АНУ-ын Сенатын танхимын гишүүд Жина Хаспелыг Тагнуулын төв газрын /ТТГ/ захирлаар томилохыг дэмжсэн тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.
Өчигдөр явуулсан санал хураалтаар Сенатын танхимын гишүүдийн 54 нь түүнийг ТТГ-ын захирлаар томилохыг дэмжсэн бол 45 нь эсэргүүцжээ. Ингэснээр Ж.Хаспел нь олонхийн саналаар тус газрыг удирдахаар болсон байна. Тус газрын захирлаар эмэгтэй хүн анх удаагаа томилогдож байгаа нь энэ юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ТТГ-ын захирлын албан тушаалд Ж.Хаспелыг нэр дэвшүүлсэн.
Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан түүнд баяр хүргэсэн байна. Ж.Хаспел нь ТТГ-т 30 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн бөгөөд ТТГ-ын дэд захирлаас тушаал ахиж байна. ТТГ-ын захирлаар ажиллаж байсан Майк Помпео саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болов.