Өнөөдөр Дэлхийн гэр бүлийн өдөр. Гэр бүл нийгмийн хамгийн бага нэгж хэдий ч асар их үүрэг хариуцлага үүрч улс эх орны үндэс суурь нь болж өгдөг онцлогтой. Тийм учраас энэхүү хэлхээг бат бөх байлгах үүднээс НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн таван cap болгоны энэ өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг. Манай улсын хувьд 13 дахь жилдээ энэ өдрийг тэмдэглэж байна.
Гэр бүлийн өдрийг хосууд тэмдэглэж өнгөрүүлэхээс илүү гэр бүлийн харилцаа руугаа өнгийн харах нь чухал юм. Өнөөгийн нийгэмд ханилан суух, гэр бүл салалт нь “тоглоом” шиг болсон энэ үед хамгийн том хохирогч нь хүүхэд болсоор байгаа юм. Тэгвэл бат бөх харилцаатай, удаан жаргалтай, гэр бүлийн үндэс суурь нь хайр сэтгэл, итгэлцэл, дотно харилцаа гэдгийг Гэр бүл судлаач, Шинжлэх ухааны доктор, профессор Т.Намжил хэлж байв. Ингээд түүний зөвлөгөөнөөс та нэгийг бодож хоёрыг тунгаана гэдэгт итгээд гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье.
- Ихэнх гэр бүлийн зөрчилдөөний шалтгаан нь юу хүсэж байгааг нь төдийлөн асуудаггүй алдаа гаргадаг. Энэ үед харилцаагааа яаж авч үлдэх үү гэдэг нь хамгийн чухал. Зөрчилдөөний эх үүсвэрийг гаднаас хайх бус надтай л холбоотой гэдгийг өөртөө зоригтой авч сур. Манай хүүхнүүд үүнийг зөвшөөрдөггүй. Манай нөхөрт л буруу бий гэдэг. Энэ бол алдаа.
- Чамгүйгээр би амьдарч чадахгүй гэж хэлсээр байгаад л эхнэр, нөхөр болчихдог. Гэтэл гэр бүл тогтворжиход тодорхой үе шат бий. Эхний гурван жил бие биеэ таньж мэдэх хугацаа. Үүний дараагийн 3-5 жилд тогтвортой гэр бүл болох суурь нь тавигддаг.
- Зөрчилдөөний гол үүсгэгч надаас болж байгаа гэдэгт хосууд дор бүрнээ хатуу ойлго. Асуудалтай битгий тэмц, битгий тэмцэлд. Үүний оронд тэвч. Тэвчиж чадахгүй гэж бодож байгаа бол асуудлын үүсвэр нь чамд байна гэсэн үг.
- Монгол эрчүүдийн эхнэртээ үзүүлэх халамж нь үйл ажиллагаагаар илэрдэг. Ингэхдээ халамж гэдгийг эд материалтай холбож ойлгодог. Гэтэл халамж гэдгийн цаана хайрлах харилцааны үндэс нь холбогддог.
- Нэгэнт гэр бүл болсон бол сексийн харилцаанд илэн далангүй ярилцах хэрэгтэй. Сексийн ханамж авахгүй байгаа тохиолдолд энэ нь сэтгэлзүйгээр шууд илэрдэг. Урд орой нь сайхан ааштай байснаа маргааш өглөө нь хаврын тэнгэр шиг болсон нь дээрх харилцаанд сэтгэл ханаагүйн шинж. Үүний цаана халамж нуугдаж байдаг.
- Халамжаар дутсан хүн үг хаях, үг мушгих, уурлах, тайван бус байх, дуугаа хураах, гомдоллох, хардах сэтгэл төрөх, өөртөө итгэх итгэл сулрах зэрэг шинжээр илэрдэг. Тиймээс хэлж байгаа үгээ бодож, аль болох эерэг зөөлөн сайхан үг нэгэндээ хэлснээр энэ асуудал үүсдэггүй.
- Монгол эмэгтэйчүүд 22-23 насандаа, эрчүүд нь 24-27 насандаа гэр бүл болоход ихэд тохиромжтой нас. Яагаад гэвэл 25 нас хүрэхэд тухайн хүн бүх талаараа дээд зэргийн чанартай болдог. Үрийн чанар, сэтгэлзүй, бие бялдрын хувьд бүрэн гүйцэт хөгжсөн гэсэн үг. Эрдэмтийн хэлж байгаагаар, 25 наснаас хойш үр боловсруулах чанар нь буурдаг гэж үздэг. Эмэгтэй хүн өөрөөсөө 3-4 нас ах хүнтэй гэрлэвэл сайн.
- Манайхан үе дотроо гэж ярьдаг нь учиртай. Сүүлийн үед гэрлэлтэд ашиг сонирхол давамгайлдаг болчихсон байна. Жишээ нь 25 настай бүсгүй өөрөөс 10 насаар ах хүнтэй гэрлэлээ гэхэд залуу, бүсгүй хоёрын сонирхол болоод, алхаа гишгээ, идэж уух, үзэж харах сонирхол нь огт өөр. Тэгтэл 30 нас гарсан эр хүний хувьд амьдралд хэдийнээ хашир суусан, бүх зүйлд туршлагатай болчихсон байдаг. Ингэснээр “дүү” эмэгтэйгээ өөрийн дураар байлгахыг илүүд үздэг. Харилцан бие биеэ нөхөх бус нөгөө талд харилцаа шилжчихдэг гэсэн үг.
- Эрчүүд эхнэр болж байгаа хүнийхээ сэтгэлийг нь шинжих хэрэгтэй.
1 comment
ХЭТ ЭМЭГТЭЙН ТАЛААС ТАЙЛБАРЛАСАН БАЙНА.