“Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ноос “Үндэсний мэдээллийн төв-д мэдээлэл хийж, сайд нарыг халз уулзалтад дуудлаа. Тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг мянган багшийн халз уулзалтад дуудаж байгаагаа мэдэгдлээ.
Ингэхдээ тавдугаар сарын 9-ний дотор хариу мэдэгдэж, оролцохыг хүсэв. Харин хариу өгөхгүй бол тэмцлээ үргэжлүүлнэ гэлээ. Төрийн эрх бүхий албан тушаалтнуудаар багш нарын цалин яагаад нэмэгдэхгүй байгааг тайлбарлуулж, шийдэлд хүрэх үүднээс халз уулзалтыг хийх аж. Харин багш нарын шаардлагыг үл тоовол сайд нарыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгийг түр хорооныхон хэлж байна.
Өмнө нь багш нар гурван ч удаа ажил хаясан ч үр дүнд хүрээгүй, хүүхэд багш нар хохироод үлдсэн. Тиймээс энэ удаа ажил хаях бус төрийн шийдвэр гаргагчидтай нүүр тулан уулзаж, ярилцахыг илүүд үзэж буйгаа багш нар хэллээ. “Багшийн цалинг нэмүүлэх түр хороо”-нд 49450 багш нэгджээ.