ЭНЭ ӨДӨР
-1936 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 11.00 цагийн үед Япон, Манжийн талаас найман машинтай 200 гаруй цэрэг манай улсын дархан хилийг нэвтрэн “Адаг дулаан”-ы харуул руу довтолсон мэдээ ирлээ-
Аливаа үйлсийн анхдагч нь болно гэдэг эрхэм алдар гавьяа тэр болгон хүнд амархан олддоггүй ховорхон хувь заяа билээ. Чухам үүний учир тэдний гавьяаг үеийн үед мартах учиргүй юм. Тийм гавьяат үйлстний нэг бол Монгол Улсын анхны нисгэгч Дэмбэрэлийн Жамбаа юм.
Анхны нисгэгчийн хувиар тэр үлгэрт л гардаг төмөр шувуу гээчийг хөлөглөн хөх тэнгэрт дүүлсэн төдийгүй Монголдоо агаарын замыг анхлан нээснийг, Монгол залуучууддаа нисэх онгоц жолоодохыг анхлан зааж сургаж явсныг, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдалд халдсан харийн түрэмгийлэгчдэд агаараас цохилт өгөх байлдааны нислэг хийсэн анхны нисгэгчдийн нэгэн болохыг, мөн цаг төрийн цөвүүнд хэлмэгдэн ид хийж бүтээх 31 насандаа хилсээр хороогдсоныг ч түүх бэлхнээ гэрчилдэг юм.
Тэрээр Монголын Ардын Хувьсгалт Цэргийн Нисэх бригадын байлдааны нэгдүгээр отрядын дарга, Жанжин штабын шуудангийн тусгай отрядын дарга хүртэл өндөр албан тушаал хашиж, жирийн цэргээс анхны нисгэгч хурандаа цол хүртсэн манай нисэх хүчний ууган дарга нарын нэг байлаа.
Шинэ тулгар Монгол Улс нисэх онгоцтой болох хүсэл сонирхол 1924-1925 онд өрнөж ард иргэдийн дунд санаачлага өрнөж, цуглуулж хуримтлуулсан хөрөнгөөр анхны нисэх онгоцоо худалдан авсан, мөн Зөвлөлт холбоот улсаас Монголын Зэвсэгт Хүчинд тусламж болгон Ю-13, байлдааны Р-1 онгоцны анхны цуваа 1925 оны 5 дугаар сарын 25-нд хүрэлцэн ирснээр манай нисэх хүчний түүх эхэлсэн түүхтэй.
Анхны гурван онгоцон дээр “Хувьсгалт нам”, “Хувьсгалт Монгол”, “Хувьсгалт залуучууд” гэсэн үгсийг бичсэн нь ард түмний хөрөнгөөр бүтээсэн гэсэн тэрхүү утга санааг илэрхийлсэн хэрэг байв. Хөрөнгө хуримтлуулан онгоц худалдан авахын зэрэгцээ тэдгээрийг эх орондоо хүлээн авах бэлтгэлийг ч төр засаг чухалчлан үзжээ.
Улаанбаатар хотын зүүн хойд Консулын дэнжид онгоц бууж хөөрөх талбайг сонгож, цэргийн сургуулийн 14 сурагчдын хүчээр засч тэгшлэн тус сургуулийн хашааны ойролцоо онгоц байрлуулах байрыг хүртэл бэлтгэжээ. Монгол Ардын Хувьсгалт Цэрэг/МАХЦ/-ийн шинэ зэвсэг болох анхны онгоц 1925 оны тавдугаар сарын 25-нд Улаанбаатарт газарджээ. Улаан-Үүдээс хөөрсөн“Ю-12” тээврийнзориулалттай онгоцыг Зөвлөлтийн нисгэгч АА.Лапин анх жолоодон ирсэн нь энэ.
1925 оны сүүлчээс эхлэн нисэх онгоцны ангид Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн/МХЗЭ/-ийн илгээлтээр шилдэг залуучуудыг сонгож ирүүлсэн байна. Хамгийн түрүүнд хожим нь Цэргийн ерөнхий сургуулийн захирал болсон А.Содном, Завхан аймгийн хамгаалахын Гүржав, цэрэг Содном, Бүргэд, Нацагдорж, Гэндэнжав, дараа нь Цэргийн дэргэдэх “Жавхланг бадруулагч” үүрээс эвлэлийн гишүүн Д.Лхамжав, Н.Сандуйжав, Х.Шарав, Д.Гэлэгравжаа, бусад үүрээс Ч.Шагдарсүрэн, Б.Батцэрэн, Д.Жамбаа нар иржээ.
Тэд Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг дагалдаж нисэх онгоцны моторчин, төмрийн дархны мэргэжил эзэмшсэн байна. Эдний дотроос сурлага сахилга, идэвх сонирхол, авьяас чадвараараа шалгарсан Ч.Шагдарсүрэн, Б.Батцэрэн, Д.Жамбаа нар Зөвлөлтийн мэргэжилтэн Лозик, А.А.Лапин нарыг хоёр жил шахам дагалдан сургуулилж, “Р-1” онгоцны нисгэгч болжээ. ЗХУ 1925-1927 онд “Р-1” онгоц тавыг Монголын Ардын хувьсгалт цэргийн зэвсэглэлд шилжүүлжээ. Ч.Шагдарсүрэн, Д.Жамбаа нар 1930 оны тавдугаар сард уг онгоцоор Улаанбаатар-Өндөрхаан-Баянтүмэн-Тамсагбулаг-Улаанбаатар чиглэлд нисч хоёр талдаа 2000 гаруй км урт агаарын замыг анх нээсэн нь ард олонд нисэх онгоцыг сонирхуулан сурталчлахын хамт улс орныг батлан хамгаалах хэтийн зорилттой байлаа. Тэдний энэхүү гавьяа зүтгэлийг өндөр үнэлж, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Тэд мөн “Ю-13” онгоцоор алс холын замд чадамгай аялан, Монгол орныхоо нутаг дэвсгэр дээрх агаарын шинэ шинэ замыг нээсэн түүхтэй. ЗХУ-аас 1931 онд худалдан авсан нисэх онгоцуудыг галт тэргээр тээвэрлэн Улаан-Үүдэд авчирсныг сургагч Жигалин, моторчин Ш.Монгоо, О.Жигжидсүрэн. Т.Шагдар, Т.Лувсанбалдан, Рагчаа нар угсран нислэгт бэлтгэснийг Ч.Шагдарсүрэн, Д.Жамбаа, Б.Батцэрэн нар тэнд нь агаарт шалгаж удалгүй Улаанбаатарт жолоодон авч ирж байсан нь олон улсын нислэгийн замын анхны харгуйг гаргасан эрхэм үйлс байлаа.
Монголын анхны нисгэгчид болох дээрх гурван залуу 1930-1932 онд Оренбург хотын маршал К.Е.Воршиловын нэрэмжит нисэхийн сургуульд суралцан “Р-5” онгоцны багш-нисгэгч мэргэжил эзэмшсэн байна. Д.Жамбааг нислэгийн ур чадвар, орос хэлний мэдлэгээрээ бусад нөхдөөсөө онцгойлон шалгарсан учир тус сургуульд нь багш нисгэгчээр үлдээж орос залууст онгоц жолоодох эрдмийг зааж сургахын зэрэгцээ тухайн үед Улаан армийн зэвсэглэлд шинээр нэвтэрч байсан “И-3” сөнөөгч онгоцоор чадмаг нисч суралцан магтагдаж түүхэнд сөнөөгч онгоцны анхны монгол нисгэгч болон тодорсон байна.
1934 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр МАХЦ-ийн нисэх онгоцны ангийг өргөтгөн Нисэх бригадыг гурван отряд болгон зохион байгуулахад бригадын даргаар Ардын Хувьсгалын партизан Ц.Очир, сургуулийн отрядын даргаар Ч.Шагдарсүрэн, байлдааны нэгдүгээр отрядын даргаар Д.Жамбаа, хоёрдугаар отрядын даргаар Лонжидыг томилжээ.
1930-аад оны эхээр Япон Улсаад Алс Дорнодод явуулж буй түрэмгий үйл ажиллагаа нь улам идэвхжиж 1932 оны 3 дугаар сард Манжуур, Хятадын зүүн хойд нутгийг эзлэн авч “Манжго” гэх тоглоомын улсыг байгуулж, түүний нутгийг ЗХУ, Монголын эсрэг байлдааны талбар болгохоор бэлтгэсэн юм. Япон, Манжийн тал 1934 оны дунд үеэс эхлэн Монгол улсын дорнод хил дээр удаа дараа өдөөн хатгалга үйлдэж хилийн зөрчил гаргаж эхэлсэн байна. БНМАУ-ын зүүн хязгаарын байдал түгшүүртэй болж ирсэн 1935 оны сүүлчээс нисэх бригадын байлдааны 1 отрядыг Тамсагбулагт шилжүүлэн байршуулжээ.
Түүнчлэн Баянтүмэнд онгоц, онгоцны хөдөлгүүр засварлах газрыг байгуулав. Тамсагбулаг, Баянтүмэнд шилжин байрласан манай нисэх хүчний анги салбарууд 1936 оноос эхлэн хил дээр гарч байсан будлианд газрын цэргийн ангиудтай нягт харилцан ажиллаж,Япон, Манжийн цэргийн өдөөн хатгалгыг удаа дараа амжилттай няцааж байсан юм. Цэргийн Явдлын яамны сайд, Бүх царгийн жанжин Г.Дэмид зөвлөхийн хамт 1936 оны 3 дугаар сарын сүүлчээр Баянтүмэнд ирж хил хязгаарыг бэхжүүлэх, хэрэв дайсан томоохон хүчээр довтолбол түүнийг няцаах зохион байгуулалтын арга хэмжээ авч эхлэв.
Монгол Улсын эсрэг Япон, Манжийн цэргийн өдөөн хатгалга 1936 оны гуравдугаар сар гарсаар улам өргөжив. 1936 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 11.00 цагийн үед Япон, Манжийн талаас найман машинтай 200 гаруй цэрэг манай улсын дархан хилийг нэвтрэн “Адаг дулаан”-ы харуул руу довтолсон мэдээ иржээ. Энэ үед зүүн хязгаарт өөрийн биеэр хүрэлцэн очоод байсан “Бүх цэргийн жанжин” Г.Дэмидийн тушаалаар нисгэгч Д.Дэмбэрэл, Д.Жамбаа нар 13 цаг 10 минутад тус бүр 20 ширхэг бөмбөг, 2400 ширхэг сум бүхий “Р-5” онгоцоо жолоодон “Тамсаг булаг”-аас нисэв.
Тэд “Адаг дулаан”-ы харуул дээр ирж, дивизийн даргын тушаалыг дамжуулаад цааш нисч дайсны цуваа руу довтолж эхлэв. Халдан ирсэн дайснууд манай нисэх онгоцуудыг үзмэгц цуваагаа задлан тлаарнэг тарж өөдөөс пулемёт, винтовоор эсэргүүцэн галлаж гарав. Д.Дэмбэрэл, Д.Жамбаа нар эхлээддайсны суманд өртөхгүйн тулд 1000 метрийн өндрөөс анхны бөмбөгөө хаясан нь дайсны нэг машиныг оножээ. Манай хоёр Р-5 онгоц дайралтаа үргэлжлүүлэн бөмбөгдөж дахин нэг машиныг жагсаалаас гаргав.
Манай зоригт хоёр нисгэгчдайсны байрлал дээр тус бүрийн онгоцонд тээж явсан бөмбөгөө хаяж дуусгаад үргэлжлүүлэн шумбан дайрч пулемётоороо галлаад дариу дээш цойлон өндөр авч дайсан этгээдийн байрлалыг сайтар ажиглан тогтоогоод дахин дахин эргэн шумбан дайрч байлаа. Дайсан этгээд манай хоёр онгоцруу байгаа хамаг буу галт хэрэгслээр завсаргүй галласан ч тэр хоёр дахин давтан шумбан дайрч дайсны авто машин хүн хүчрүү галласаар байв.
