АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер өнгөрсөн онд санхүүгийн байгууллагын танилцуулга хийх үеэр Оросын банкны удирдлагуудтай уулзаж, хэлэлцээ хийсэн байна. Ингэхдээ тус улсын хориг арга хэмжээнд орсон банкны удирдлагуудтай уулзсан аж.
ОХУ Украин руу халдсанаас болж барууныхны хориг арга хэмжээний жагсаалтад орсон төрийн өмчит “Внешнеэкономбанк” банкны удирдлагууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэнтэй 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр уулзсан гэж тус банкнаас баталсаныг “Reuters” агентлаг мэдээлжээ. Энэ асуудлаар Кушнер Сенатад мэдээлэхээ хүлээн зөвшөөрсөн байна.
Тэгвэл “Внешнеэкономбанк”-наас уулзалт хаана, хэзээ болсон талаар мэдээлэхээс татгалзжээ. Америкийн нэрээ нууцалсан албан тушаалтнууд “Reuters”-т мэдээлэхдээ Кушнерийг өнгөрсөн оны арван хоёр дугаар сард тус банкны дарга Сергей Горьковтой уулзсан гэжээ. Энэ уулзалт Трампын экс зөвлөх Флинн Оросын Элчин сайд Сергей Кисляктай хийсэн уулзалтын дараа болсон аж.
АНУ-ын төлөөлөгчид хориг арга хэмжээний жагсаалтад орсон хүмүүстэй уулзах нь хоригийг зөрчсөн үйлдэл болохгүй гэнэ.
Дашрамд дурдахад Жаред Кушнер нь Иванка Трампын нөхөр, бас АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, өдгөө 36 настай юм. Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны дэргэдэх инновацийн удирдах газрыг байгуулж, түүнийгээ хүргэн Жаред Кушнерээрээ удирдуулах шийдвэр гаргасан байна. Энэхүү хэлтсийн үндсэн үйл ажиллагаа нь холбооны удирдах газар бүрийн технологийг сайжруулж, дэд бүтцийн салбар дахь шинэ төслийн чанарыг тодорхойлох аж.