Найруулагч П.Дэлгэрбаярын найруулсан “Илд цэцэг” уран сайхны кино АНУ-ын Сан-Франциско болон бусад хотын кино театрт анх удаа албан ёсоор гарч байна. “The Gladiolus” нэрээр үзэгчдийн хүртээл болж буй уг бүтээл кино театрт гарахаас гадна Америкийн кино зах зээлд албан ёсны бүртгэлтэй болж, мэдээллийн санд нь орж, сүлжээгээр нь тасалбараа түгээн олон нийтэд гарч байгаа ажээ.
Энэ нь Монголын кино урлагийн түүхэнд урагш алхсан тэмдэглүүштэй үйл явдал бөгөөд Киночдын баярын өдрийг угтан дэлгэцнээ гарсан нь уран бүтээлчдэд баяр дээр нь баяр нэмсэн юм. Учир нь манай уран бүтээлчид киногоо гадаадад гаргахдаа түр хугацаанд театр түрээслэн үзүүлдэг.
Америкийн чөлөөт кино уран бүтээлчдийн хувьд ч бүтээлээ том дэлгэцэнд гаргах нь мөрөөдөл төдий ажээ. Тэгвэл энэ боломжийг “Mongol Film Distribution” компани Монгол уран бүтээлчэдээ олгож байна. “The Gladiolus” буюу “Илд цэцэг” уран сайхны киноны хувьд албан ёсоор Америкийн кино театрт гарсан анхны монгол кино болж байгаа бөгөөд “Анхны энэ киног олон хүн үзэж, сайн рэйтингтэй байвал Монголын үндэсний үйлдвэрлэл буюу урлаг соёлын бүтээгдэхүүн монгол кино улам олноороо Америкийн зах зээлд нэвтрэн орох боломж бүрдэх юм” хэмээн тус компанийн захирал Н.Цогтбаяр өөрийн Фэйсбүүктээ бичжээ.
“Илд цэцэг” кино дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн долоо хоногийн турш өдөр бүр орон нутгийн цагаар 20:30 цагт гарч байгаа юм байна. Киноны талаар товч: ….Хувийн сургуулийн захирал Хонгорзул насанд хүрч яваа охин, хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Түүний охин Цэцэг өөрөөсөө олон ах залуутай хайр сэтгэлийн холбоотой болж дотно үерхэнэ.
Энэ байдал Хонгорзулд огтхон ч таалагдахгүй. Хонгорзул санамсаргүйгээр охиныхоо найз залууг алчихна. Хонгорзул ээдрээтэй байдалд байх хоёр хүүхдээ орхиж болохгүй байлаа. Энэ хэргийг цагдаагийн хашир мөрдөгч дэд хурандаа Дандар шалгаж эхэлнэ… Тус киноны гол дүрд жүжигчин Т.Өөдөө, Ц.Төмөрхуяг, Э.Чинзориг нар тогложээ.
1 comment
hen uzeh yum