Хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн байдал нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний үндэс суурь энэ насанд тавигддагыг судлаачид тогтоожээ. НЭМҮТ-ийн 2013 онд хийсэн “ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох” судалгаагаар 12 ба түүнээс доош насны сурагчдын илүүдэл жин 3.6 хувь,таргалалт 15.9 хувь байсан бол 2016 оны “Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгаагаар 6-11 насны хүүхдийн 28.6 хувь нь илүүдэл жинтэй, 6.4 хувь нь таргалалттай буюу 2 дахин нэмэгдсэн байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна.
Мөн 6-11 насны хүүхдийн 99 хувь нь 7 хоногт нэгээс илүү удаа эрүүл бус хүнс, өсвөр насныхны 80.9 хувь нь чихэрлэг ундаа, 77.3 хувь нь их тосонд шарж болгосон хоол хүнс, 97.8 хувь нь амтлаг чихэрлэг хүнсийг 7 хоногт нэгээс илүү удаа хэрэглэдэг аж. Хүүхдүүдийн хоол хүнсний сонголт, хооллох хэв маягт нөлөөлөх олон хүчин зүйл байгаа хэдий ч хүүхдийн хооллолт, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд зар сурталчилгаа чухал нөлөө үзүүлдэг байна.
Хүүхэд 12 хүртлээ аливаа нөлөөнд автамтгай, итгэмтгий байдаг тул зар сурталчилгаа тэдний сэтгэцэд нь сөрөг нөлөөлдөг аж. 2015 онд хийсэн “ЕБС, түүний орчинд борлуулагдаж буй хоол хүнсний чанар,аюулгүй байдал” судалгаагаар 12 хүртэлх насны сурагчдын 10.1 хувь нь хоол хүнсний сонголтод зар сурталчилгаа нөлөөлсөн гэж хариулжээ. “Суруулийн хоол хүнсний орчин, зар сурталчилгаа, түүний хүртээмж-2012” судалгаагаар сургуулийн орчин дахь 250 м зайд байрлах зар сурталчилгааны нягтрал 100м2 тутамд 0.9 ш байсан ба эрүүл бус хоол хүнсний сурталчилгаа дийлэнх хэсгийг эзлэж байсан аж.
Сургуулийн гадна орчинд байрлаж буй хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгааны 92 хувь нь эрүүл бус хоол хүнсийг сурталчилж байсан ба дунджаар 2.1 ш сурталчилгааны зурагт хуудас сургууль дотор байрлаж, эрүүл хоол хүнсний сурталчилгаа 1.0ш, эрүүл бус хүнсний сурталчилгаа 1.8ш байжээ. Дэлхийн улс орнууд хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, халдварын бус өвчин (ХБӨ)-өөс сэргийлэхийн тулд юуны түрүүнд сургуулийн орчинд сурагчдын хэрэглэж байгаа болон худалдаалж буй хоол хүнсний нэр төрөл, шим тэжээллэг чанарт стандарт тогтоон хяналт тавьж ажилладаг.
Манай улсад ч мөн адил сургууль цэцэрлэгийн орчинд хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан журмыг баримталж ажилладаг байна. Судалгаанаас харахад сургууль дотор журмаар хориглосон хоол, хүнснийг худалдаалах нь харьцангүй цөөн боловч сургуулийн ойролцоох хүнсний дэлгүүр,цэгээс хориглосон бүтээгдэхүүнүүдийг худалдан авах тохиолдол түгээмэл байна.
Иймд сургууль цэцэрлэгээс 150-200 м-т байрлаж буй хүнсний дэлгүүрүүдэд худалдаалахыг хориглох, хязгаартай худалдах бүтээгдэхүүний жагсаалтыг шинэлэн боловсруулах,эрүүл бус хүнсний зар сурталчилгааг хязгаарлах асуудлыг илүү өргөн цар хүрээг хамруулж хэрэгжүүлэх шаардлагатай юм. Тухайлбал телевиз олон нийтийн мэдээллийн хэрэгслэл болон гудамж талбайд байгаа эрүүл бус хоол хүнсний зар сурталчилгаанд тавих хяналтыг сайжруулах, хязгаарлах, хориглох шаардлага байгааг дээрх хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд батлан харуулж байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
2 comments
МЭДЭЭЛЭЛИЙН БҮХ СУВАГААР ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ ГАДНЫ ХООЛ ХҮНС СУРТАЛЧИЛАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЭРҮҮЛ ХООЛ ХҮНС, МОНГОЛ ХООЛ , ӨВС УРГАМАЛАА ХЭРХЭН АШИГЛАЖ ХЭРЭГЛЭХ ТАЛААР СУРТАЛЧИЛГАА ХИЙХ НЬ ЗАВ БАЙНА.
Телевизорын бүх сувгаар KFC, болсон болоогүй тахианий мах, бургерийн сурталчилахыг хориглох хэрэгтэй байна.