Цаасан хайчилбар бол хүмүүсийн сонирхлыг хамгийн их татсан ардын урлагийн нэг. Ихэвчлэн хар, улаан цаасыг хайч, хутгаар сийлэн, хүн амьтан, цэцэг навч зэргийн дүрс гаргадаг. Хэрэглэх материалаасаа шалтгаалан будлиантай агуулгаас зайлсхийн дөхөм зурвасуудаар дүрсийг амилуулдаг залуу уран бүтээлч Г.Жамцойг уншигчдадаа танилцуулж байна.
Хөгжим бүжгийн коллежийн шилдэг оюутнуудын нэгээр төгсөж 2015 онд анхны үзэсгэлэнгээ дэлгэж байсан тэрбээр хувьдаа 500 гаруй цаасан хайчилбарын цуглуулгатай. Түүний хувьд хэрэглэх материалаасаа шалтгаалан будлиантай агуулгаас зайлсхийн дөхөм зурвасуудаар дүрсийг амилуулдаг аж. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Цаасан хайчилбарыг хэзээнээс хийж эхэлсэн бэ. Хайчилбар хийхэд хүнд бэрхшээлтэй тал нь юу байдаг юм бол?
Анх 2009 оноос найз маань хайчилбараар олон сайхан зүйл урлаж байхыг харсанаас хойш энэ цаасан урлалыг сонирхсон. Анх хайчилбараа цаасны хутгаар хайчилдаг байсан. Ер нь гарын ур дүй, сэтгэх чадамжтай байх хэрэгтэй гэж боддог.
-Нэг хайчилбарт хэр их хугацаа зарцуулдаг вэ?
5 минутаас эхлээд хоёр, гурван өдрийн хугацаа шаардагддаг. Хүний хөрөг бүтээх, 3D хайчилба, том хэмжээний хайчилбарт олон хоног зарцуулдаг. Нүүрэндээ мэнгэтэй хүн байлаа гэхэд тэр мэнгийг нь яаж цэвэрхэн гаргах вэ зэрэг нарийн ажиллагаа их бий. Хамгийн том хайчилбар маань Янжинлхам бурханы дүрийг 2X5 хэмжээтэй бүтээж байсан. Сүүлийн үед 3D хайчилбар хийж байна.
–Бүтээлийнхээ санааг яаж олдог вэ. 3D хайчилбарын онцлогийг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
Түүхэн сэдэвт номноос бүтээлийнхээ санааг олно. Мөн ардын дуу, ертөнц цомогийн дууг сонсход их олон санаа төрдөг л дөө. 3D хайчилбарт олон давхар зураг, цаас орсноор бодит мэт харагддаг. Ажиллагаа ихтэй ч дараа нь хархад сайхан байдаг. Сүүлийн үед хүмүүс хайчилбар бүтээлийг гэртээ тавих сонирхолтой болсон гэлээ.
Тэрбээр Хөгжим бүжгийн коллежийг 2015 онд төгссөн юм. Төгсөх курст байхдаа өөрийн хайчилбараар үзэсгэлэн дэлгэж байсан удаатай. Ажил, амьдралын гараагаа эхлүүлээд удаагүй байгаа залуу уран бүтээлч маань удахгүй өрх тусгаарлах гэнэ. Тун удахгүй тэрбээр хоёр дахь үзэсгэлэнгээ дэлгэж үзэгчдийн хүртээл болгоно гэдгийг дуулгалаа.
Б.Яруу
4 comments
мундаг юмаа амжилт хүсьеэ
Гайхалтай амжилт хүсье
yamar mundag yum be amjilt goe yumaa
ажлын амжилт хүсье. тантай яаж холбогдох вэ?