Гэтэл байлдаан эхлээд бүтэнхагас цаг болж байтал нисгэгч Д.Жамбаагийн онгоцны радиатор дайсны суманд оногдон гэмтэж хөдөлгүүр нь татгалзсаны учир байлдаанаас гарч, Тамсаг булагаас баруун хойш 10 км газарт аргагүйдсэн буулт хийсэн байна. Манай зоригт хоёр нисгэгч Д.Жамбаа, Д.Дэмбэрэл нар эр зориг, ур чадвартаа эрдэн хэт доогуур шумбан дайрч дайсны хамаг буу хэрэгслэлийн хараан өртөж байсан нь тодорхой байна.
Ингээд Д.Дэмбэрэл хагас цаг ганцаараа дайралтаа үргэжлүүлж сум галт хэрэгслээ дуустал нийт хоёр цаг гаруй байлдаад тулаанаас гарчээ. Тэрээр “Адаг дулаан” –ы харуулын даргад дайсны онгоцыг мөрдөн хөөхөө зогсоож, эвдэрсэн машин, хүмүүсийг олзлон авах тухай мэдээ өгөөд буцсан байна.Дайсныг тосч манай газрын хүч мөн хөдөлсөн боловч тэр жил их хүйтэн төдийгүй маш их цас орсон тул зарим газар цасны зузаан 1 метр хүрч байсан нь хуягт машинууд цасанд сууж газраар явахад төвөгтэйн дээр зам будилан төөрч тулалдааны талбарт хоцорч ирсэн байна. Ийнхүү дайсны хүчийг хоёрхон нисэх онгоцны хүчээр бут цохисноор байлдаан дуусч дайсны үлдэгдэл хүч хилийн чинад руу ухарчээ.
Энэ өдрийн байлдаанд Д.Жамбаагийн онгоц дайсны суманд 30 удаа, Д.Дэмбэрэлийн онгоц 29 удаа тус тус оногдсоноос өөр хохирол гарсангүй өгөөд ямар ширүүн тулалдаан болсныг илтгэж байв. Япон, Манжийн талаас дөрвөн машин эвдэрч, 100 шахам хүн алагдаж шархадсан ажээ. Япон, Манжийн цэрэгт цохилт өгч эрэлхэг гавьяа байгуулсан нисгэгч Д.Жамбаа, Д.Дэмбэрэл нарыг БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1936 оны 11 дүгээр тогтоолоор “Байлдааны гавьяаны II зэргийн” одонгоор хөхиүлэн шагнажээ.
Японы нисэх онгоцны ажиллагаа гуравдугаар сарын 30-ны өдөр идэвхжиж эхэлсэн боловч онцын хохирол учруулсангүй.
“Булан дэрс”-ний харуулаас 3 дугаар сарын 31-ний өглөөний 06 цагийн орчим “Улаантолгой” хавиас баруун урагш “Адагдулаан”-ыг чиглэн Япон, Манжийн цэргийн 2 хэсэг авто машины цуваа хөдөлсөн тухай мэдээ ирэв. Тэр нь 90 шахам машин1000 гаруй цэрэг, 12 танк, их буу, долоон нисэх онгоцоор дэмжүүлсэн урьдынхаас том хүч байв. Мөн “Адагдулаан”, “Ар шаврын харуул”-аас дайсны ихээхэн хүч ирж буй тухай мэдээ ирж эхэлжээ.
Дайсны цуваа “Адагдулаан”-ы харуулыг чиглэн хөдөлсөн тухай мэдээг хүлээн авсан Бүх цэргийн жанжин Г.Дэмид түүнийг тосч байлдах шийдвэр гаргаж, 6 дугаар морьт дивизд, нисэх онгоцны нэгдсэн отряд, Матадад байрлаж байсан моторжуулсан отрядын дарга нарт зохих тушаал өгөв.Бүх цэргийн жанжин Г.Дэмидийн тушаал ёсоор А.В.Судец, Д.Жамбаа нарын жолоодсон “Р-5” онгоц Тамсаг булагаас хөөрөв. Д.Дэмбэрэлийн онгоцыг тагнах, холбоо барих үүрэгтэйгээр үлдээжээ.
Япон, Манжийн тал дөрвөн онгоцоор Адаг дулааны харуулыг бөмбөгдөж, улмаар эзлэн авсан байжээ. А.В.Судец, Д.Жамбаа нар замдаа 1000 метрийн өндрөөс дайсны хүчийг тагнавал “Адаг дулаан”-ы харуулын дэргэдэх өндөрлөгийн бэлд 60-70 машин байв. “Тамсагбулаг”-аас ниссэн В.А.Судец, Д.Жамбаа нарын 2 Р-5 онгоц цагхагасын дараа “Баянтүмэн” ниссэн эскадрилийг тосон авч нийлэн “Адагдулаан”-ыг чиглэн нисжээ. Нисэх бригадын сургагч В.А.Судец дайсны хүчийг тагнаж үзээд 1200 метр өндрөөс бүх онгоцны хүчээр бөмбөгдөж, дараа нь пулемётын галаар шумбан дайрах шийдвэр гаргаж9 удаагийн дайралтыг амжилттай хийсний үр дүнд дайсанд багагүй хохирол учруулжээ.
Манай нисэх онгоцнуудын нэлээд нь буудлагын зэвсгийн галд өртсөнөөс гэмтэл авч байлдаанаас гарсан байна. Энэ агаарын дайралтад нэгдсэн отрядын дарга Ч.Шагдарсүрэн, хянагч Өлзийбат,Филь, Новосильцев нар шархаджээ. Дайсны бүлэглэл манай нисэх онгоцны дайралтад өртөж багагүй хохирол үзсэн бөгөөд байлдааны журам нь алдагдаж эмх замбараагүй тарж бутарсан байна.
Энэ байлдаанд дайсны хүчийг бут цохиж ухраахад манай нисэх онгоцууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Монгол, Зөвлөлтийн нисгэгчид эрэлхэгээр байлдсан юм.
