Х.Болорчулуун Та Монголын уяачдыг доромжилж байна

Эрхэм гишүүн танд энэ өдрийн мэндийг хүргэе. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун та санаачлан нэр бүхий найман гишүүн Монгол төрийн баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан үндэсний эрх ашиг, өв соёл, үеийн үед дээдэлж ирсэн үнэт зүйл, итгэл үнэмшлийнхээ үүднээс хэдэн зүйлийг хэлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ.

Сайхан Монгол орныхоо уулс дунд нь би, уужим талд нь та төрсөн биз ээ. Жижиг сонирхол, жижиг эрх ашгийн цаана” том эрх ашиг” бүдгэрсээр байгааг эх орны баруун зүүн хязгаар нутагт төрсөн та бид хоёр ч ялгаагүй хамтдаа харж байна. Монголчууд бид өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, бахархах түүхтэй, үнэт зүйлтэй, өв соёлтой ард түмээн. Хэдхэн жилийн өмнө Монгол бөх, морио геннесийн номд бүртгүүлж, Монголчууд бид дор бүрнээ бахархаж баярлаж байсан.

Гэвч өдгөө эв эеэ хичээхгүй байдал хаа сайгүй ажиглагдах болжээ. Нам улстөр бизнесийн бүлэглэл болон хуваагдаж талцаж байгааг энд дурдахыг хүссэнгүй. Гэхдээ талцал хуваагдалд ашиглаж болдоггүй “үнэт зүйл” гэж байдгийг танд ойлгуулахыг хүсч байна. Өнөөдөр Монгол бөх, морио ярьж хагаралдах байдал ажиглагдаж байгаад үнэн голоосоо эмзэглэж байгаа.

Монгол төрийн баяр наадмын тухай хуульд зургаан насны морь гэж байсан. Зургаан насны морио урапдуулж баяр наадмаа хийж, монгол ёс заншлаа дээдэлж хөдөлмөрлөж, амжилт гаргасан уяачдыг төр засаг урамшуулж төрийн цол чимэг хайрлаж байсан уламжлалыг эвдэж эрлийз гурван насыг нэмсэн. Энэ хууль дүрмээр сүүлийн хэдэн жил монгол түмэн баяр наадмаа хийж хэл ам хэрүүл, тэмцэлд монгол уяачдын цог хийморь бүдгэрч түмэн олон гайхшралд автав.

Өнгөрсөн жилийн Монгол Улсын баяр наадмын комиссын дарга Монгол наадамд монгол морь уралдуулах тухайгаа тунхаглаж, үүнд Монголын малчин түмэн магнай хагартал баярлаж байсан. Дараа жилийн наадам даанч холыг дурсан нааддаг монгол түмэн энэ жилийн наадам дахин эрлийзгүй болохыг хүсэмжилж итгэж сууна. Урьд жилийн баяр наадмын комиссын морины үүлдэрлэг асуудлыг хариуцсан, яамны газрын даргаар ажиллаж байсан хүн өнөөдөр ажилгүй байгаа.

Монгол морьдоо уралдуулсныхаа төлөө, эрлийз морь хассаны төлөө ийм зэмлэл шийтгэл хүлээж өнөөдөр ажилгүй болсон гэж би иргэн хүнийхээ эрхийн хүрээнд хардаж суудаг. Түүн рүү чиглэсэн яриа наадмын дараа эрлийз адуутай уяачдын ам дамжиж том дарга нарын чихэнд хүрч өнөөдөр ажилгүй болсон ч Төрийн наадмын тухай хуулиа биелүүлж олон жил ужгирсан явдлыг эцэс болгох эхлэлийг тавилцсан түүнд түмэн олон баярлах цаг ирнэ гэдэгт би итгэдэг.

