Р.Жигжиднямаа, Г.Төмөрбаатар нарыг яллагдагчаар татсан гэдэг нь худал байсан уу?

Улаанбаатар төмөр замын дарга Р.Жигжиднямаа болон Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨҮГ-ын дарга Г.Төмөрбаатар нарыг яллагдагчаар татаагүй эрх чөлөөтэй албан үүргээ гүйцэтгэж байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сард тэднийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн гэх мэдээллийг АТГ-аас өгч байсан юм. Харин тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан дээрх мэдээллийг өчигдөр өглөө.
Тэрбээр “Бид өнөөдөр АТГ-ын хугацаа нь дууссан Х.Энхжаргал даргын асуудлыг ярих гэж байна. Монголын авлигачдыг хамгаалдаг сүүлчийн найдвар байсан юм уу гэдэг асуудал өрнөж байна. АТГ-ын дарга сайн, муу ажилласан эсхиэс үл хамааран түүний бүрэн эрхийн хугацаа дууссан. Тус газраас өнгөрсөн гуравдугаар сард УБТЗ-ын дарга Жигжиднямаа, Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Төмөрбаатар нарт яллагдагчаар татах саналаа хүргүүлсэн гэж мэдээлж байсан ч өнөөдөр энэ хүмүүс эрх чөлөөтэй ажлаа хийж явна. Яллагдагчаар татсан гэдэг мэдээлэл худлаа байна сэтгүүлчидээ. Энэ тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэсийн дарга Идэрцог “Та нар оролцогч биш” гэсэн. Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татаагүй, гэдгийг хэлсэн. Ингээд хоёр байгууллагын хооронд худлаа хэлж эхэлж б айна. Үүнээс гадна авлигыг илчилсэн хүнийг зодлоо. Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Төмөрбаатар нь Үйлдвэрчний хороон дарга Төрбатыг эрүүл мэндээр нь хохироосон гээд авлигачдыг өөхшүүлдэг газар болжээ” хэмээлээ.