Улаанбаатар хотын 9 дүүрэгт 14, 21 аймгийн 50 суманд гал түймэр унтраах, аврах анги үйл ажиллагаа явуулж байна. Бусад 280 суманд гарсан гал түймэр, гамшиг осол дээр Онцгой байдлын байгууллага шуурхай хүрч ажиллаж чадахгүй байгаагаас хүний амь нас эрсдэх, эд хөрөнгө, хүрээлэн буй байгал орчинд их хэмжээний хохирол учрах тохиолдол гардаг.
Иймд аймаг, орон нутгаас ирүүлсэн саналын дагуу хүн ам, аж ахуйн нэгж байгууллагын тоо, нягтрал өндөртэй, гал түймэр, гамшиг ослын дуудлага ихтэй Нийслэлийн
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо (136,6 мянган хүн амтай, хил залгаа 1 дүүрэг, 1 суманд үйлчлэх),
Баян-Өлгий аймгийн Цэнгэл (аймгийн төвөөс 78 км алслагдсан, 9329 хүн амтай, хил залгаа 7 суманд хүрч үйлчлэх),
Баянхонгор аймгийн Бууцагаан (аймгийн төвөөс 180 км алслагдсан, 3765 хүн амтай, хил залгаа 2 аймгийн 8 суманд хүрч үйлчлэх),
Төв аймгийн Мөнгөнморьт сум ( аймгийн төвөөс 188 км алслагдсан, 2005 хүн амтай, хил залгаа 5 суманд хүрч үйлчлэх),
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул (аймгийн төвөөс 138 км алслагдсан, 5641 хүн амтай, хил залгаа 6 суманд хүрч үйлчлэх)
Сумдад гал унтраах, аврах ангийг тус тус байгуулж, 2019 оноос үйл ажиллагааг нь эхлүүлэх тогтоолын төсөл Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэмжигдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.