“Монгол малчин” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын 40 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар жилдээ хонин толгойд шилжүүлснээр сая мал нядалж, боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах хамтын ажиллагааны гэрээнд талууд өчигдөр гарын үсэг зурсан байна.
Байгаль орчинд ээлтэй, олон улсын стандартын шаардлага хангасан, шинэ техник технологид суурилсан тус үйлдвэрийг Төв аймгийн Баян суманд гурван үе шаттай барина. Энэ оны зургаан сард эхэлж, жилийн хугацаанд мах нядалгаа, хөргүүр, арьс шир, цус, яс, дотор гэдэс боловсруулах үйлдвэрийг байгуулна. Хоёрдах үе шатанд мах, махан бүтээгдэхүүнийг хагас боловсруулах цех байгуулах бөгөөд барилгын ажлыг 2020 оны 6 сард дуусгана. Төслийн гуравдах үе шатаар био шинжлэх ухаан, шинжилгээний лабораторийг 2021 оны 12 сард барьж дуусгана гэж аймгийн ЗДТГ-ын Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар хэллээ.
Тус боловсруулах цогцолбор үйлдвэрийг нийт 3,5 жилийн хугацаанд хоёр талын хамтарсан “Төв Жүи” ХХК гүйцэтгэнэ. Үйлдвэр баригдсанаар орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахаас гадна малчдаас малыг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авах боломж бүрдэж байна гэдгийг албаны хүмүүс онцлов.