Өнгөрсөн оны зургадугаар сард Иранд болсон террорист халдлагуудтай холбоотой гэх хэргээр лалын босогчдын “Лалын улс” бүлэглэлийн найман гишүүнд Ираны шүүх цаазын ял оноожээ. Энэ тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Ираны аюулаас хамгаалах хүчнийхний мэдэгдсэнээр, уг халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн тав нь лалын шашны суннитын урсгалыг шүтэгч “Лалын улс” бүлэглэлийн гишүүд байжээ.Зэвсэгт этгээдүүд өнгөрсөн онд Ираны парламентын ордон болон хувьсгалын удирдагч Аятолла Рухолла Хомейнийн бунхан руу халдсан юм. Халдлагын үеэр зэвсэгт этгээдүүд болон Ираны аюулаас хамгаалах хүчнийхний хооронд буудалцаан болсноор 17 хүн амиа алдсан байна.
Уг халдлага нь хүн амынх нь дийлэнх лалын шашны шиит урсгалыг шүтдэг Иран улсыг бүхэлд нь цочролд оруулсан юм. Иран улс нь “Лалын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэхэд Сири болон Иракт дэмжлэг үзүүлсээр ирсэн.