Нисэх онгоцны дайралт төгссөний дараахан нь байлдаан болж буй газарт “Тамсагбулаг”-аас хөдөлсөн маневрийн групп ирж дайралтад оров. Сэрээтэр даргатай хуягт сумангийнхны дайралтад дайсны 2 танк өртөж жагсаалаас гарчээ. Маневрын группын бүрэлдэхүүн цасанд суух, машины ус халах зэргээр саатан цувааны журам сунжирснаас нэгэн зэрэг байлдаанд орж чадаагүй байна. Хуягт сумангийн хойноос Зөвлөлтийн пулемётын отряд ирж хуягтуудын хамт дайсны явган цэргийн эсрэг атакт оров.
Энэ үеэр манай нэг хуягт жагсаалаас гарч машины дарга Намсрай, наводчик Гочоо, жолооч Ядамсүрэн нар баатарлагаар амь үрэгджээ. Удалгүй моторжуулсан суман, их буунууд ирж байлдаанд оров. Дайсны сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцнууд маневрын группийн эсрэг дайрч бөмбөгдөж газрын цэргээ хамгаалж байв. Гэвч эдгээр дайралтууд нь онцын хохирол учруулаагүй байна. Нисэх онгоц болон маневрын группын цохилтоос багагүй хохирол үзсэн дайсан ухарч эхэлжээ. Орой болж байлдааны ажиллагаа түр зогсон “Адагдулаан”-ы харуул өөрийн хуучин байрлалаа эзлэн авав.
Дайсан 4 дүгээр сарын 1-нд нисэх онгоцны ажиллагаагаа идэвхжүүлж эхэлсэн боловч газрын цэрэг нь дахиж дайралт хийсэнгүй. Матадаас хөдөлсөн моторжуулсан отряд 31-ний өдрийн байлдаанд оролцсонгүй харин 4 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэдЯпоны нисэх онгоцуудын дайралтад хэд хэдэн удаа өртсөн боловч онцын хохирол үзээгүй байна.
Монголын Ардын хувьсгалт цэргийн нисэх бригадын хувьд 1936 оны гуравдугаар сарын сүүлчээр болсон энэ байлдаан анх удаагийн томоохон байлдаан болсон бөгөөд бэлэн байдал, байлдах ур чадварыг нь шалгасан бас нэгэн сорилт болов. Монгол Улсын хил хязгаарт халдан довтолсон дайсантай эрэлхэг зориг гарган байлдаж гавьяа байгуулсан Монгол Ардын Хувьсгалт Цэргийн олон арван дарга, цэргийг төр засаг өндөр үнэлж сайшаан урамшуулжээ.
БНМАУ-ынБага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайднарын Зөвлөлийн 1936 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 17 дугаар хурлын тогтоолоор “дайсан этгээдэд туйлын хатуу цохилтыг өгч цаг тухай дор няцаан устгаж чадсаны дээр өөрийн улсын тусгаар тогтносон байдал ба эрх чөлөөт үндсэн газар нутгаа хатуу чийргээр хамгаалж Монгол Улсын эртний үеийн эрэлхэг түүхт байлдааны их сүр хөгжлийг дайсны өмнө ил тодорхойгоор үзүүлж чадсан” учир хоёрдугаар морьт корпусын агаарын отрядын штабын дарга нисгэгч Д.Дэмбэрэлд “БНМАУ-ын агаарын зоригт баатар” цол олгож, нисэх хүчний нэгдсэн отрядын дарга Ч.Шагдарсүрэнд “Улсын эрхэм нисгэгч” цол олгож, Улаан тугийн гуравдугаар зэргийн, нисэх бригадын сургагч В.А.Судецийг хоёрдугаар зэргийн одонгоор шагнажээ.
Монголын Ардын Хувьсгалт Цэргийн Нисэх хүчин оролцсон 1936 оны байлдаан нь манай нисэх хүчний түүхэнд анхны томоохон агаарын тулалдаан болсон ба нисэх хүчин сургалт бэлтгэл, байлдах чадвараа ямар төвшинд байгааг мэдэх, харьцуулж үзэх том шалгалт болсон байна. Энэ байлдаанаар газрын цэрэгтэй тэмцэх талаар багагүй туршлага олж авсан бөгөөд байлдах арга тактикийг цаашид улам боловсронгуй болгоход чухал нөлөө үзүүлж бас өөрийн сул талыг мэдэж авснаараа ихээхэн сургамжтай болсон юм.
1935-1937 оны үед манай улсын зүүн хил хязгаарын байдал түгшүүртэй байсантай зэрэгцэн Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт дээд цэгтээ хүрч, тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан байна. Хүмүүсийг голдуу “Японы тагнуул” хэмээн хэлмэгдүүлж байжээ. Энэ их хэлмэгдүүлэлтээр тэр үеийн Монголын сор болсон гайхамшигт сэхээтнүүд хилс хэрэгт гүтгэгдэж баривчлагдан шийтгүүлж, олонхи нь цаазаар авахуулсан нь нийт насанд хүрсэн эрчүүдийн 15 хувийг хамруулсан эмгэнэлт түүх юм.
МАХЦ түүний дотор Монголын нисэх хүчний нийт бүрэлдэхүүн, боловсон хүчинд айхтар цохилт өгч ЗХУ-д болон дотооддоо олон жилийн турш өндөр үнээр бэлтгэгдсэн, дайн байлдааны туршлагатай, нислэгийн ур чадварыг гоц эзэмшсэн олон арван нисгэгч, техникч, албан хаагчид, авьяаслаг дарга нарыг олноор хэлмэгдүүлсэн юм.
Монголын нисэх хүчний албан хаагчдыг улс төрийн талаар хэлмэгдүүлж шууд баривчлах, бусдын мэдүүлгээр нэр илэрсэн хэмээн ял тулгах, өөрийгөө илчлэх тушаал тулган хэрэг хүлээлгэх, урьдчилан судлаад улс төрийн найдваргүй этгээд гэж ажлаас халах, баривчлах, нисэх онгоцыг гэмтээж эвдэх буюу хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байсан гэх гүжир ял тулгах зэрэг төрөл бүрийн арга хэрэглэж байсан нь туйлын жигшүүртэй.
Монголын нисэх хүчнээс 47 хүнийг баривчилж, янз бүрийн шалтгаанаар 71 хүнийг ажлаас нь халсан байна. Эдгээрийн дотор анхны нисгэгч, хурандаа Д.Жамбаа, Ч.Шагдарсүрэн, Д.Дэмбэрэл, нисэх бригадын анхны комиссар Д.Бадамхатан /маршал Г.Дэмидийн садан/, Улаан тугийн одонт нисгэгч Р.Самдан, нисэхийн анхны техникчдийн нэг Л.Дамдин, анхны хянагчдын нэг П.Цэдэв зэрэг алдар цуутай хүмүүс, нисэх отрядын дарга Ч.Санжжав, С.Гомбо, нисэх сургуулийн захирал Б.Чоймбол, эскадрилийн дарга Ж.Дашдаваа, хэсгийн дарга Т.Төмөр, нисэх эскадрилийн байлдааны ангийн дарга Г.Дорж, зэвсэглэл албаны дарга Ц.Буджав, нисгэгч Т.Дамбий, Д.Жамц, Д.Жүгдэр, техникч Д.Мэнд, Б.Сэнгэдоо нарын зэрэг гэм зэмгүй удирдах болон дунд тушаалын дарга нар, нисгэгч, нисэхийн техникийн ажилтнууд хэлмэгдэн хохирчээ.
Ийнхүү МАХЦ, Монголын нисэх хүчний боловсон хүчнийг олон арваар нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн нь байлдааны болон улс төрийн бэлтгэл, байлдах чадвар, цэргийн албан хаагчдын ёс суртахуун, сахилга батад муугаар нөлөөлж, Монгол Улсын цэргийн боловсон хүчнийг бэлтгэх талаар явуулж байсан бодлогод хүнд цохилт болсон юм.
Хурандаа Д.Жамбааг БНМАУ-ын ДЯЯ-ны сайд, Улсын өрлөг жанжин Х.Чойбалсангийн 1927(37) оны наймдугаар сарын 10-ны өдөр баталсан Дайчлан баривчлах тогтоолоор тус яамны Улсыг аюулаас сахиж хамгаалах хэргийг удирдах ерөнхий газрын Тусгай хэлтсийн төлөөлөгч, хамгаалагч Дашзэвэг, Насантогтох нар Японы тагнуул, хувьсгалын эсэргүү хилс хэрэгт холбогдуулан дайчлан баривчлах санал төлөвлөн наймдугаар сарын 10-ны үүрийн 04 цагт гэртээ амарч байхад нь ирж баривчилж, харгис хатуу эрүү шүүлт тулган тамлаж, зохиомол хэрэг гүтгэн тулгаж, олон хоногоор гянданд тарчлаан зовоосны эцэст 1937 оны аравдугаар сарын 25-нд шүүх цаазын бичгийн 43, 44 зүйлээр хөрөнгийг нь хурааж, цаазаар авах ялаар шийтгэжээ. Хожим 1991 онд Улсын дээд шүүхийн Цагаатгах комиссын 108 дугаар магадлангаар түүний гэм буруугүйг нотолж цагаатгажээ.
Д.Жамбаа нь ДЯЯ-ны Тусгай хэлтсийн цэргийн тасгийн дарга, байцаагч Мандал, Лувсандоной нарт өгсөн мэдүүлэгтээ “би 1906 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Асгатын хүрээнд мяндаг тушаалгүй лам байсан, 1925 онд сайн дураар хар болж цэрэгт ирсэн. 1926 оны хоёрдугаар сараас тавдугаар сарын 20 хүртэл хотод оюутны сургуульд явж байсан. 1926 оны тавдугаар сард нисэх онгоцны техникчийн сургууль, 1930-1933 онд ЗХУ-ын Оренбург хотын нисэх онгоцны жолоочийн сургууль хийж төгссөн.
1937 оны наймдугаар сар хүртэл байлдааны нисэх отрядын дарга, баригдахын өмнө цэргийн нисэх онгоцны шуудангийн отрядын даргаар ажиллаж байсан, МАХН-ын гишүүн, хурандаа цолтой, ам бүл 6, хувь хөрөнгө 70, Сайн ажилласан учир байлдааны буу 3 ширхэг, мөнгөн хайрцаг, цаг тус тус нэгээр шагнуулж байсан, Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Улаан тугийн одонгоор, 1936 онд Япон, Манж лугаа баатарлаг байлдсаны учир Улаан тугийн 2-р зэргийн одонгоор шагнагдаж байсан”, “Жамбаа миний биед хувьсгалын эсэргүү санаа бодлогыг агуулж, Хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож, хувьсгалын эсэргүү ажлыг хийж явсан удаагүй бөгөөд харин манай нисэх онгоцны бригад болоод отрядуудад хувьсгалын эсэргүү, хорлон сүтгэгч этгээд нар байсныг би мэдэх бөгөөд “тэд нарыг яахан илрүүлж эсэргүүцэн тэмцэх билээ” хэмээн бодож ажиллаж явснаас өөр тийм хувьсгалын эсэргүү ажлыг хийж яваагүй амой” … гэжээ.
Хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагаа бүр 1960-аад оноос эхэлсэн хэдий ч түүнийг нилээн хожуу буюу Ардчилал хөгжсөн хойно1991 онд цагаатгажээ. Ийнхүү урт удаан хугацааны турш эсэргүүний эгнээнд байлгаж, түүний талаар өгүүлэхээс цэрвэн, үйл хэргийг нь үнэн мөнөөр судалж, хөөцөлдөх хүн байгаагүйн улмаас удаа дараагийн түүхийн баримтат ном зохиолоос хасагдуулж, баатарлаг нисгэгчийн түүхийг бүдгэрүүлэхэд хүргэсэн байна.
Хурандаа Д.Жамбааг ДЯЯ-аас нийт 8 удаа байцаасан байх ба эхний 2 удаагийн байцаалт нь л үнэний ортой бөгөөд бусад нь илт гүжирдсэн, хуурамчаар үйлдсэн, өмнөөс нь худал зохиож бичсэн байх магадлалтай байна.
