Гэрэл зураг дээр инээмсэглэсэн төрхтэй гарахад илүү хөгшин гардгийн учрыг эрдэмтэд тайлбарлахдаа “инээмсэглэх үед нүдний эргэн тойронд үрчлээсүүд үүссэнээр хөгшин харагддаг” гэжээ. Гэхдээ дээрх судалгаа нь “инээмсэглэл нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг” гэсэн итгэл үнэмшлийг няцааж буй хэрэг биш гэдгийг “Таймс” сонинд дурдсан байна.
Зураг дээр инээмсэглэн гарсан хүмүүс нь буурьтай төлөв царайтай гарсан хүмүүстэй харьцуулахад илүү хөгшин харагддаг гэнэ. Ийм дүгнэлтийг Канад, Израилийн эрдэмтэд хийснийг Times сонинд нийтэлжээ.
Судлаачид 40 хүнээс бүрдэх бүлгийнхэнд хандан, зарим нь инээж, зарим нь инээхгүй байгаа 35 эрэгтэй, 35 эмэгтэй хүний насыг гэрэл зургаар нь тодорхойлох санал тавьсан байна. Туршилтын дүн гарахад, инээж буй хүмүүсийн насыг нэг жилээр илүү хөгшрүүлж таасан аж.
Харин туршилтад оролцогчдын хувьд “хөгжилтэй хүмүүс гэрэл зурагт илүү залуу харагддаг” гэсэн итгэл үнэмшилтэй байжээ. “Инээмсэглэх нь хүнийг залуу харагдуулдаг гэж биднийг тал бүрээс итгүүлэн үнэмшүүлдэг. Нүүрний тос, шүдний ооны сурталчилгаан дээр дандаа инээмсэглэж буй царай харагддаг. Бид нийгмийн сүлжээнд өөрсдийнхөө инээмсэглэж буй царайтай зургаа тавьдаг шүү дээ?” хэмээн Бен-Гурионы нэрэмжит их сургуулийн судлаач Цви Ганель ярьж байна.