Өвөө минь тэгэхэд 33 настай байсан гэдэг. 6 дахь хүүхдээ хүлээж авсан жилийнхээ өвөл бага охин нь уушигны хатгаа болж эмнэлэгт өөрөө сахин хэвтэж байхдаа дөнгөж задлаад талдаа ч ороогүй “Беломорканал”-аа эмнэлгийн цонхоор чулуудчихсан гэдэг. Олон хүүхэдтэй залуухан эцэг, ам бүл нэмэгдээд байдаг, 2-3 жилийн зайтай төрсөн гэргий нь улсын ажил хийх боломжгүй, өөрөө л гэр бүлээ тэжээх ёстой.
“Идэх ам нэмэгдээд байхад эцэг нь тамхи татаад байж болохгүй” гэж тэр үед өөртөө хатуу хэлээд шийдсэн гэдэг. Эмнэлгийн цонхоор тамхиа гаргаж шидсэн шигээ өөрийнхөө амьдралаас тамхийг бүрмөсөн хаяж чадсан юм. Худалдаа бэлтгэлийн трестийн нягтлан бодогчоор ажилладаг байсан өвөө минь хүүхдүүдээ хооллож, хувцаслах мөнгөнөөс тамхи авах нэрийдлээр хэчнээн ч удаа хулгайлснаа хэдийн тооцож сампиндчихсан байсан хэрэг.
Энэ тухайгаа өвөө хожим манай нагац ах, эгч нарт бүр нэг бахархал дүүрэн ярих дуртай байж билээ. Өвөө, эмээ хоёр минь 13 хүүхэд төрүүлсэн, бүгдийг эрүүл саруул, элэг бүтэн өсгөсөн, эрдэм оюунаар дутаалгүй хүмүүжүүлсэн. Одоо хүүхдүүдээс нь, ач зээ нараас нь тамхи татдаг хүн байхгүй. Үүнд миний өвөөгийн тамхиа хаясан түүх нөлөөлсөн байх. Монгол Улс 2012 онд Тамхины хяналтын тухай хуулийг батлан хэрэгжүүлж байгаа нь нэн үр дүнтэй арга хэмжээ болсныг миний бие иргэний хувьд, сэтгүүлчийн хувьд, эх хүний хувьд ямагт талархан сайшааж явдаг.
Энэ хуулийн үр дүнд олон нийтийн үйлчилгээний газрууд эх замбараагүй суунагладаг байсан цэнхэр утаа, гашуун үнэрээс салж чадсан билээ. Дараагийн ахиц дэвшил болгож тамхинд онцгой албан татвар ногдуулахыг цаг үе та биднээс шаардаж байна. Тамхидалтыг хүний эрхийн ойлголтоос ангид авч үзэх ёстой гэж би хувьдаа боддог. Яагаад гэвэл халдварт бус өвчний анхдагч эх үүсвэрийн нэг нь тамхи болсон. Тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг манай улсын хүн амын өвчлөл ба нас баралтын үндсэн шалтгаан болоод байна.
Та бод доо, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хавдрын улмаас нас барж байна. Энэ бүхэн тамхинаас улбаатай. Тамхинаас үүдэлтэй өвчнөөр дэлхийд жил бүр 5.4 сая хүн нас барж байна. Аравхан жилийн дараа гэхэд энэ тоо 10 сая хүрэх төлөвтэй байгааг бид зайлшгүй бодолцох ёстой. Өөр нэг асуудал байгаа нь эцэг, эхчүүд бид үр хүүхдээ энэ гайт утаан тахлаас хамгаалах ёстой. Энэ бол бидний үүрэг хариуцлага. Манай улсын 15-16 насны буюу өсвөр үеийн хүүхдүүдийн 27 хувь нь тамхи татдаг гэсэн судалгааны дүн сэтгэл хирдхийлгэж байна. Өөрийнх нь эрүүл мэндийн төлөө эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хэчнээн ухуулга сурталчилгаа хийвч тамхичид ойлгохгүй байна.
Тэд “Манай 70 настай өвөө насаараа тамхи татсан. Хааяа нэг ханиалгахаас өөр өвчингүй” гэж худал цуурдаг, буруу үйлдлээ зөвтгөдөг, өөрсдийгөө тайтгаруулах гэж хичээдэг. Гэтэл энэ нь худлаа гэдгийг анагаахын шинжлэх ухаан баталсан ч тэд хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцсээр байгаа. Тэд өөрсдөө хордоод зогсохгүй орчин тойрондоо байгаа хүмүүсийг ч хордуулж байгаагаа ухамсарлахгүй байна. Тамхины хорыг тогтоох зорилгоор нэгэн судалгаа хийжээ. Тамхи огт татдаггүй хүнийг тамхины утаатай өрөөнд нэг цаг байлгахад тэр хүн 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор амьсгалсан байна.
Ийм учраас тамхичдын ухамсарт найдан хүлээж, хүний эрхийн асуудал мэтээр хүндэтгэн үзэх шаардлагагүй юм. Үүний тулд тамхины албан татварыг эрс нэмэгдүүлж, татварын хатуу бодлого баримтлах нь зөв. Тамхины татварыг нэмэх замаар тамхины өртөг, хүмүүсийн худалдан авах боломжийг бууруулах нь тамхины хэрэглээг хязгаарлах хамгийн үр нөлөөтэй арга гэдгийг олон улсын мэргэжилтнүүд хэлж зөвлөсөөр байна. Дэлхийн улс орнуудын бэлээхэн туршлага ч байна.
Чили, АНУ, Филиппин, Колумб, Украин, Молдав, Армен зэрэг улс орнуудад тамхины татварын эрс шийдэмгий бодлого, хөтөлбөр хэрэгжүүлээд эхнээсээ үр дүнд хүрээд байгааг мэдээллийн агентлагууд онцлон тэмдэглэсээр байна. Ялангуяа Филиппин улс тамхины татварын хэмжээг инфляцтай уялдуулан нэмжээ. Хайрцаг тамхины үнийг 10 хувиар нэмэгдүүлэхэд хэрэглээ нь өндөр хөгжилтэй орнуудад 4 хувиар, хөгжиж буй орнуудад 8 хувиар буурсан байна. Манай улсын хувьд тамхины татварыг одоо байгаагаас нь 1.5 дахин нэмэх ёстой. Ингэсэн цагт тамхины хэрэглээ буурна. Ингэж эдийн засгийн аргаар тамхитай тэмцэх шаардлагатай.
Эрүүл мэндэд чиглэсэн сурталчилгаа хийхийн зэрэгцээ эдийн засгийн арга, хөшүүргийг төр, засаг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Үүнийг би иргэний хувиар шаардаж байна. Нөгөө талаар тамхины татварыг нэмснээр төсвийн орлого 20 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Тамхины татварыг нэмэгдүүлснээр тамхидалт багасах төдийгүй, хамгийн чухал нь үнэд мэдрэг байдаг хүүхэд, залуусын тамхидалт буурах эерэг нөлөөтэй юм гэж хуулийн төсөл санаачлагчид ярьж байна.
Хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийн эрүүл мэндийн эрхийг хамгаалах зорилготой Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэр бүхий 12 гишүүн хамтран санаачлаад байгаа боловч энэ төслийг дэмжихгүй гэсэн байр суурьтай гишүүд цөөнгүй байгаа юм билээ. Тэднийг тамхи үйлдвэрлэгч компаниуд, бэлтгэн нийлүүлэгчдийн нөлөөнд орсон гэж шууд хардах үндэстэй санагдана.
