“Намайг гүйцээгээд алчихгүй яасан юм бэ? “

[starbox]
Одоогоос 10 гаруй жилийн өмнө Монголын нэн шинэ үеийн түүхэнд хараар бичигдэж үлдсэн харуусалтай явдал 2008 оны долдугаар сарын 1-нд болсныг бид мартаагүй. Үймээн самуун, өнчрөл хагацал, уй гашуу, уйтгар гуниг, айдас хүйдэст автсан энэ өдөр сонгуулийн үр дүнгээс болж, монголчууд талцан маргалдаж, жагсахдаа таван хүний амиар “гарздаж”, мянга шахам хүнийг эрүүдэн шүүсэн тохиолдол дэлхийд байхгүй гэдэг.
Тайван эхэлсэн хүмүүсийн жагсаал сүүлдээ МАХН-ын байр луу чиглэж, хаанаас эхэлсэн нь тодорхой бус гал түймэр гарч, байр шатаж эхэлсэн. Энэ үед МАХН буюу одоогийн намын дарга С.Баяр байжээ. Одоогийн эрх баригчдын төв байрыг ард түмэн, цагдаа нарын үймээн самуун биш тухайн үеийн Ерөнхий сайд, эрх мэдэлтнүүд зохион байгуулалттайгаар галдан шатаасан гэх мэдээллийг “долдугаар сарын 1-ны хохирогчдын холбоо”-ноос өнөөдөр өглөө. Тус холбооноос Ерөнхий сайд асан С.Баярыг хариуцлагаа хүлээж, түүнийг яллахыг шаардаж, хохирогчдод анхаарлаа хандуулахыг эрх баригчдаас хүслээ.
Талийгч С.Ганбаатарын эхнэр А.Оюунбилэг: С.Баярын харгайгаар нөхөр маань шоронд булуулж, 10 гаруй жил амьдралыг нуруун дээрээ үүрч явна
Нөхөр маань долдугаар сарын 1-нд сонгуулийн будлиантай явдалыг эсэргүүцэж бүх нийтийн жагсаалд оролцож явахдаа учир битүүлгээр амиа алдсан.
Намын байранд гавтайгаа нас барсан байсан. Үүрээр дөрвөн цагийн үед галыг унтраах үед холбогдох албаны хүмүүс нь нэг ч иргэний амь нас хохироогүй гэж мэдэгдсэн мөртлөө нөхөр маань угаартаж нас барсан байдалтай байсан.
Шүүх шинжилгээний дүгнэлт, хууль хүчний байгууллагаас нөхрийг минь угаартаж амиа алдсан гэх дүгнэлтийг гаргасан ч би одоо болтол итгэдэггүй. Ерөнхий сайд асан С.Баярын харгайгаар нөхөр маань шоронд булуулж, би 10 гаруй жил бэлэвсэн явж, амьдралыг нуруун дээрээ үүрч явна.
Батзаяа: Намайг буудсан цагдаад хандаж хэлэхэд тухайн үед гүйцээгээд алчихгүй яасан юм бэ?
Намайг хэн буудсан бэ?, Намайг цагдаа буудсан. Би тэр үед 16 настай хүүхэд байсан. Одоо би 26 настай. Намайг буудсан тэр цагдаад хандаж хэлэхэд тухайн үед гүйцээгээд алчихгүй яасан юм бэ.
Насаар минь хөгжлийн бэрхшээлтэй болгож орхисон. Ах аа намайг авраарай гэхэд дээрээс дэвслээд зодож байсан тэр цагдаа нар. Үнэнддээ тухайн үед тэр сонгууль улс төр чинь надад огт падлийгүй явсан. Одоо надад хамаатай.
Хохирогч Ц.Энхбаяр: С.Баярт хандаж хэлэхэд чи наанаа хоригдож байсан чинь л өлзийтэй
Долдугаар сарын 1-нд ард түмэн, цагдаа хохирч эрх баригчид хожсон. Байлдааны суманд оногдоод хөгжлийн бэрхшээлтэй болсон энэ хүмүүс, бид нар тамлуулж байна.
Байлдааны сум гэдэг чинь төө гаруй хэмжээтэй сумаар хүнийг маш ойрын зайнаас онож байна гэж бодоод үз. Насаараа хөгжлийн бэрхшээлтэй болж, зарим нь амиа алдсан. Тухайн үед С.Баяр цагдаа нар хүний аминд хүрсэн бол энэ бөндгөрөөрөө хариуцна гэж мэдэгдэж байсан ч өнөөдөр ийм зүйлд хүрнэ гэж бодоогүй биз. Бас Оюутолгойн гэрээ бүтэлгүйтвэл бөндгөрөөрөө хариуцна гэж мэдэгдэж байсан. Үнэнд гүйцэгдэнэ гэж энэ. С.Баярт хандаж хэлэхэд ч чи наанаа хоригдож байсан чинь л өлзийтэй.