Хүн ундандаа чанартай ус хэрэглэх, хувцсаа болон биеэ угаах, цэвэр орчинд бие засах зэрэг нь амьдралын өдөр тутмын бөгөөд наад захын хэрэгцээ билээ. Олон улсад энэхүү хэрэгцээгхүний эрххэмээн бүрэн хүлээн зөвшөөрдөг. Харин монголчууд яадаг вэ. Монгол хүн ус хэрэглэх эрхтэй юу.

Халуун усны хязгаарлалт, хаалттай худаг, төлбөрөө төлөөгүйгээс усаа хаалгах, чанаргүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир ус ундандаа хэрэглэх, боловсон бие засах газар хүртээмжгүйгээс шаардлагатай үедээ бие засч чадахгүй байх, хүссэн үедээ усанд орж чадахгүй байх, ялангуяа орон нутагг чанартай ундны усны хомсдолд орох зэргээр амьдралын түвшин, газар-нутгийн байдал, төр засгийн бодлогоос болж монгол хүний ус хэрэглэх, цэвэрхэн байх хэрэгцээ харилцан адилгүй, тэгш бус байдалтай байгааг ярихаас аргагүйд хүрээд байна. Энэ бол усаа хайрлаж, хамгаалах, зөв зохистой ашиглахын эсрэг утга огтоос биш.

Өнөөдрийг хүртэл энэ салбарт нэгдсэн бодлого, дүрэм журам, үнэ тарифын оновчтой зохицуулалт, хариуцлага хүлээх хуулийн гаргалгаа байхгүйгээс тэгш бус зарчим үйлчилж байгаа тухай юм. Хамгийн гол нь ундандаа баталгаатай, чанартай ус хэрэглэх, ариун цэвэр орчноор хангагдах нь хүний эрхийн асуудал гэдгийг манай улсад хүлээн зөвшөөрөөгүй байгаад учир оршино. “Зууны мэдээ” сонин энэ сэдвээр цуврал нийтлэл хүргэхээр бэлтгээд байна.

БАТАЛГААТ УС ХЭРЭГЛЭХ ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААГААГҮЙ

Аливаа үйлчилгээний байгууллага бие засах газартаа иргэдийг оруулахгүй байхаас эхлээд бохирдсон, зэвтэй ус хэрэглэх, төлбөр төлөөгүйгээс усаа таслуулах зэрэг цэвэр орчноор хангагдах эрхээ зөрчүүлж байгаа нийтлэг тохиолдлуудад гомдлоо барагдуулах, хариуцлага тооцуулах хууль, эрхзүйн зохицуулалт одоогоор байхгүй. Учир нь эдгээр тохиолдлуудыг хүний эрх зөрчиж байна гэдэг утгаар ханддаггүй.

Арга ч үгүй юм. Монгол Улс Үндсэн хуульдаа ус хэрэглэх, ариун цэвэр орчноор хангагдах хүний эрхийг тусгайлан заагаагүй байдаг. Хамааруулж ойлгох гэж оролдвол Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “эрүүл, аюулгүй орчинд амьдрах” гэсэн ганцхан заалт бий. Харин дэлхийн ихэнх орны хууль тогтоомж болон хүний эрхийн олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд заавал тусгасан байдаг аж.

Нэгдсэн үндэстний байгууллагын хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Лео Хеллер манай улсад ажилласан тайландаа энэ тухай тодорхой бичсэн байна. Тодруулбал, Монгол Улс нь хүний эрхийн олон улсын хэд хэдэн гэрээ хэлэлцээрт, тэр дундаа Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактад нэгдэн орсон байдаг. Тус Пактад амьдралын зохистой стандартыг мөрдөх, ялангуяа баталгаатай ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах тухай эрх, үүргийг тусгасан байдаг аж. Тэгэхээр Монгол Улс дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэж дүгнэжээ.

Манай улсын хувьд усны хэрэглээтэй холбоотой Усны тухай, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай гэсэн хуулиуд үйлчилж байна. Эдгээр хууль нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон, мөн ус ханган нийлүүлэгч, хэрэглэгч хоёрын харилцааг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, усны хангамжийн хүрэлцээт байдал, хамрах хүрээтэй холбоотой асуудлыг зохицуулж байгаагаас усны чанар, баталгаатай, тогтмол хангамж зэрэг хүний эрхийн талаас нь зохицуулсан заалт үгүй билээ.

МОНГОЛ УЛС МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЖ ЧАДААГҮЙ

Мянганы хөгжлийн зорилгын 7-д заасан “2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын тоог хоёр дахин бууруулна” гэсэн зорилтод Монгол Улс хүрч чадаагүй. ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран хэрэгжүүлсэн хяналтын тайланд дурдсанаар 2015 онд Монгол Улсын нийт хүн амын 84 хувь нь худгаас ус авдаг, 59 хувь нь нүхэн жорлонд бие засдаг байж. Тэгвэл хөдөөгийн хүн амын зөвхөн тал нь ундны усаар хангагдаж байна.

Түүнчлэн нийт хүн амын дөрөвний нэг хувь нь гэртээ цоргоноос ус авдаг бол дөнгөж 13 хувь нь бохир усны нэгдсэн сүлжээнд холбогдсон байжээ. Энэ бол баталгаат усаар хангуулах, цэвэр орчинд амьдрах асуудалд Монгол Улсын Засгийн газар онцгойлон анхаарах шаардлагатайг сануулсан явдал байлаа. Харамсалтай нь өнөөдөр дээрх тоо баримт төдийлөн сайжраагүй хэвээр байна.

Манай улсын нийт 334 сумын дөнгөж 20 сумын төв хэсэгт ус хангамжийн төвлөрсөн шугам сүлжээ байгаа бөгөөд 34 сумын оршин суугчид Монгол Улсын стандартад нийцэхгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ундны ус хэрэглэж байгаа тухай судалгаа байна. Харин Улаанбаатар хотын оршин суугчдын 45 хувь нь усны төвлөрсөн системд холбогдож, бусад нь худгаас зөөж байна.

 Б.Солонго

Эх сурвалж: Зууны мэдээ

By updown

2 thoughts on “Монгол хүнд ус хэрэглэх, цэвэр амьдрах эрхийг нь олгоё”
  1. Зев асуудал хенджээ орон сууцанд гэхэд л халуун хуйтэн ус гэж тарифаар тоолуураар авч + ус халаасны телбер + бохир ус халуун+ бохир ус хуйтэн гэж авч байна уунээс харахад орон сууцныхан бохир Усаа дахин хэрэглэсэн болж байна уу давхар телбер аваад байх шиг нэгдсэн нэг тариф байх естой баймаар

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн