Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Тус компани өнгөрсөн жил 461.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэдгийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг нар танилцуулгадаа дурджээ. Өнгөрсөн сарын 27-нд болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн зүгээс, иргэдэд ногдол ашиг хуваарилахгүй байхаар тогтсон байна. Өмнөх тооцооллоор одоогийн байдлаар иргэдэд ногдож байгаа хувьцаа, компанийн ашиг зэргийг харвал нэг иргэнд 3000 орчим төгрөг ногдох тооцоо хийж хэд хэдэн хувилбар гаргасан аж.
Ерөнхийлөгч тэдний танилцуулгыг сонссоны дараа “Өнөөдөр иргэдэд хувьцааны 14.6 хувь нь байгаа юм байна, энэ хувийг өсгөж 100 хувь болгох ёстой. Энэ хуулийг төслийг би удахгүй УИХ-д өргөн барина. УИХ-аар энэ хуулийг баталчих юм бол 3000 төгрөгний ногдол ашиг биш 300 000 төгрөгийн ногдол ашиг хуваарилах тухай яриад сууна. Бүх иргэддээ энэ хувьцааг 100 хувь өгөхөөр УИХ шийдсэн тохиолдолд сонгуулийн үед надад захиас даалгавар болгож өгсөн өр тэглэх тухай асуудал л гэхэд хэдхэн жилийн ногдол ашгаар шийдэгдэх боломжтой. Үндсэн хуулийн 6.1 –д заасан “Байгалийн баялаг ард түмний өмч” гэдэг заалт ч жинхэнэ утгаараа хэрэгжинэ” гэв.