Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрхэд халдсан нийт 701 зөрчил бүртгэгджээ. Манай улсад өнөөдрийн байдлаар 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгаагаас 300 орчим нь орон даяар үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн хэрэгсэл байдаг аж. Харин 4000 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан байна.
Өнөөдөр “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллага дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаж “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” судалгааны дүнгийн тайлангаа танилцууллаа. Тус төв 2005 оны аравдугаар сараас хойш Хэвлэлийн эрх чөлөөний тайлан гаргаж эхэлсэн байна.
2017 оны эрх нь зөрчигдсөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дөрвөн радио, 58 вэб сайт, 27 телевиз, 51 сонин тус тус багтсан байна. Түүнчлэн 2017-2018 онд гарсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн 60.6 хувийг шүүх хүчний байгууллагын дарамт /шүүхэд нэхэмжлэл гаргасан/ эзэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн тоо өмнөх оноос гурав дахин өсч, 182 бүртгэгджээ.
Харин хэвлэл мэдээллийн салбарын анхны өөрийн зохицуулалтын байгууллага болох “Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл” 2017 онд 16 иргэн, аж ахуйн нэгжээс ирсэн 49 хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох гомдлыг хэлэлцсэн байна. 2017 онд улсын хэмжээнд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндтэй холбогдох иргэний 49 хэргийг шийдвэрлэснээс 12 нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой байжээ.