Их сургуулийн биологийн ангийн нэг оюутан багшдаа хүндхэн асуулт тавьж, шалгалт авчээ. Тэрбээр “Манай “Улаан ном”-д зарим зүйл амьтан, ургамлыг судлаагүй, нөөцийг нь тогтоогоогүй гэж бичсэн атлаа яагаад ховор, нэн ховор гээд үнэлчихсэн юм бэ” хэмээн асуусан байна. Мэргэжлийн судлаач, эрдэмтэд л олж харах, ийм нарийн зүй тогтлыг гярхай гэгч ажигласан шавь нь ийм зүйл асуусанд багш олзуурхсан ч юу гэж хариулахаа мэдэхгүй, баахан эргэлзсэн гэдэг.
Хожим тэрбээр “Оюутнууд хүртэл надаас ингэж асууж байна. Би юу гэж хариулах юм бэ. Мэдэхгүй гэлтэй биш. Бусдын хөдөлмөрийг үгүйсгэж, “Наадах чинь алдаатай, буруу үнэлгээ” гэж хэлэх үү” хэмээн халаглаад, Монголын “Улаан ном”-ыг хэзээнээсээ “маапаан”-тай гэсэн юм. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан сэтгүүлчдэд зориулсан экологийн сургалт зохион байгуулах үеэр ч нэг бус судлаач дээрх багшийн үгийг бататгаж, манай улсын “Улаан ном”-ын сул тал, алдаа дутагдлыг дурдсан юм.
Өвгөн багшийн ярианаас үүдэн Монголынхоо “Улаан ном”-ыг өмнөхөөс шал ондоо өнцгөөс харж, үнэлгээнүүдийг нь шинжлээ. Ажигч оюутны хэлсэн шиг зөрчилтэй, учир зүйн алдаатай дүгнэлт амьтан, ургамлын бүлэгт аль алинд нь өчнөөн байв. Тухайлбал, тус номын 132 дугаар хуудаст одой галууг онцолжээ. Статуст нь “Ховор зүйл. Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны шалгуураар эмзэг зүйлд хамаарна” хэмээн бичсэн хэрнээ тоо толгой хомсдох шалтгаан гэсэн хэсэгт “Тоо толгой нь тодорхойгүй” гэжээ.
Мөн байгалийн нугасны статусыг ховор хэмээн үнэлсэн атлаа “Тоо толгой, нөөцийг нь судлаагүй. Өвөлждөг нутагтаа 300 мянга ба түүнээс олноор нутагладаг” гэж тодорхойлжээ. Ийм “но”-той, нууцлаг амьтан Азийн цууцил, цагаантолгойт ямаан сүүлтээс эхлээд өчнөөн байна. Ургамлын тухайд ч ялгаагүй. Их бушилз, дагуур шинэс гээд дурдаад байвал мундахгүй аж.
Энэ бол манай “Улаан ном”-ын хамгийн том дутагдал гэдгийг байгаль орчны салбарынхан, тэр дундаа мэргэжлийн судлаачид нь хүлээн зөвшөөрдөг. Яаж ч бодсон, гүйцэд судлаагүй, тоо толгойг нь тогтоогоогүй зүйлийг ховор, нэн ховор гэж үнэлж, дүгнэж боломгүй, уг нь. Байгаль хамгаалах олон улсын холбоо устаж, ховордож буй ургамал, амьтны зүйлийг бүртгэх комиссыг аль 1948 онд байгуулж, 1944-1954 онд мэдээлэл цуглуулан, “Улаан ном” бий болгох бэлтгэлээ базаажээ.
Үүнээс хойш олон орон ийм номтой болж, улс, бүс нутгийн хэмжээнд ховордсон зүйлүүдийг бүртгэж, дэлхий нийтийн анхаарлыг тухайн амьтан, ургамалд хандуулах болсон байна. Манай улс “Улаан ном”-ыг гурван удаа буюу 1987, 1997, 2013 онд хэвлүүлсэн юм байна.
Тус номыг улаан гэж тодотгон, ийм өнгөөр хавтасласан нь “Анхаар, устана” гэсэн санааг илэрхийлдэг. Зарим нь үүнийг ном бус, чухал баримт бичиг хэмээн үздэг. Гэтэл сүүлийн жилүүдэд “Улаан ном”-ууд энэ шаардлагаа хангахаа больж, дэлхийн улсууд татгалзаж эхэлсэн талаар судлаачид хэлэв.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш, доктор, дэд профессор Д.Лхагвасүрэн “Улаан ном” “моод”-ноос гарсан. Үндэслэлгүй, ач холбогдолгүй гэж татгалзсаар, одоо цөөн улс л ийм ном эрхлэн гаргаж байна” гэсэн юм. Судлаач Д.Нямбаяр ч түүнтэй ижил зүйл ярив. Тэрбээр “Хэзээ мөдгүй байхгүй болох, агнаж, түүж бэлтгэхийг хуулиар хатуу хориглосон амьтан, ургамлыг л “Улаан ном”-д оруулдаг гэж хүмүүс ойлгодог. Гэтэл бодит байдалд тийм биш. Сүржин нэрнээс цаашгүй. Үнэлгээ нь эргэлзээтэй. Тус номд багтаасан амьтан, ургамлыг судалгаа шинжилгээний зориулалтаар ч ашиглахыг хориглож, хуульчлах ёстой” хэмээн онцолсон.
“Улаан ном” ер нь хэрэгтэй юү гэвэл мэдээж тийм. Байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр өдрөөс өдөрт тархац нь хумигдаж, тоо толгой нь багассаар буй байгалийн нөөцөө бид бүртгэх хэрэгтэй. Ингэснээр тэдгээрийг хэрхэн хамгаалах бодлого, төлөвлөгөөг илүү ул суурьтай боловсруулахад дөхөм болно. Харин өдгөө энэ шаардлагыг хангахгүй байгаад л хамаг учир бий юм. Тэгвэл судлаачид манай “Улаан ном”-ыг Монгол орны амьтан, ургамлын “Улаан данс” залгамжилна гэж үзэж байна. Нарийвчилсан үнэлгээ, шалгуураар эл номоос ч нямбай, үндэслэлтэй гэж үнэлэгдэх болжээ.
Манай “Улаан ном”-д аливаа амьтан, ургамлыг нэн ховор, ховор, элбэг гэж гурван түвшинд авч үзсэнийг судлаачид учир дутагдалтай гэж үздэг. Дэлхийн “Улаан ном”-д энэ зэрэглэл илүү нарийвчилсан, олон шалгууртай байдаг учраас тэр. Харин “Улаан данс”-нд устсан, байгальд устсан, устаж буй, устаж болзошгүй, эмзэг, ховордож болзошгүй, анхааралд өртөхөөргүй, мэдээлэл дутмаг, үнэлгээ хийгээгүй гэх зэргээр маш тодорхой, ойлгомжтой ангилсан байдаг нь эл баримт бичгийг илүүд үзэх гол шалтгаан аж.
Доктор Д.Лхагвасүрэн “Амьтан, ургамлын ховордлын зэргийг маш бүрхэг, цөөн үзүүлэлтээр үнэлсэн нь Монголын “Улаан ном”-ын гол сул тал гэж тодотгосон. Үүнээс гадна зэрэглэл тогтоох шинжлэх ухааны үндэслэлтэй шалгуур баримталдаггүй, зөвхөн судлаач, экспертийн саналаар үнэлгээ хийж, зүйлийг нь сонгодог, нэгэнт тогтоосон зэрэглэлийг өөрчлөхгүй, удаан хугацаанд хатуу баримталдаг, уян хатан биш. Өөрөөр хэлбэл, шинэчлэн хэвлэх хугацаа нь тодорхой биш” хэмээв.
Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс” нь “Улаан ном”-ын энэ бүх алдаа дутагдлыг нөхдөг ажил гэнэ. Хөхтөн судлаач Г.Нямхүү “Биологийн бүх зүйлийг улс, бүс нутаг, дэлхийн хэмжээнд шинжлэх ухааны үндэслэлтэй нэгдсэн шалгуураар үнэлдэг нь “Улаан данс”-ны давуу тал. Эргэлзээтэй, үндэслэлгүй мэдээлэл судалгаа, шинжилгээ хийж буй эрдэмтдээс эхлээд шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчдод ч уршигтай. Тиймээс цэгцлэх хэрэгтэй. Бид яг алийг нь чухалчилж, дагах ёстойгоо нэг мөр шийдэх ёстой. Манай улс “Улаан ном”-ыг хамгийн сүүлд шинэчилснээс хойш хэчнээн амьтан, ургамал устсан, нөөц нь хэр багассан нь тодорхойгүй байна. Хэдэн жилийн өмнөх статистик, үнэлгээгээ дагаж мөрдөөд байж болохгүй биз дээ” хэмээн саналаа хэлсэн.
Монголын “Улаан ном”-ыг бүтээхэд маш олон хүн гар бие оролцсон. Манай нэртэй судлаачид ч энэ багт багтсан юм. Тэд саарыг бус, сайныг санаж, бодож, зорьж үүнийг бүтээсэн нь лавтай. Гэхдээ баримт бичгийн хэмжээнд үнэлэгддэг ийм чухал номд дээр дурдсан шиг аар саар алдаа, зөрчилтэй үг, өгүүлбэр байж таарахгүй. Тиймээс бид хууль мэт чухалчилж үздэг энэ номыг гаднаас нь биш, дотроос нь шинжиж, анхаарах цаг болжээ.
Дашрамд дуулгахад, “Улаан данс”-ыг Монголын хөхтөн амьтны, шувууны, загасны, ховор ургамлын гэхчилэн тусгайлан гаргасан байдаг
Эх сурвалж: