Н.Мөнхбат анх ‘LEAD Mongolia’ хөтөлбөрт байгаль орчны салбарын залуу төлөөллийн хувиар тэнцэн оролцсон боловч хөтөлбөрийг дүүргэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн активист болчихсон байв. Уг нь их сургуульд элсэхдээ Н.Мөнхбат маань Монгол Улсад тулгамдаад буй ойн салбарын асуудлуудтай тэмцэх зорилгыг өвөртөлжээ. Монгол орны уудам нутгийн ердөө 11 хувь нь ойгоор бүрхэгдсэн нь хөрс, усны аюулгүй байдлаас авахуулаад байгаль орчин, эдийн засаг, бүр цаашлаад ажил эрхлэлтэд ч нөлөөлөхөөр ноцтой асуудал болоод байгаа билээ.

Унаган нутаг Сэлэнгэ аймагт нь Монгол Улсдаа хамгийн том нь гэгдэх Тужийн нарсан шугуй найган байсан цаг саяхан ч хулгайн мод бэлтгэлийн харгайгаар нүдэн дээр нь устан үгүй болж байгааг харсан Н.Мөнхбат ойн инженер мэргэжлийг эзэмшихээр сэтгэл шулуудсан нь тэр. “Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт ажиллах ч урамтай, сайхан байсан даа” хэмээн Н.Мөнхбат дурсана. Ажлынхаа хүрээнд тоймгүй олон мод тарьж, байгаль орчинд ээлтэй чамгүй их санаачилгыг ажил хэрэг болгосондоо тэр биз ээ.

‘LEAD Mongolia’ хөтөлбөрт тэнцэн ороод байгаль орчны асуудлаар бусад оролцогчийн хамт ажиллах бодолтой байсан тэрбээр ажил мэргэжлийн хувьд санамсаргүй гэмээр огцом эргэлт хийж орхив. Одоо Н.Мөнхбат Сэлэнгэ аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг эрхзүйн болоод институцийн түвшний саад бэрхшээлийг судалж байна.

5-р сарын 23-нд олны хүртээл болох “Өөрчлөлтийг хамтдаа” баримтат нэвтрүүлгийн долоон дүрийн нэг гэдгээрээ Н.Мөнхбат мөдхөн та бүхний эчнээ танил болох болов уу. Уг бүтээлд амьдарч буй нийгэм, орчноо илүү тэгш оролцоотой, хүртээмжтэй болгохоор санаа нэгдэн шамдаж буй LEAD Mongolia хөтөлбөрийн  оролцогч 7 залуугийн түүхийг өгүүлэх аж.

Энэ дашрамд хэлэхэд түрүүнээс хойш дурдагдаад буй LEAD Mongolia хөтөлбөр гэдэг нь нийгэмд хийсэн ажил санаачилгаараа тэргүүлж, бусдын амьдралд нэмэр түлхэц болж яваа залуусын хувь хүний хөгжил, манлайлах чадварыг нь дотоод, гадаадын сургалтаар олгох зорилготой АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр World Learning олон улсын төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй хөтөлбөр юм. Удирдан манлайлах хүний заавал анхаарах, суралцах нэг зүйл нь нийгмийн тэгш оролцоог бодолцох явдал гэгддэг тул сургалтын хөтөлбөрийн нэгэн хэсэг болон хөндөгдсөн уг сэдэв Н.Мөнхбатын сэтгэлд ихэд нийцжээ.

Н.Мөнхбат LEAD Mongolia хөтөлбөрт хамрагдсаныхаа дараа бусад оролцогчтой хамтран 2017 оны Олон Улсын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Өдөрт зориулан “LEAD TALKS” өдөрлөгийг зохион байгуулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй ч хэцүү бэрхийг даван туулж чадсан илтгэгчид энэ арга хэмжээнд оролцон өөрсдийн түүх, туршлагаа хуваалцан, бусдыгаа зоригжуулж, Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн ямар ч харилцаанд оролцон, ажил ч эрхэлж чадахыг дуу нэгтэйгээр баталцгаасан аж.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна ажил олгогчидгээд нийт 350 хүнийг цуглуулж чадсан уг арга хэмжээ өндөрлөснийхөө дараа ч гэсэн үндэсний болоод орон нутгийн телевизийн сувгуудаар цацагдан мянга мянган хүний сонорт хүрчээ.

Энэ бүх үзэж, туулсан нь Мөнхбатад хүчтэй нөлөөлсөн байна. “Манай баг их өвөрмөц бүрэлдэхүүнтэй байлаа. Гурван хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй оролцогч байсан. Нийгэмдээ яаж эерэг өөрчлөлт авчрах вэ гээд ярилцаад сууж байх зуур л энэ арга хэмжээний санаа ороод ирсэн дээ” гэж тэр хэлж байв.

Гэхдээ энэ баг уг асуудлаар ганц удаагийн оч бадраагаад дуусгахыг бодсонгүй. Яавал ажил олгогчдын ухамсарт хүртэл нөлөөлөхүйц үр дүн үзүүлэх вэ гэдгийг бодоцгоожээ.

Монгол Улсад ажилгүйдлийн түвшин 12 хувьд хүрсэн нь 2016 онд бидэнд тулгарсан хамгийн том саадын нэг байлаа. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70% нь ажил эрхэлдэггүй. Хэдийгээр аливаа байгууллага 25 ажилтан тутмын нэгд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах хуулийн заалттай ч ихэнх ажил олгогчид уг заалтыг мөрдөхгүй, мөнгөн торгууль төлөхийг илүүд үзнэ.

LEAD TALKS хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсныхаа дараа Н.Мөнхбат анхаарлаа төрсөн нутагтаа хандуулах болов. Тэрбээр одоо Сэлэнгэ аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уулзалт, хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Сэлэнгэ аймагт уг асуудлаар судалгаа хийж үзээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх болоод тэдний хэрэгцээ шаардлагын талаар олон нийт ямар бага мэдлэгтэй байдгийг олж мэджээ.

“Төрийн албан хаагчид хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бэлэн халамж аваад сууж байдаг бүлэг төдийд үзэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ сонсох, тэдэнд туслах сэтгэл алга.” гэж Н.Мөнхбат бидэнд хэлсэн юм.

Тиймээс Н.Мөнхбат одоо орон нутгийн удирдлагыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар өөр үзэл бодлыг нь тэлэх, бодлоготой болгох гэсэн шинэ зорилго өөртөө тавьжээ.

Нэг ч хүн анхаарч сонсохгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд ер нь яаж наад захын халамж үйлчилгээг хүртэх билээ? LEAD TALKS арга хэмжээг Сэлэнгэ аймагт зохион байгуулбал хөгжлийн бэрхшээлтэй иргэд урамшиж, асуудлыг арай томоор харж чадна гэж тэр найдаж байна. Тэгэх ч цаг нь болсон гэнэ.

“Нийгэм бүх бүлгийнхээ дуу хоолойг сонсож чадалгүй зарим нь орхигдоод байвал нийгэм сайн сайхан байж чадахгүй. Бүх хүний дуу хоолойг сонсдог бол тэрийг л тэгш хамруулах гэж ойлгож байгаа.” гэж Н.Мөнхбатын хэлснийг онцолъё.

Хэдийгээр Н.Мөнхбат өнөөдөр өөрийгөө байгаль орчны активист гэж үздэг хэвээрээ ч амьдралд нь гарсан эдгээр өөрчлөлтүүдэд талархах аж. Унаган нутаг Сэлэнгэ аймагтаа тэгш оролцоог нэвтрүүлж, өөрийн нөлөөлж чадах салбар бүхэндээ оролцоог ханган ажиллахаар тэрээр зориг шулууджээ. Н.Мөнхбатын дэлгэрэнгүй түүхийг 2018 оны тавдугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийх “Өөрчлөлтийг хамтдаа” баримтат нэвтрүүлгээс үзээрэй. Нэвтрүүлэг LEAD Mongolia хөтөлбөрийн Facebook болон Youtube хуудсанд тавигдах болно.

Тус бүтээлд “World Learning”-ийн санаачилсан “Transforming Agency Access Power – TAAP” буюу нийгэмд хүний эрх мэдэл, хүртээмж, оролцоог тэлэх аргачлалыг LEAD Mongolia хөтөлбөр үйл ажиллагаандаа хэрхэн тусгаж ажиллаж буйг тус хөтөлбөрийн долоон оролцогчийн түүхээр дамжуулж харуулсан юм. TAAP аргачлал нь эрх мэдлээс тусгаарлагдсан, гадуурхагдсан хүмүүсийг төслийн бүхий л үе шатанд тэгш хамруулж, хүн бүрийн дуу хоолой, ур чадвар, туршлагыг харгалзан үзэхийг чухалчилдаг.

LEAD Mongolia хөтөлбөр нь World Learning ТББ-ын TAAP аргачлалыг нэвтрүүлсэн анхны хөтөлбөр бөгөөд тэгш хүртээмжтэй оролцоог хангасан төсөл хэрэгжүүлэх ур чадварыг оролцогчдодоо эзэмшүүлэхэд онцгойлон анхаардаг. Энэхүү бүтээлд LEAD Mongolia хөтөлбөрийн 7 оролцогч хөтөлбөрт хамрагдсан туршлага хийгээд нийгэмд тэгш хамруулах талаарх үзэл бодлоо хуваалцсан байна. TAAP аргачлал хэрхэн хөрсөнд бууж, биеллээ олсныг, Монголд тэгш хүртээмжтэй, оролцоот нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулж яваа залуусын түүхийг та үзээрэй.

 

Эх сурвалж:LEAD MONGOLIA

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн