Степ Голд гэх компани Дорнод аймгийн Цагаан овоо суманд 30 тонн алт олборлох гэж иргэдийг “мэхэлжээ”. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр зургаан иргэнд орон сууцны дэмжлэг нэртэй байшин барьж өгч буй зураг олон нийтийн цахим сүлжээнд цацагдаад байна. Энэ талаар Чулуун Эрдэнэбат гэх хаягтай иргэн фэйсбүүктээ ийнхүү нийтэлжээ.
Тэрбээр ” 30 тонн алтыг нь авахын тулд Дорнод аймгийн цагаан овоо сумын 6 иргэнд үзүүлж буй орон сууцны дэмжлэг гэнэ дээ.Степ голдынхон ажилсаг буриад зонг ядуу тарчиг гэж дорд үзээд байна уу аль эсвэл хэдэн дарга нарын маань ам нүдийг таглаад хаячихсан уу.Баргийн буриад хүн ийм амбар барихгүй шүү наадуул чинь сүхээ бариад хийхэд хэдэн зуунаар амьдрах дүнзэн байшин барьдаг зон шүү.Аймаг сумын дарга нар яагаад энэ Степ голдын үйл ажиллагаанд дуугарахгүй байнаа.
Аймгийн ИТХ-ын дарга Хишигтогтох та насаараа сонгогдсон тойргоосоо яагаад нүд чих сэтгэл 3 аа буруулаад байна даа хардах эрхийн хүрээнд элдэв юм бодогдоод байна шүү.30 тонн алтыг бодох уу. 1кг алт ойролцоогоор 100 сая гээд бодохоор за за миний мэдэхгүй тоо байна.Харин 6 амбаарыг бол төвөггүй бодноо үсрээд нийлээд 7-8сая нэг кило алтны үнийн ч хаана ч хүрэхгүй нээ янз нь Тэд биднийг ингэж дорд үзэж байгаа бол бид бас өөрсдийнхөө үнэ цэнээ сайтар ойлгуулах хэрэгтэй.Аймгийн засаг дарга, ИТХ дарга нараа нүдээ нээхгүй бол нутгийг маань зах банзаар хийсэн хэдэн амбаараар Степ голд нэрээр нүүрээ нуусан Сентера гоулд гэх тонуулчид ухахаар айсуй.Та хоёр бодвол Ард түмэнтэйгээ биздээ” хэмээжээ. Энэ тухай Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын холбогдох албаны хүнээс тодрууллаа.
-Сайн байна уу, Цагаан овоо суманд нэр бүхий байгууллага 30 тонн алтыг авахын тулд 6 иргэнд нэг кг алтны ч үнэ хүрэхгүй байшин барьж өгч байна гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Мэргэжлийн байгууллагууд нь нөхцөл байдалтай танилцаж шалгалт хийж байгаа гэх албан ёсны мэдээлэл байна. Тиймээс сайн мэдэх юм алга.
– Аймгийн удирдлагуудын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа юм бол?
– Холбогдох албаны хүмүүс нь тодорхой үүрэг чиглэл өгч байгаа. Энэ талаар Уул уурхай хариуцсан мэргэжилтнээс нь асуусан нь дээр байх. Олон нийттэй харилцах хэвлэл мэдээллийн албанд тодорхой мэдээлэл алга.
– Алт олборлогч компанийг эсэргүүцэж нутгийн иргэд дөрөвдүгээр сарын 30-нд жагсахыг уриалсан байсан. Үнэхээр жагсаал болсон эсхи талаар мэдээлэл байна уу?
– Дөрөвдүгээр сарын 30-нд сумын иргэд төв дээрээ жагссан.
Албан тушаал, нэрээ хэлэхийг хүсээгүй Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарын холбогдох албаны мэргэжилтэн ийм мэдээлэл өгсөн юм. Харин энэ мэдээллийг түгээсэн Чулуун Эрдэнэбат гэх иргэнтэй бид эргэн холбогдох болно.