Монгол морины уралдаанд дүүрэн сайхан хүлгүүд тоосоо өргөдөг. Гэтэл эрлийз арван морь уралдуулж түрүүлүүлээд тэр хүн Монгол Улсын цол чимэг авчихаж байна. Энэ шударга ёс мөн үү? Энэ асуудлаас болж Монголын малчин ард түмэн, нүүдэлчний соёл түүх ахуйг бүтээсэн энэ ард түмний олон зуун жил хийж ирсэн хөдөлмөрийг үгүй хийж, хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшлийг нь мохоож байна.

Монгол хүн монголын түүх монгол адуутай салшгүй холбоотой бөгөөд төрийн сүлдэндээ дээдлэн залсан ард түмэн билээ бид. Үлгэрт мөнхөрсөн цолмон хонгор унагатай цуутын цагаагч гүү, нууц товчооны хүлэг морьд, эх орны дайнд эрэмгий чадлаараа түүхэнд монгол адуу бичигдэж үлджээ.

Монголчуудын ёс уламжлал, түүх соёл, итгэл үнэмшил, хийморь лундаа энэ л адууны соёлоор дамжиж өдгөө хүрсэн. Хурдан морь уях ур ухаан, адууны дагалдах тоног, түүнээс улбаатай монголчуудын түүх, өв уламжлал, ёс заншлыг аргамжиж хойч үедээ үлдээх арга бол адууны их соёл түүнийг зөв зүгт залах жолоо, хөтлөх цулбуур нь энэ цаг үед та бүгдийн батлах хууль юм шүү.

Эрхэм гишүүд та бүгдийн ашдын зорилгодоо хүрэх эмээлт хүлэг чинь эрлийз байх аваас урт холын замдаа цуцаж мэдэх, орон нутгийн сонгочид тань танихгүй байж магадгүй л юм шүү. Одоо бүр сүүлдээ учраа олохоо болиод аль нь зөв, буруу мэтээр ард түмнийг талцуулах боллоо. Үе дамжиж ирсэн үнэт зүйлсээрээ оролдож явцуу хэдэн хүний хүрээнд хийгддэг “эрлийз” адууны далд бизнесийг хамгаалж, улс төр бизнесийн бүлэглэлд тал засахдаа төрийнхөө сүлдэнд байдаг морин эрдэнээ монголоо шахаж хүчгүйдүүлэх болсонтой эвлэрч ердөө ч чадахгүй нь ээ.

Та бид хоёр адилхан морь малын зах зухаас мэдэх, уяж уралдуулж, урд хойноо орж сайхан нвхөрлөж явсан улс Монгол Улсын алдарт, уяачийнхаа хувиар ч, найз нөхдийнхөө хувиар ч эрхэм гишүүн тантай хоёр ч удаа, уулзаж энэ сэдвээр ярилцаад тус нэмэр болсонгүй. Та бүхний санаачилж байгаа хуулийн төсөлтэй хуульч хүнийхээ хувьд дахин танилцаж хэд хэдэн удаа ч харлаа.

Эрлийз Монгол морины маргааныг тасалж хуульчилж цэгцлэх нь зөв. Ийм үүрэг ч төрд бий. Гэхдээ үүргээ ухамсарласан дүр эсгэж хэдхэн хүний бизнесийн эрх ашгийг хуульчлах гэж байгаад харамсаж байна. Эрхэм гишүүн та хэлэхдээ: Би зөвхөн морины сэрвээг тогтоогоод сэрвээгээр хэмжээд явах ёстой гэж ойлгож байгаа. Харин үүлдэрлэг байдлыг тогтоох боломжгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

Хуулийн үзэл санаанд ч яг ийм заалтыг оруулжээ. Өнөөдөр сэрвээ намхантай адууг эрлийзжүүлээд бараг 25 хувь руу орчихсон, сэрвээ намхан эрлийз адуунууд нэгэнт бий болсон гэдплйг эрхэм гишүүн та мэдээгүй судлаагүй байна уу, эсвэл мэдэн будилаад байгаа юу? Үүлдэрлэг шинжийг ялгах боломжгүй гэж хэлж байгаа танд Монголоо гэх сэтгэл алга уу? Хэрвээ танд сэтгэл зүрх, монгол тэмүүлэл байгаа бол аргачлал олдож л таараа. Намайг ялгаж чадахгүй гэж хэлэх нэг өөр.