Түүнийг Зөвлөлтийн сургагч нарын өөдөөс эсэргүүцэж хэрэлддэг, бусдыг хэл амаар доромжилж загнадаг, архи ууж, зодоон цохион хийдэгхэмээн буруутгаж байсан байна. Тэрээр нисэх онгоц жолоодох урлагийг гарамгай сайн эзэмшсэн эрэмгий нисгэгч байжээ. Түүнийтөрлөхийн эрдүү хурц зан төрх, хэнийг ч шүүмжилж чаддаг, хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг шударга дайчин чанар нь зарим хүмүүст таалагдаагүйгээс хэлмэгдэх нэг шалтаг болсон байж болох төдийгүй жилийн өмнө байгуулсан гавъяаг нь дутуу үнэлж баатар цол олголгүй ялгаварласан ч байж магадгүй юм.
Мөн тэрээр Ерөнхий сайд Гэндэн болон Бүх цэргийн жанжин Г.Дэмидийг хөдөө орон нутаг, хил хязгаарын байдлыг бэхжүүлэхзэрэг улсын чухал ажлаарнисэх онгоц хөлөглөн ажлаар явахад удаа дараа нисэх онгоцны жолоочоор томилогдож байсан нь хувьсгалын эсэргүүн Гэндэн, Дэмидийн бүлгийн гишүүн хэмээх хилс хэрэгт гүтгэгдэх бас нэг шалтгаан болсон байна.
МАХЦ, түүний дотор Монголын нисэх хүчний боловсон хүчнийг 1937-1939 онд олон арваар нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн нь байлдааны ба улс төрийн бэлтгэл, байлдах чадвар, цэргийн албан хаагчдын ёс суртахуун, сахилгад муугаар нөлөөлөөд зогсохгүй хожмын дайн байлдааны амжилтанд ч эсрэгээр нөлөөлсөн нь тодорхой юм.
МАХЦ-ийн нисэх хүчний түүх, архивын материалаас судалж үзэхэд Д.Жамбаа онгоцны моторчноос эхлээд байлдааны онгоцны нисгэгч, байлдааны нисэх отрядын даргаар ажиллаж, хурандаа цол хүртэж, харийн дайснаас эх орноо хамгаалах байлдаанд эрэлхэг гавьяа байгуулан байлдааны гавьяаны одонгоор хоёр ч удаа шагнуулж байсан нь, Улсын баатар Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн нартай эн зэрэгцэх алдарт нисгэгч байжээ. Тэрээр Ю-13, Ю-33, К-5, Ган-3, Р-1, Р-5, И-3, У-1, У-2 зэрэг тэр үеийн агаарын бүх хөлгийг жолоодон нисэж, морь шигээ унаж эдлэн, чадмаг жолоодож, олон залууг сургасан анхны багш-нисгэгч, Жанжин штабын агаарын шуудангийн тусгай отрядын даргаар ажиллаж байсан Монголын нисэх хүчний анхдагчдын нэг жинхэнэагаарын зоригт шонхор байлаа.
Монгол Улсын баатар, гавьяат нисгэгч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хошууч генерал Дугарын Гунгаа гуай түүний тухай дурсан ярихдаа “Дэмбэрэлийн Жамбаа их сайн нисгэгч байсан. Нислэгийн ур чадвараараа Шагдарсүрэнгээсээ илүү байсан гэж Зөвлөлтийн нисгэгч сургагч нар хэлдэг байв.
Тэрээр анх намайг байлдааны онгоцны бие даасан нислэгт шалгаж, нисэх эрх олгосон буянтан. Өөрийгөө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Зуны гол, Олон булаг, Тосны голоор нутаглаж байсан гэж ярьж байхыг сонссон. Эхнэр нь З.Соль гэж алдартай эмэгтэй байсан. Өвөрхангай аймгийн хүн. Түүнийг бид эгчээ гэдэг байлаа.
Тухайн үед Жамбаа шиг нисгэгч Монголд байхгүй гэж Зөвлөлтийн мэргэжилтэн, зөвлөхүүд их магтдаг байв. Жамбаа надаас зургаа долоо ах. 1934-1936 оны байлдаанд сайн оролцож Улаан тугийн одонгоор хоёр удаа шагнуулсан, гялалзсан, их сүрлэг, цог жавхаатай, цангинасан дуутай нисгэгч явдагсан, Нисэх хүчний 40 жилийн ойгоор баатар цолыг нь нэхэн ологох гэхэд төрлөх сумынх нь дарга хөдөлж өгөлгүй хоцроосон” хэмээн дурссан байдаг.
Үнэхээр Ю.Цэдэнбал дарга 1964 онд Д.Жамбаад “Улсын баатар цол” нэхэн олгох санал санаачилга гаргасан ч зарим нэг урагшгүй хүний харгайгаар бүтэлгүйтэж, улмаар мартагдахад хүрчээ. 1964 онд Нисэх хүчний 40 жилийн ойгоор ЗХУ-аас хүндэт зочдыг урихад Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ), Монгол Улсын баатар, нисэх хүчний маршал В.А.Судец иржээ.
В.А.Судец бол 1934-1937 онд Монголд ирж, энэ салбарыг үүсч хөгжих бүхий л эхлэлийг гардан гүйцэтгэсэн төдийгүй баруун хязгаарын Байтаг Богд, Дорнод хилийн Адаг дулаан, Булан дэрсний харуул, Буйр нуур орчмын байлдаанд монгол нисгэгчидтэй мөр зэрэгцэн дайтаж явсан баатарлаг түүхтэй хүн билээ. Тэрээр “Танай Жамбаа, Шагдарсүрэн хоёр жинхэнэ баатар хүмүүс байсан.
Танайх тэр хоёр хүнээ баатар болгооч, тэд чинь аль хэдийнэ баатар цолныхоо болзлыг хангачихсан хүмүүс шүү” гэж Ю.Цэдэнбалдаргад санал тавьсан аж. Үүний дагуу Ю.Цэдэнбал дарга орон нутгийн удирдлагад нь хандаж, тэр хоёрын тодорхойлолтыг нь ирүүлэх үүрэг даалгавар өгсөн юм билээ. Булган аймгийн Могод сумынхан Ч.Шагдарсүрэн баатрын тухай их сайхан тодорхойлолтыг тэр даруй хийж ирүүлснээр түүнд “Монгол Улсын баатар” цолыг нэхэн олгожээ.
Харин тухайн үед Тосонцэнгэл сумыг удирдаж байсан дарга нар “энэ хүнд хамаатан садан гэх хүн энд алга, хэн ч түүнийг мэдэхгүй юм байна” гэж шалтаглаад огтхон ч хөдлөөгүйн уршгаар Д.Жамбаа хурандаа “Монгол Улсын баатар” цол хүртэж чадалгүй хоцорсныг эдүгээ нэхэн санахад даанч харамсалтай. Магадгүй, түүний ах дүү, төрөл төрөгсөд нь эсэргүүний хань хамсаатан гэгдэж тухайн үед элдэв дарамт шахалтанд өртөж, хэцүү бэрхээс болоод овог нэрээ өөрчилж нуугдацгаасан эсвэл нутагтаа амьдарч байсан ч дахин хэлмэгдүүлж хяхаж хавчих вий гэж болгоомжлон нуугдмал оршин амьдрах болсонбайж ч болох юм.
Судец Маршал мөн Д.Жамбаагийн эхнэр нь Соль гэж хүн байх ёстой, тэр хүнийг олж надтай уулзуулна уу” гэсэн хүсэлт тавьсаны дагуу Соль гуайг уулзуулсан бөгөөд энэ уулзалт нь Д.Жамбаа агсныг баатар цолоор нэхэн шагнуулах, түүний тодорхойлолтыг орон нутгаас гаргуулах, төрөл төрөгсдийг нь олж тогтоох зорилго агуулсан нь тодорхой. Судец маршалд үйлчилсэн хүн нь золоор Соль гуайн төрсөн охин С.Оюуны нөхөр Мятавын Пэлжээ (Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Геологийн яамны сайд агсан) байсан гэдэг.
Соль гуай 1970 онд “ГАЗ-69” машин хөлөглөн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Төмөрбулаг сумаар явж, Д.Жамбаа агсны төрөл төрөгсдийг хайн олж Жамбаа гуайн төрсөн дүү Цэвэгжав гуайг нөхөр Чадраабалынх нь хамт Улаанбаатарт авч ирж гэртээ хэд хонуулсан байдаг. Ингэж ирэхдээ Соль гуайн том охин С.Оюуныд очиж байсан байна. хотод авчран гэр орноороо оруулж, хонон өнжин ярьж хуучилж байсныг түүний отгон хүү архитекторч С.Одон болон Д.Жамбаа гуайн ойрын садан Дугаржавын Магсаржавын Өлзийбат нар дурсан ярьдаг. Өлзийбатын ярьсанчлан Тосонцэнгэл суманд Шагж гэдэг айл Дугаржав, Чүлтэм (Асгатын хүрээний маарамба), Дэмбэрэл (Мээрэн), Заан, Зохио (Цохио)гэсэн5 хүүхэдтэйбайсан. Охин Зохиогоос Жамбаа, Цэвэгжав гэдэг хоёр хүүхэд гарсан. Хүү Жамбааг нагац ах Дэмбэрэлээрээ овоглож, охин Цэвэгжавыг Дугаржав гэдэг нагац ахаараа овоглосон.
Үндэсний архивын газарт байгаа Монгол Улсын хүн амын бүртгэлээс Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын тухайн үед Хантайшир уулын аймгийн Наранжаргалант уулын хошууны 1925 оны хүн амын тооллогыг шүүрдэн үзэхэд Дэлгэр сумын нэгдүгээр арван, 1202 дахи өрхийн тэргүүн Дэмбэрэл эр, 50 настай хар, малын ажилтай, ам бүл 6, түүний гуравдугаарт Дэмбэрэл эр, 19 настай, зээ, лам, хурлын ажилтай, тангад номтой гэж бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь Соль гуай 1991 онд Өвөрхангай аймгийн ойд уригдаж очоод бие нь муудаж удалгүй нас барснаар Улс хувьсгалын 70 жилийн ойгоор Д.Жамбаа гуайн баатар цолыг нэхэн олгуулах ажлыггардан хөөцөлдөх хүнгүй болж улмаар мартагдахад хүрчээ.
Харин БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 1971 оны тавдугаар сарын 07-ны өдрийн 99 дугаар Зарлигаар Монгол Ардын Хувьсгалын хагас зуун жилийн ой болон фашист германыг, түүний холбоотон милитарист Японыг бут цохисон их ялалтын ойг тохиолдуулан нисэх хүчний Маршал В.А.Судецид БНМАУ-ын Баатар цол олгож, Сүхбаатарын одон, “Алтан таван хошуу” медалиар шагнажээ.
Д.Жамбаа гуайн гэргий Зундуйн Соль нь 1913 онд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. Гэрээр бичиг үсэг заалгаж бичиг үсэгтэй болсон. Өвөрхангай аймгийн намын хороонд тал бичээчээр ажиллаж байгаад 1929 онд 16 настайдаа хотод ирж Намын шинэ хүчний сургуульд нэг жил суралцан 1930 онд Ховд аймгийн МАХН-ын хороонд томилогдоод эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга хийж, бичиг үсэг зааж байжээ.
Тэр үед Ю.Цэдэнбал дарга Увсаас бяцхан хүүхэд ирж бичиг үсэг заалгасан гэлцдэг. 1931 онд Улаанбаатарт ирж, Хоршоодын төв холбооны ерөнхий хороо, дараа нь Хэнтий аймгийн Хоршоодын холбооны даргаар ажилласан байна. Удалгүй Хоршоодын төв холбооны ерөнхий хорооны гишүүнээр томилогдон маршал Х.Чойбалсангийн тушаалаар Монгол цэргийн хүнс хариуцсан дарга, Төв хороо, Засгийн газрын тусгай төлөөлөгчөөр ажиллаж байв. Хожим Москвад Коммунист намын дээд сургуульд суралцан “Улаанбаатар” зочид буудлын анхны даргаар томилогдон ажиллажээ. Дараа нь Румын улсад дөрвөн жил худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ.
З.Соль гуайн хүү С.Одонярих нь “ээжийг тэтгэвэрт гарахад нь Ю.Цэдэнбал дарга “Та бол миний анхны багш шүү дээ” гээд Төв хорооны хүндэт жуухаар шагнаж байж. Хожим нь Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороон дээр янз бүрийн ёслол, уулзалтад оролцоход Б.Дорж, Б.Цог зэрэг генерал, Л.Дандар баатар зэрэг алдартнууд ихэд хүндэтгэж уулздаг байсан. Манай ээжийг 1937 онд, нөхрийг нь баригдсаны дараа түүнийг эсэргүүний эхнэр гэж намаас хөөлгөхөөр зарим хүмүүс оролджээ.
Ээж бушуухан маршал Х.Чойбалсан дээр гүйж очиж. Маршал цаад хүмүүсийг нь зад загнаж, болиулж байжээ” гэж дурссан юм. Соль гуайнх таван хүүхэдтэй, С.Оюун (орос хэлний багш, Эвлэлийн төв хороонд олон жил ажилласан), С.Март (эх нялхсын эмнэлэгт хүүхдийн эмч), С.Туяа (худалдааны байгууллагад ажилласан), С.Магсар (Ардын багш, гавьяат дасгалжуулагч, зууны манлай дасгалжуулагч), С.Одон (архитекторч) нар юм.
Д.Жамбаа агсаныг судлаач миний бие энэ хүнтэй садан төрлийн холбоо хэлхээ байхгүй ч яахын аргагүй миний аав ээжийн алтан нутгийн хүн билээ.
Намайг 9 настай, 2 дугаар ангийн балчир хүүхэд байсан 1974 оны 11 дүгээр сард манай гэрт нутгийн хоёр хүн ирж аав ээж хоёртой хуучлан ярьж байсан нь одоо ч тод санагддаг. Тэд бол нэг нь их барилгад олон жил ажилласан Литэвийн Сосорбарам гэгч “Дэнжийн-1000” гэгдэх барилгачдын байранд амьдардаг эмэгтэй, нөгөө хүн нь “Зурагт” орчимд амьдардаг гэх 50 орчим насны эр, түүнийг анхны нисгэгч Жамбаа гуайн төрсөн дүү гэж ярьж байх нь бяцхан хүүхэд миний ой тойнд тод үлдсэн юм.
Хожим миний бие нисгэгч мэргэжил эзэмшиж олон жил нисэхийн салбарт захиргааны чигэлээр ажиллахдаа нисэхийн түүх, архивын баримт материальтай танилцах, судлахявцад Д.Жамбаа гэдэг хүний нэр үе үе тааралдаж түүний түүх намтар, үйл хэргийг судлаж бодит үннийг сэргээн тогтоох хүсэл сонирхолд өөрийн эрхгүй автаж нилээдгүй эрж сурвалжилж байгаач судлагааны ажлыг хэтэрхий хожуу эхлүүлсэн, түүхэн үйл хэргийг гэрчлэх, биеэр оролцож нүдээр үзсэн бодит хүмүүсийн яриа, дурсамжийг бичиж тэмдэглэж авч амжилгүй хоцорсонд харамсдаг юм.
Ороо бусгаа цаг төрийн шуурганд хэлмэгдэн хохирсон иргэдээ цагаатгах, нөхөн олговор олгох, алдар гавьяаг нь тодруулж сэргээн мөнхжүүлэх үйлс Ардчилал шинэчлэлийн энэ цаг дор улс даяар өрнөж байгаа нь нэн сайшаалтай. Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан ИНЕГ-аас алдарт нисгэгч, зоригт шонхор, ахмад үеийн анхны нисгэгч, хурандаа Д.Жамбаа агсаны намтар түүхийг сэргээн мөнхжүүлж, Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлын төлөө баатарлагаар тэмцэж гарамгай гавьяа байгуулсаныг ард түмэн алтан нутаг нь мартах учиргүй бөгөөд нэгэн цагт хүртэх ёстой Монгол Улсын баатрын алдар цолыг нь нэхэн олгуулах үйл хэргийг ИНЕГ-аас санаачлан эхлүүлснийг холбогдох байгууллагууд, нийт Монголчуудхалуунаар талархан дэмжиж байгаа билээ.
Түүнд Монгол Улсын баатар цолыг нэхэн шагнуулах санаачлагыг ИНЕГ гаргасныг Зам Тээврий Яам, Батлан хамгаалах яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, УИХ-ын Гадаад бодлого аюулгүй байдлын Байнгын хороо дэмжсэн тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газарт хүргүүлсэн байна.
Мөн энэхүү санаачлагыг дэмжиж Д.Жамбаа агсаны төрлөх нутаг Тосонцэнгэл сумын Иргэдийн Хурал, Мөн Хөвсгөл Аймгийн Иргэдийн хурлын Тогтоол гарч тус аймгийн 10.000 иргэн гарын үсгээ зуран Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн боловч Ерөнхийлөгчийн Тамгын Газрарын дарга П.Цагаан гэдэг хүн хүлээж авахаас татгалзсан байна. Ийнхүү түүнийг шинэ цагийн дахин хэлмэгдүүлэлтэн өртүүлж байна.
Эх орон, тусгаар тогтнол, хил хязгаарын халдашгүй дархан байдлын төлөө харийн дайсны өөдөөс халз тулан байлдаж амь бие үл хайрлан тулалтдаж явсны эцэст хилс хирэгт гүтгэгдэн хохирсонч бууж өгөөгүй эрэлхэг нисгэгчийн шонхорын зориг хэзээч мохоогүй юм. Хожмын өдөр түүнд авах ёстой Монгол Улсын баатар цолыг нь Монголын төр нэхэн олгох нь тодорхой. Баатар эр хэдий үхэвч байгуулсан гавьяа нь мөнх гэдэг билээ .
Д.Жамбаа судлаач Т.Батжаргал