Тамхины татварыг нэмэх асуудлаар УИХ яаралтай шийдвэр гаргах цаг болсон. Тамхи үйлдвэрлэгч компаниуд улс үндэстэн дамнасан ашиг орлогын сүлжээгээрээ дамжуулан хууль тогтоох бодлогод нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Лобби явж байгааг ч зарим эх сурвалж мэдээлж байна. Тамхи гэж яг юу юм бэ? Татах буюу үнэрлэж хэрэглэхэд зориулсан, никотин агуулсан сэтгэц идэвхит бодисыг тамхи гэнэ. Өөр нэг тодорхойлолт бий. Сэтгэцэд сэргээж, мансууруулах нөлөө үзүүлэн, улмаар донтуулах чадвар бүхий никотин хэмээх бодис агуулсан ургамлын гаралтай хэрэглээний бүтээгдэхүүнийг тамхи гэнэ.
Тодорхойлолтоосоо авахуулаад л ойлгомжтой, тодорхой байгаа биз дээ? Тамхинд 4000 гаруй төрлийн химийн нэгдэл байдгийн дотор хүнийг маш хүчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар үүсгэдэг 43 төрлийн хорт бодис агуулагддаг байна. Эрдэмтэд бүр 1920-иод оноос тамхи таталт хорт хавдартай холбоотой байна гэдгийг олж тогтоосон аж. Тамхинд донтох нь олон улсын 10 дугаар ангилалд багтсан биеэ даасан өвчин төдийгүй энэ өвчин нь бусад олон өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог байна.
Энэ бүхэн танд гэмгүй уншигдаж байна уу? Тамхины үйлдвэрлэлийн жилийн ашиг нь тамхины хяналтад зарцуулж байгаа санхүүжилттэй харьцуулахад 500 дахин их байна. Хөгжиж буй орнуудад тамхины үйлдвэрлэлээс улсад төлж байгаа жилийн татварын хэмжээ 66.5 сая тэрбум ам.долларт хүрч байхад хөгжиж буй орнуудад тамхины хяналтын үйл ажиллагаанд жилд зөвхөн 14 сая ам.доллар зарцуулагдаж байгаа нь ашгийн 5000 ам.доллар тутамд 1 ам.доллар л тамхины хяналтад зарцуулагдаж байна гэсэн үг. Нөгөө “хуваарилалт нь шог” гэдэг шиг байгаа биз дээ. 1960-аад онд амьдралын нөхцөл шаардлагын улмаас миний өвөө тамхийг тийнхүү хаясан жишээ орчин цагт тийм ч сонин биш байж болох юм.
Учир нь өнөөдөр бид сонголтоор дүүрэн нийгэмд амьдарч байна. Та тамхи татаж болно, татахгүй байсан ч болно. Таны ухамсар, Таны л эрүүл мэндтэй холбоотой асуудал гэж нэг талаас хэлж болно. Гэвч азнаарай, тамхины хорт нөлөө зөвхөн Танд үйлчлээд зогсохгүй, эргэн тойрондоо хөнөөлтэй гэдгийг үргэлж сана. Тийм л учраас албадлагын гэмээр арга хэмжээг төр, засгаас бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатай болоод байна.
Өвөө минь “Би нэг янжуур татсанаас үр хүүхдүүд минь нэг талх идэж байг” гэж шийдсэнтэй ижил өнөө үеийн хүмүүс тэгж сэтгээсэй. Үүнийг төр, засаг маань бодлогоор дэмжиж хэрэгжүүлээсэй. Манай улс тамхинд татварын хатуу бодлого тогтоож баримтлах шаардлагатай. Үүний төлөө сэтгүүлч миний бие дуу хоолойгоо өргөж, үзэг цаасаа нийлүүлсээр байх болно.
Сэтгүүлч Б.БАТЧИМЭГ
3 comments
saihan jishee bna
Нийгэм нь цэвэр бол иргэд нь цэвэрхэн байдаг юм даа, энэ нийгэм ч дээ хэцүү хэцүү тамхи татахаас аргагүй
Харах өнцгөөс л хамаарна л даа, би тамхиа хаяад 2 сар болж байна.