Харин Монголын олон арван мянган малчин уяач удмынхныг тэгж доромжилж болохгүй гэдгийг эрхэм гишүүнд анхааруулъя. Би ч, малчин түмэн маань ч хараад л мэднэ. Сүүл нь шингэн, дэл нь шингэн, хошуу нь шөвгөр эрлийз адууны дэргэд том толгойтой, өтгөн дэл сүүлтэй монгол морио танихгүй болтлоо төрөл арилжчихсан гэж үү? Гэтэл монгол адууг цусаар нь дамжуулж устгах бодлогыг та Монгол төрөөр нь хуульчлуулах гээд явж л байдаг.

Баян чинээлэг цөөн хүмүүсийн далд бизнесийг дэмжихээр улайран зүтгэж байгаа та нөхдийн хуулиар Монголын жирийн малчин уяач иргэд сум аймгийнхаа наадамд ч монгол морио уралдуулж айраг түрүү авч чадахгүй гутамшигтай байдалд хүрэх нь ээ. Үүнийг л үндэсний гутрал гэдэг юм даа. Тэдний жилийн дөрвөн улирлын хөдөлмөр, уламжлал соёл итгэл үнэмшлийг үгүй хийх оролдлогоо зогсоож хуулиа судалгаа нотолгоо, итгэл үнэмшил үндэсний үзэл баримтлалдаа тулгуурлаж монгол морь уралдуулдаг уяачдынхаа санал бодлыг сонсож хуулиа боловсруулахыг эрхэм гишүүд та бүхэнд хичээнгүйлэн хүсье.

Бас монгол мориныхоо үүлдэрлэг байдлыг хуулийнхаа зүйл заалтаар тодорхойлж өгөх учиртай. Монгол төрийн баяр наадамд уламжлал ёсоор зургаан насны морь л уралдах ёстой. Есөн насны морь уралддаг эрлийз адууны бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төр бодлогоор дэмжиж байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнолын эсрэг үйлдэл хэмээн үзэж байна. Эрлийз морь төрийн баяр наадамд уралдуулдгийг хуулиар нэг мөр хаах ёстой.Тэгж байж монгол мориныхоо соёл, ёс заншил тусгаар тогтнолоо авч үлдэнэ.

Төрийн түшээдийн дэмжлэгтэйгээр үржүүлсэн эрлийз адууны бизнес эрхэлж байгаа цөөн хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Тэр хүмүүс өндөр бооцоот уралдаанаа зохион байгуулаад явах дэлхийн эрлийз морьдын уралдаанд хүчээ үзэх эрх нээлттэй шүү. Ардчилсан нийгэмд хүний эд хөрөнгө рүү хэн ч халдах учиргүй гэдгийг миний бие сайн мэднэ. Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд байвал болох нь тэр. Эрлийз адууг бодпогоор дэмждэг Морин спорт Уяачдын холбооноос монгол морины үүлдэр угсааг сайжруулсан гэж ярьдаг.

Монгол морь угаасаа эрч хүч сайтай ясанд нь ясан чанар, цусанд нь цусан чанар дамжсан удам үүлдэр угсаа сайтай дэлхийн шилдэг адуу юм аа. Чингис хаан монгол морио унаад дэлхийн хаан болж байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн монгол морьтой холбоотой түүхийг та ч мэднэ. Тэсвэр хатуужилтай, хүч чадалтайгаараа гайхагдсан. Үнэхээр үүлдэр угсаа сайжруулах гээд байгаа нөхдүүдэд хонь ямаагаа аваад ир ээ. Үхэр, тэмээнийхээ үүлдрийг сайжруулаач ээ гэж зөвлөх байна.

Уяачдын холбооны судалгаагаар Монгол улсад 70-аас 80 мянган уяач бий хэмээн бахархан ярьдаг. Тэгвэл 70000 уяачаас үсрээд 70 хүн л үүнийг хийж байна. Яг эрлийз морь зохион байгуулалттай үржүүлж байгаа 10 хуруунд багтах хүн л бий. Тэднээс өгч авалцдагтайгаа нийлээд ердөө л 70 хүн. Монгол төр өнөөдөр улс төр бизнесийн эрх ашиг бүхий 70 хүний эрх ашгийг дэмжих үү? 70000 уяачийнхаа хөдөлмөр соёлыг дэмжих үү гэдэг дээр тулж ирлээ.

Энэ бол Монголын соёл уламжлал, зан заншил, итгэл үнэмшил, сүлд хийморь, үндэсний орь хүслэн, тусгаар тогтнолын тухай асуудал учраас эрхэм гишүүн танд хаяглан энэхүү захидлыг илгээлээ. Хөх Монголын минь буян заяат Монгол уяачдын цог хийморь бадарч, Төрийн минь сүлд өршөө.

Таныг хүндэтгэсэн: Монгол Улсын Алдарт Уяач, Сэтгүүлч, Хуульч ШИРНЭНБАНЬДИЙН АДЬШАА

3 thoughts on “Х.Болорчулуун Та Монголын уяачдыг доромжилж байна

  1. Нэргүй 2018-05-04 14:37 at 14:37

    уяач гэж ер нь юу вэ тэмдэгтэй малгай өмссөн, авилгын мөнгө архи ямба хоёртоо ялзарсан хүүрээ эмээл дээр өөрсдөө гаргаж чадахгүй улс төрийн хонжоо хайгчид, алба тушаалын донтонгууд, харцын хүүхдийн амь насаар тоглосон, хахууль дэнчингээр зугаа гаргагч амилсан буг чөтгөрүүд уяач гэдэг нэрээр монгол наадам тв ийн нэвтрүүлэг олон хүн цугласан газар битгий хэл золбин нохой цугласан газар бүр хятад торгон дээлийн хормой навсагнуулж явдаг болсон шүү.

    Хариулах
  2. СУГАР 2018-05-04 17:02 at 17:02

    Болорчулуун гишүүн та өөрөө хэдэн цустай ирлийз адуугаа уралдуулах гээд монголын өв соёл тэр дундаа монголоо гэсэн сэтгэл зүрхтэй ард түмэнийхээ эсрэг ийм зүйл хийж болохгүй байх. Та монголоо гэж ярьж хэлэж, сургаж байдаг хүний хувьд ийм юум ярьж болохгүй, харин ч гадаадаас орж ирж байгаа ирлийз адууг хоргилж монгол монголоороо уралдаад сэтгэл тэнүүн сайхан наадмаар байна шүү дэ.

    Хариулах
  3. зочин 2018-05-04 20:10 at 20:10

    Монгол өв соёлоо хамгаальяа,уламжлал болгон авч явья гэж байгаа л бол эрлийз морьдыг улс бүсийн болон наадам элдэв баяр ёслолоор уралдуулахгүй байх хэрэгтэй.Эрийн гурван наадам гэдэг биз дээ сайхан монгол морь минь гэж дуулдаг биз дээ.сайхан эрлийз морь минь гэж дуулдаггүй шүү дээ.иймд эрлийз морь уралдуулахаа болих хэрэгтэй.Эрлийз моритой хүмүүс нь өөрсдөө бооцоотой уралдуулдаг л юм байгаа биз.сэрвээний өндөр гэж болохгүй. /шингэн дэл сүүлтэй шөвгөр хошуутай бас гоохгор хүзүүтэй өндөр хөлтэй гэж оруулах хэрэгтэй хуулиндаа./улс аймаг сумдын баяр наадам болон бүсэд түрүүлсэн айрагдсан морьдын гарал үүсэлийг маш сайн бүртгэх хэрэгтэй.

    Хариулах

СУГАР-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн