татгалзах нэг арга бол тамхины онцгой албан татварыг тэнгэрт тултал нь өсгөж нэмэгдүүлэх. Одоо байгаа үнээс нэг дахин нэмэгдүүлбэл, хязгааргүй хэрэглээ багасна. Гэвч манай улсад тамхинд ногдуулж байгаа татвар бага.
Худалдааныхан онцгой албан татвар нэмэгдэнэ гэсэн сургаар нийлүүлэгч компаниасаа тамхи их хэмжээгээр авч нөөцөлжээ. Өнөөдрийн байдлаар тамхины үнэ 350-500 төгрөгөөр нэмэгджээ. Хорт утаанаас салаад сар болоход л таны дотоод эрхтэн системүүд эргээд хэвийн ажиллаж, улмаар уушиг дотор агуулагдаж байсан бүхий л хортой утаа тортгууд цэвэршиж, сэтгэл санаа сэргэн, амтлах мэдрэмжүүд сэргэж эхэлдэг. Түүнчлэн 5-10 жилийн дараагаас таны бие организм бүрэн эрүүлжин, хэвийн түвшиндээ очиж улмаар цус харвах магадлал багасдаг.