Италийн зураач Амедео Модильянигийн зурсан хамгийн том хэмжээтэй уран зураг өчигдөр Нью Йоркийн дуудлага худалдаан дээр $157 саяар зарагдлаа. Ингэснээр уг бүтээл дуудлага худалдааны түүхэнд дөрөв дэх хамгийн үнэтэй зарагдсан уран зураг болж байгаа юм.

Nu couché (sur le coté gauche) нэртэй уг бүтээлийг Модильяни 100 жилийн өмнө зурж байв. Түүний 2015 онд зарагдсан өөр нэг бүтээл $170.4 сая хүрч, Хятадын цуглуулагчийн гарт шилжсэн юм. Эдгээр бүтээлүүдээс өндөр үнэ хүрсэн нь зөвхөн Леонардо Да Винчи, Пикассогийн хоёр зураг байдаг.

Да Винчигийн Salvator Mundi нэртэй Есүсийн хөрөг өнгөрсөн онд $450 саяар зарагдсан бол Пикассогийн Les femmes d’Alger бүтээл 2015 онд $179.3 саяар зарагдсан юм. Өчигдөр зарагдсан 1.47 метр өргөн Модильянигийн зураг Лондон хотын Tate Modern галлерейг чимэглэдэг. Амедео Модильяни нүцгэн биеийг дүрслэх аргыг орчин үед дахин шинээр бий болгосон уран бүтээлч гэгддэг юм.

Түүний анхны үзэсгэлэн 1917 онд нээгдэхэд олныг цочоон алмайруулж, Парисын цагдаа нийтэд үзүүлэхийг нь хориглож байв. Модильяни 1916-1919 онд нийт 22 хэвтээ нүцгэн хөрөг, 13 суугаа нүцгэн хөрөг зурж үлдээжээ.

Эх сурвалж: AFP

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн