Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан ”Саарал ордон”-ыг сандаргаж орхив

Уржигдар буюу /2018.05.08/ орой олонд хүрсэн “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Монголын Төр Нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийн талаарх зарим баримт материалыг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан болон УЕП-ын орлогч Ш.Эрдэнэбат нар дэлгээд авсан.
Үүнээс үүдэн “Саарал ордон” дахь эрхэм гишүүд сандралдаж эхлэв бололтой. Тус нэвтрүүлгээр гаргасан зарим баримт материалаас үүдэн Хууль Зүйн байнгын хороо хаалттай хуралдаан зарлан хуралдахад хүрчээ. Улсын нууцаас гарсан тус баримт материалууд гишүүдэд тэр ч бүү хэл Хууль зүйн сайд Ц.Нямдоржид олдохгүй байсан хэмээгээд авсан гишүүд сэтгүүлч бүсгүйн гарт орсон эдгээр материалууд болон тус нэвтрүүлгийн талаар нухацтай ярилцах хэрэгтэй болсон тухайгаа ч мөн дурдаад авчээ.
Ц.Нямдорж энэ тухай “Байнгын хорооны хуралдаанаа хаалттай горимд шилжүүлэх юм уу эсвэл Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн шүүх хурлын шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцох, нөхцөл байдалтай танилцах, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх уулзалтыг Байнгын хорооны төвшинд хийх шаардлага үүсээд байна. “Нууц” гээд парламентад үзүүлдэггүй материалуудыг нэг сэтгүүлчээр дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж тавьж байна.
УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна, заналхийлж байна. Дээрх хэргийн өмгөөлөгч нь үг хэлж чаддаггүй, яллагч нь нууц гээд байсан материалуудаа хэвлэлийн байгууллагад дэлгээд нэг талын тайлбар хийгээд сууж байна” хэмээжээ. Зарим гишүүд ийм төр, ийм гишүүдтэй байснаас тарсан нь дээр хэмээн өөрсдөөсөө ичиж буйгаа ч хэлээд авсан бөгөөд хийх хүнд арга, хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэгч нь болоод буй бололтой.