-ТАВДУГААР САРЫН НЭГЭН БОЛОХОД ХЭДХЭН ХОНОГ ДУТУУ Ч
НИЙСЛЭЛД МАЛ БАЙСААР Л…-

Улаанбаатар хотын Засаг даргын 2017 оны наймдугаар сарын 2-ны өдрийн А/592 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хориглосон бүсэд амьдардаг мал бүхий иргэдийг таван сарын нэгнээс өмнө зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлж байгаа. Өдгөө нийслэлийн таван дүүрэгт 600 орчим өрх 14 мянга гаруй мал адгуулж буй. Энэ бол шүлхийгээр өвчилсөн, хотоос нүүлгэсэн 3000 орчим малыг хасаж тооцсон статистик. Харамсалтай нь, малчин өрхүүд хотоос холдох боломжгүй учир Улаанбаатарын ойролцоох 11 цэг рүү нүүлгэж буй. Гэтэл зарим малтай айл өрхүүд нийслэлээс нүүх дургүй байгаа ажээ.

Бид улсаас гаргасан захирамж, шийдвэрийг үл биелүүлж буй айл өрхүүдийг сурвалжлахаар Шаргаморьтын зүг хөдөллөө. Ер нь зуслангийн бүс газарт хэдэн саалийн үнээгээ шувтарч, сүүг нь борлуулж амьжиргаагаа залгуулдаг иргэд олон байдаг. Эдгээр иргэд амьжиргааныхаа эх үүсвэрийг алдах эрсдэл тулгарах ч 1.5 сая иргэний амьдралтай шууд холбоотой болохоор хүчээр нүүлгэхээс өөр аргагүй.

Шаргаморьтын зуслангийн бүсэд амьдардаг малтай иргэд нийслэлээс хөдлөөгүй бололтой, саалийн үнээнүүд айлын хашаанд нялх ногоо зулгаан хээв нэг хэвэн зогсох нь олонтаа тааралдав. Энэ хавьд нэлээд хэдэн айл бог адгуулдаг учраас хүмүүсээс сураглаж явсаар соц нийгмийн үед хамгийн томд тооцогддог байсан “Дружба” хүүхдийн зуслангийн зүүн хаяанд байрлах нэгэн айлд очлоо.

Эхээсээ төрөөд удаагүй хэдэн тугалууд хаврын хүйтэн салхи, цасан шамаргад бөөгнөрч хэвтэн, бие биесээ дулаалцуулна. Эл айл малынхаа хашаа саравчийг их л тохилог барьжээ. Хэдэн саалийн үнээгээ өвлийн хүйтэн жавар, хаврын хавсарга, цас, шороон шуурганаас бүрэн хамгаалагдах жижиг цонхтой битүү бууцанд хашдаг юм байна. Б.Баринзай гэх энэ айл 50 гаруй үхэртэй цөөн тооны адуутай аж. Эднийх Шаргаморьтод ирж суурьшаад нэлээд хэдэн жилийн нүүр үзжээ. Тиймээс нүүх гэж нэг их яарахгүй байгаа бололтой.

Олон жилийн турш амрагч хүлээж аваагүй “Дружба” хүүхдийн зуслан энэ зунаас хүүхэд багачууд хүлээж авна гэдгийг манаач нь хэлэв. Гэтэл хүүхдийн зуслантай хаяа дэрлээд 50 гаруй тооны үхэр идээшиж байгаа нь нийслэлд үе үехэн гардаг малын гоц халдварт шүлхий өвчин энд гарахгүй гэх баталгаа алга. Норм стандартаар бол хүүхдийн зуслан аюулгүй, эрүүл орчин бүрдсэн бүс нутагт үйл ажиллагаагаа явуулах ёстой гэдгийг албаныхан анхааралдаа авна биз. Тавдугаар сарын нэгэн болоход хэдхэн хоногийн хугацаа үлдээд буй энэ үед бууцнаасаа хөдлөхгүй байгаагийн учрыг иргэн Баринзайгаас лавлалаа.

-БИД НИЙСЛЭЛД БИШ ЗУСЛАНГИЙН БҮС ГАЗРУУДАД МАЛАА МАЛЛАЖ БАЙНА-

-Танайхыг нийслэлээс гарсан шийдвэрийг эсэргүүцэж, эндээсээ нүүхгүй байгаа гэх юм. Ямар учир шалтгааны улмаас эсэргүүцэв?

-Манайх 35-ын гарам руу нүүхээр болсон. Нэгэнт захирамж нь гарчихсан учраас нэгдсэн журмаар бусдыгаа дагаад нүүхээс өөр аргагүй. Ер нь бол малтай хүмүүс нүүхгүй л гээд байна. Яагаад гэвэл малтай айлууд хотын бүсэд биш, зуслангийн бүс газруудад малаа маллаж байна. Улсаас нүүлгэнэ гээд нэгдсэн журмаар газар өгчихсөн учраас нүүх л байх даа.

-Танайх хичнээн тоо толгой мал тай вэ?

-Манайх Шаргаморьтын зуслангийн эцэст аавынхтайгаа хамт бод мал маллаж амьдардаг. Манай хоёрынх нийлээд 50 гаруй үхэр, зургаан тооны адуутай. Үхрээ саагаад, сүүг нь хавийнхаа айлуудад зардаг юм. Энэ хавийн айлууд манай үнээний сүүг аваад сурчихсан, байнга л авдаг.

-Энд суурьшаад хэдэн жил болж байгаа вэ?

-Манайх энд 17 дахь жилдээ амьдарч байна даа. Энд олон жил амьдарсан болохоор малынхаа хашаа саравчийг суурин болгочихсон. Нийслэлээс нүүх зардал гэж 78 мянган төгрөг өгсөн.

-Нийт нүүх зардал гэж 78 мянган төгрөг өгсөн юм уу, эсвэл нэг малд төсөвлөж өгсөн мөнгө үү?

-Нэг малд биш ээ, нийтэд нь улсаас зааж өгсөн газар руу нь нүү гэж 78 мянган төгрөг өгч байгаа юм. Хамгийн анх 52 мянган төгрөг өгнө гээд. Тэгэхээр нь малчид зардлаа нэм, нүүх ямар ч боломжгүй гэсэн хариу хэлсэн. Сүүлд НИТХ-ын шийдвэрээр 78 мянган төгрөг болгосон юм билээ. Манайх малынхаа өвөлжөө, гэрээ ачаад нүүхэд хамгийн багадаа хоёр шаланз болно. Нэг ёсондоо манайхыг 78 мянган төгрөгөөр 53 км газар руу бүх зүйлээ ачаад нүү гэж байгаа юм. Тэгэхээр энэ зардал хаанаа ч хүрэхгүй байгаа биз дээ. Уг нь үхэр, адуугаа ачаад нүүчихье гэсэн бодолтой байсан юм. Малаа туугаад, нүүх л байх даа.

-Та бүхэнд улсаас зааж өгсөн бүс нутаг руу нүүхэд зардал мөнгөнөөс гадна өөр ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?

-Их олон асуудал байна. Үхэр, адуу маань энэ газарт идээшиж дассан учраас шинэ газар очоод тогтохгүй. Таван сарын 1-нээс өмнө нүү гээд байгаа нь эрсдэлтэй. Яагаад гэвэл энэ өвөл их хүйтэрсэн болохоор мал тарга тэвээргэ багатай байна. Тиймээс туугаад явахад саяхан төрсөн тугалууд замын ая даахгүй болов уу. Бид зургаан сараас нүүмээр байна гэдгээ нийслэлийнхэнд хэлж байгаа. Бид нүүхгүй гэж хэлээгүй шүү дээ. Энэ зун үхэр малын саравч барих, хадлан тэжээл бэлдэхээс авахуулаад ажил ихтэй зун болох нь ээ.

Улсаас малтай айлуудыг нийслэлээс хүчээр гаргаж байна. Гэвч ямар ч тооцоолол байхгүй. Малтай айлуудад 0,7 га газар өгсөн. Энэ газарт нь малынхаа хашаа саравчийг барина, өвөл нь өвсөө татна. Тэгэхээр жижигхэн газарт нэг айлынх нь яндангаас оч үсрэхэд л гудмаараа шатах магадлал өндөр харагдсан.

Бид тус айлаас гараад цааш явах замдаа 10 гаруй тооны үхрээ туугаад явж буй нэгэн ахимаг насны эмэгтэйтэй тааралдав. Түүнээс хэзээ нүүх гэж байгааг нь асуутал их л ууртайгаар “Миний хэзээ нүүх нь та нөхдөд тийм их хамаатай юм уу. Нэлээд хэд хоногийн өмнө хэдэн хүмүүс ирээд “Хэзээ нүүх гэж байна” гээд асууж шалгааж байгаад л явсан. Нүүх зардал гэж 78 мянган төгрөг өгчихөөд хурдан нүү гээд байх юм. Хаанаа ч хүрэхгүй шүү дээ” гэв.

Хотын захиргаанаас малтай өрхүүдэд газар зааж өгч эрчим хүч, худаг усаар хангасан ч гэсэн нүүх зардал нь дэндүү бага байгааг уулзсан хэд хэдэн малчин хэлэв. Тиймээс нийслэлд мал адгуулдаг өрхүүд нүүх гэж нэг их яарахгүй байгаа нь ажиглагдсан юм.

Эх сурвалж: Medee.mn

By updown

One thought on “Мал бүхий иргэд нүүх зардлын 78 мянган төгрөгийг чамалж, нийслэлээс нүүхгүй гэв”
  1. Одоо цагийн хүүхэд багачуул зусландаа цэцэг эрвээхэй үзэхгүй,малын баас ялгадас ялаа батгана,хогон дунд зусаж байна.Энэ малтай гэх хар амиа бодсон хүмүүсийг хотоос яаралтай холдуулах хэрэгтэй эднийг ямар малчин гэдгийм. Хотын дэргэд тамлагдаж байгаа хэдэн үхэр малч гэсэн хөдөө бэлчээрт гараг.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн