“Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтийн тэмцээний нээлт Төв талбайд боллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын хорооноос хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар марафон 2018” гүйлтэд 30 мянга гаруй иргэн оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Уг марафонд хамгийн их гүйгчдийг хамруулсан 5000 метрийн 18-35 нас, 36-54 нас, 55-аас дээш насны гүйгчид яг одоо гараанаас гарч байна. “Улаанбаатар марафон 2018”-олон улсын гүйлтийн тэмцээнээс 5000 метр, 10 км, 21 км, 41 км-ийн зайд 1-10 дугаар байрт шалгарсан 60 тамирчныг шагнаж урамшуулах юм.
Гүйлтийн тэмцээнд Кени улсаас марафон гүйлтийн дээд амжилт тогтоосон Тум Давид Киплагат, Челенг`а Роберт Кипротич, Жемутай Мерси нарын тамирчид оролцож байна. Мөн үеэр иргэдийг уралдаанд гарахын өмнө болон барианд орсны дараа эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, заавар зөвлөгөөг мэргэжилтнүүд өгч байна. ‘Улаанбаатар марафон 2018’ олон улсын гүйлтийг МОНРТ, TV-5, UBS, MNC телевиз шууд дамжуулан хүргэж байна.