“Улаанбаатар хотын сурагчдыг Сүрьеэгийн далд халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө” судалгааны талаар Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл болон Эрүүл мэндийн үүсгэл (MHI) төрийн бус байгууллага өнгөрсөн долоо хоногт эсрэг тэсрэг байр суурь бүхий хэвлэлийн хурал хийсэн. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хяналтын хорооны гишүүн, анагаах ухааны доктор, профессор X. Чойжамцтай ярилцлаа.
-ЭМЯ-ны Ёс зүйн хяналтын хороо эрүүл мэндийн судалгааны аливаа төсөл хөтөлбөрт зөвшөөрөл олгохдоо ямар шүүлтүүр тавьдаг вэ?
-ЭМЯ-ны дэргэд Анагаах биологийн судалгааны ёс зүйн хороо ажилладаг. Эл хорооны бүрэлдэхүүнд иргэний, хуулийн, шашны, анагаахын мэргэжлийн эрдэмтэн, эмч нар гээд олон салбарын төлөөлөл багтдаг. Хорооны үндсэн зорилго нь хүнийг биологийн судалгаанд оруулахаас хамгаалах үүрэгтэй.
Түүнчлэн анагаахын салбарт хийгдэж буй эмнэлзүйн болон биологийн бүх л судалгааны протокол буюу аргазүйд хяналт тавьж, тухайн судалгааг хийснээр түүнд хамрагдаж буй хүн, хүний эрх зөрчигдөх вий, туршилтад орж буй амьтан хохирох вий гэдэгт хяналт тавьдаг. Дэлхийн нийтээр аливаа анагаах биологийн судалгаанд Хельсинкийн тунхаглалыг мөрддөг. Анагаах биологийн судалгааны асуудалд хандах дэлхийн нийтийн нэг л зарчим бий.
ЭМЯ-ны Ёс зүйн хяналтын хороо Монгол Улсад явуулж буй эмнэлзүйн бүх судалгаанд Анагаах биологийн судалгааны Хельсинкийн тунхаглалын зарчим мөрдөгдөж байна уу гэдгийг судалгааны аргазүйд нь хяналт тавьж зөвшөөрөл олгодог. ёс зүйн хяналтын хороо нарийн боловсруулагдсан дүрэмтэй. Одоо 400 гаруй хуудас журам мөрдөж, мэргэжлийн шинжээч нар судалгааны арга зүйд хяналт хийдэг.
Мөн тухайн судалгааны арга зүйг их дээд сургуулиудын болон анагаах ухааны чиглэлийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж баталдаг. Дараа нь батлагдсан судалгааны арга зүйд хяналт хийдэг. Судалгаанд хамрагдаж буй хүмүүсийн наад захын эрх ашгаас авхуулаад амь насанд нь аюул учирч болзошгүй туршилт судалгаа явагдахаас хамгаалах сэргийлэхэд манай хорооны үйл ажиллагааны гол зорилго оршдог.
-Танай хорооноос зөвшөөрөл өгсөн судалгааны дундаас нь ямар нэг сөрөг нөлөө гардаг уу?
-Судалгааны явцад янз бүрийн үзэгдэл гарч болно. Ёс зүйн хорооны зөвшөөрөл өгч буй судалгаан дотор өмнө нь хүнд хэрэглэж байгаагүй цоо шинэ эмийн судалгаа бий. Өдөр тутамдаа эмчилгээнд хэрэглэж буй, өнгөрсөн зуунаас өнөөг хүртэл анагаахын практикт хэрэглэж буй эм, эмчилгээний аргын судалгаа ч мөн байдаг.
-Улаанбаатар хотын сурагчдыг Сүрьеэгийн далд халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө” судалгаа Ёс зүйн хорооноос зөвшөөрөл авсан юм билээ. Гэтэл эл судалгааг Д амин дэм гэх нэрээр шинэ бэлдмэл хүүхдүүдэд уулгаж, биологийн туршилт хийж байна гэсэн мэдээлэл олон нийтэд тарсан.
-Тийм мэдэгдэл яриа гаргаж буй хүмүүс маш дутуу дулимаг мэдээлэлтэй байна. Д витаминыг хүний анагаахын практикт хэрэглээд 100 гаруй жил болж байгаа. Харвардын их сургуулийн эрдэмтдийн оролцоотой судалгаа дээрх судалгааны хувьд Монголд 10 орчим жил хэрэгжиж байна.
Уг судалгааны эхний шатанд Монголд витамин Д-гийн дутагдал байна уу гэдгийг судалсан. Монгол Улсын хүн амын 70 гаруй хувь нь байгаль газар зүй, цаг уур орчны нөлөөллөөс болоод Д амин дэмийн дутагдалтай байна гэсэн дүгнэлт гарсан. Монголын нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын секторын судалгаагаар дээрх дүгнэлт батлагдсан.
Монголчууд дэлхийн төв бүслүүрээс хойшоо умард зүгт амьдардаг. Өндөр уулын энэ бүсэд, хүйтэн сэрүүний улирал нь урт үргэлжилдэг. Монголчууд жилийн 7-8 сарын хугацаанд бид зузаан хувцас өмсдөг. Тиймээс нарны гэрлийн нөлөөгөөр Монгол хүний арьсанд хангалттай витамин Д нийлэгждэггүй.
Учир нь зуны 2-3 сард л нарны гэрлийн нөлөөгөөр витамин Д-гийн нийлэгжилтийг авч чаддаг. Иймээс Монгол хүн Д амин дэмийн хомсдолтой байдгийг тогтоосон. Энэ бол Харвардын их сургуулийн эрдэмтдийн Монголд хийсэн судалгааны анхны үр дүн. Бид энэ судалгааны дүгнэлт гарахаас өмнө витамин Д-гийн тархмал дутагдалтай гэдгээ төдийлөн мэддэггүй байлаа.
Дараа нь өмнөх судалгааны суурин дээр тулгуурлаад халдварт өвчин туссан хүмүүсийн дунд витамин Д-гийн хангамж ямар байгааг судалсан. Тэгэхэд сүрьеэгийн халдвартай хүний дийлэнх нь Д витамины хомсдолтойн улмаас халдвар авсан нь тогтоогдсон. Ийн Харвардын эрдэмтэд дэлхий нийтэд аль хэдийн эмчилгээ нь шийдэгдсэн, урьдчилан сэргийлэх анагаах ухаанд хэрэглэдэг витамин Д-г Монголын нөхцөлд аливаа халдварт өвчин, тэр дундаа сүрьеэгээс сэргийлэх зорилгоор хэрэглэх санал тавьсан. Харин Монголын талаас судалъя гэсэн хариу өгсөн юм билээ. Энэ ажлын хүрээнд Сүрьеэгийн далд халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө судалгааг хийж эхэлсэн.
Улаанбаатар хотод амьдардаг сүрьеэгийн халдвартай хүүхэдтэй нэг ангид сурдаг эсвэл гэр бүлийн нэг гишүүн нь халдвар авсан халдварын эрсдэлтэй сурагчдыг сонгосон. Тэдэнд витамин Д уулгаснаар сүрьеэгийн гаралтыг бууруулах бусад халдварт өвчнөөс сэргийлэх юм. Монголд өмнө нь болон одоо Д амин дэмийг рахит(сульдаа)-тай хүүхдэд эмчилгээний зорилгоор хэрэглэдэг.
Харин уг судалгааны явцад аливаа халдварт өвчнөөс сэргийлэх зорилго тавьсан нь шинэ санаачилга юм. Энэ урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний арга зүйг Монголд нутагшуулах судалгааны ажил амжилттай явагдаж байгаа.
-Нэр бүхий хүмүүс энэ судалгааг “биологийн туршилт” байж магадгүй гэсэн мэдэгдэл хийсэн?
-Энэ бол эмнэлзүйн хяналт судалгаа. Туршилт гэдэг бол шал өөр ойлголт. Ямар ч туршлагыг хүн дээр хийдэггүй. Шинэ эмийн эмнэлзүйн судалгаа хэд хэдэн үе шаттай явдаг. Цоо эрүүл хүн дээр хийх тохиол байдаг. Харин энэ судалгаа бол Д амин дэмийн судалгаа.
Энэ амин дэмийг өдөр тутам нарны гэрлийн нөлөөгөөр арьсаараа дамжуулан авч байх ёстой. Харамсалтай нь монголчуудад тийм боломж хязгаарлагдмал учир эм хэлбэрээр авахаас өөр аргагүй байна. Өрхийн анагаах ухаанд манай өрхийн эмч нар 50 мянган единиц(олон улсын нэгж)-тэй витамин Д-г нярайгаас эхлүүлээд нялх хүүхдүүдэд сард нэг удаа олгодог. Рахитаас сэргийлэх зорилгоор 10 гаруй жил ийм эмчилгээ явуулж байна.
Дан хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүн ч Д амин дэм авч байх хэрэгтэй. АНУ-д хүн витамин Д дутагдсанаас үүдэн өвчилж, халдварт өртдөг гэдгийг 1930-аад онд тогтоогоод хүнсэнд хэрэглэж буй гурилаа Д-гээр баяжуулсан. Энэ стандарт нь хуульчлагдаад өдийг хүртэл явж байна. Монголд “Дээж” сүүнээс өөр энэ төрлийн баяжуулалт хийсэн бүтээгдэхүүн байхгүй. Хэрвээ Монголд хүнсээ Д амин дэмээр баяжуулбал иргэд өдөр тутмын хэрэглээнээсээ витаминаа нөхдөг болно.
-Д амин дэм нэрээр хүүхдүүдэд өөр бэлдмэл уулгаад байна гэсэн хардлага бий. Ийм зөрчил гарахаас хэрхэн урьдчилан сэргийлж хянадаг вэ?
-Хардах зүйл байхгүй. Эмнэлзүйн судалгаа Хельсинкийн тунхаглалд тусгагдсан гурван алтан зарчмыг баримталдаг. Нэгдүгээрт хянах, дараа нь сонголттой байх, гуравдугаарт нууцлалтай байх. Хэрвээ энэ зарчмыг баримтлаагүй бол тухайн судалгаа ёс зүйн хувьд зөрчилтэй, алдаатай болжээ гэж үздэг.
“Улаанбаатар хотын сурагчдыг Сүрьеэгийн далд халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө” судалгаа ёс зүйн хяналтын хорооноос хянаж байгаа, 2019 оныг дуустал үргэлжилнэ. Түүнчлэн хүний эрүүл мэндэд аюултай, эрсдэлтэй судалгаа биш. Дээрх судалгааг АНУ-ын хөрөнгөөр, тус улсын эрдэмтдийн хөндлөнгийн хяналтан дор хийж байгаа.
-Судалгааны явцад Д витамин уусан хүүхдүүдэд сөрөг нөлөө илрэх боломжтой юу?
-Асар өндөр тунгаар, хэтэрхий удаан мөн буруу хэрэглэвэл витамин бүр сөрөг нөлөөтэй. Дээд хэмжээ нь 50 мянган единицээр хэрэглэдэг витаминыг судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд 5-10 дахин бага тунгаар уулгаж байгаа.
-Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлийнхөн ямар шалтгаанаар энэ судалгааны?
-Нийгмийн сонор сэрэмж хэрэгтэй гэдгийг үгүйсгэхгүй. Иргэний, нийгмийн сонор сэрэмж бол байх ёстой зүйл. Гэхдээ сонор сэрэмжтэй байна гээд буруу ташаа мэдээлэл тарааснаар ашигтай ирээдүйтэй, маш чухал эрдэм шинжилгээний ажил зогсоход хүргэж магадгүй.
Энэ судалгаа зогсчихлоо гэхэд ямар хохирол гарч болохыг бодож үзэх хэрэгтэй. Судалгааны нэгдсэн дүнд Монгол Улс хүнсээ Д амин дэмээр баяжуулснаар хүн амаа өвчнөөс сэргийлэх боломжтой гэдгийг нотолж чадна. Би дээрх ТББ-ыг асуудалд ингэж хандаж байгаад нь харамсаж байна. Уг нь мэргэжлийн, албаны хүмүүстэй уулзаж, ул суурьтай судлах байтал шинжлэх ухааны үндэслэлгүй дам яриаг олон нийтэд цацаж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин