Тэс сумын “Ширмэлийн уялага” бүлгийн гишүүн бүсгүйчүүд Монгол гэр доторх иж бүрдлийг эсгийгээр ширсэн байна. Тэд Монгол гэрийн иж бүрдлээ зэргэлдээх аймаг, сумд төдийгүй, ОХУ-ын Тува улсын ард иргэдээс захиалга авч нийлүүлэхээр зэхэж байна
Иж бүрдэлд гэрийн хөшиг, хөмсөг, өрхний шургуулга, сарвахны хослол, хаяавч, олбог, аравч, аяга халбага, шагайны уут, утас зүүний сав, ариун цэврийн цаас, салфетикны уут, сандал, диван буйдангийн бүтээлэг зэрэг Монгол гэрт хэрэглэгддэг хориод нэр төрлийн 50 гаруй эсгий ширмэл бүтээлүүд багтжээ. Энэ ажлыг тус бүлгийн ахлагч Цэрэнгомбын Батнасан санаачилсан бөгөөд 12 гишүүнийхээ хамтаар урласан байна.
Гэрийн иж бүрдлийг урлахдаа эсгийгээ бэлтгэж, ширмэлээ ширэхдээ нийт таван сарын хугацааг зарцуулжээ. Ц.Батнасан нь ширмэлийн бүтээлүүд урлахаас гадна баяд ястаны өв уламжлал болсон эмээлийг дэлхийн өвд бүртгүүлэхээр зориг шулуудан ажиллаж байна. Уран гартай, хөдөлмөрч гэдгээрээ нутагтаа алдартай тэрээр анх 2016 онд нутгийнхаа уран гартай зургаан бүсгүйтэй хамтран эрт дээр үеэс уламжилж ирсэн баяд ширмэлийн урлагийг судлаж, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилго дор нэгдэж цехээ байгуулжээ.