Вьетнам засварын газруудад бэлэн гоймон, хоол амтлагч хадгалж байсныг илрүүлэв

2018-05-09 09:39
hulgai

Вьетнам засварын газруудад хугацаа нь дууссан бэлэн гоймон, хоол амтлагчийг тарааж, агуулахад хадгалж байна гэх мэдээлэл Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт иржээ.

Уг мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын байцаагчид Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулийн 18 гудамжинд байрлах “Баруун хөшөөт” ХХК-д хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар хадгалах хугацаа дууссан их хэмжээний бэлэн гоймон, хатаасан жимс, хоол амтлагч зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй агуулах, чингэлэгт хадгалж байсан зөрчил илэрсэн байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээжээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.