Томоохон рестораны зөөгч үйлчлүүлэгчдийн картын мэдээллийг бусдад дамжуулж байжээ
Энэ хэрэг нийслэлд хэдхэн сарын өмнө гарчээ. ХХБ-ны Картын удирдлагын газрын захирал Х.Ганцэцэг “Төлбөрийн картын эрсдэл” хэлэлцүүлэгт оролцохдоо энэ талаар онцолсон юм.
Манай улсад 2 сая орчим хүн банкны карттай. Таны картын мэдээллийг хууль бусаар олж аван гэмт хэрэг үйлддэг тохиолдол үүгээр дуусахгүй.
Зөөгч тээр холоос үйлчлүүлэгчийн нууц үгийг асуун, өнөө хүн танхим дүүрэн хүн байхад тэд гээд хээвнэг нууц үгээ хэлдэг.
Гэмт хэрэгтнүүд картын мэдээллийг өөр картанд хуулж, өнөө картаараа, АТМ-ээс бэлэн мөнгө авдаг байна. Ингэхдээ маск зүүж, саравчтай малгай өмсөн, өөрийгөө сайтар халхлахаа мартахгүй нь мэдээж.
Гэтэл бид өдөр бүр л цайны цагаар гадуур хооллон, зөөгчид картаа өгөөд явуулчихдаг. Зөөгч тээр холоос үйлчлүүлэгчийн нууц үгийг асуун, өнөө хүн танхим дүүрэн хүн байхад тэд гээд хээвнэг нууц үгээ хэлдэг. Энэ бол зоогийн газрууд гэлтгүй үйлчилгээний бусад газруудад ч нийтлэг тохиолддог. Хамгийн сонирхолтой нь үйлчилгээний байгууллагын ажилтан танаас нууц үгийг чинь авлаа гээд хуулийн ямар нэг хариуцлага хүлээхгүй. Харин хэрэглэгч ТА НУУЦ ҮГЭЭ ХЭЛЭХГҮЙ БАЙХ ЭРХТЭЙГ ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү онцлов.
Туушин зочид буудалд болсон, “Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл” форумаар “Төлбөрийн эрсдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийг “Бат солушн” компанийн ТУЗ-ийн дарга В.Ганзориг хөтлөв. Энэ үеэр манай улсад 35 АТМ хакердсан гэмт хэргийг ч сануулав. Банкны картын мэдээллийг бусдад алдахгүй байх, хамгаалалтыг нь сайжруулахын тулд АНУ гэх мэт өндөр хөгжилтэй орнууд EMV стандартад шилсэн байна. Иймд Монгол банканд АХБ-ны санхүүжилтээр энэ стандарт руу шилжүүлэх ажлыг эхлүүлжээ.
Монгол банкны Үндэсний цахим гүйлгээний төвийн захирал Б.Банзрагчийн мэдээлснээр олон улсын зөвлөх аль чиглэлийн стандарт Монголд илүү тохирох талаар судалж байгаа аж. Удахгүй сонгон шалгаруулалт зарлан, ирэх жил дебит картанд EMV стандартыг нэвтрүүлнэ. Ингэснээр одоогийн соронзон тууз бүхий картыг халан, шифрлэлт бүхий картыг нэвтрүүлнэ. Ингэхдээ өндөр зардал гаргалгүй, одоогийн дэд бүтцэд тулгуурлах аж. Одоогоор банкууд EMV стандартыг гадаад төлбөр тооцооны картанд нэвтрүүлээд байгаа юм. Иймд эрсдэл бага гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Ингээд хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн асуулт, хариултыг хүргэе.
-Төлбөрийн карт ашиглан, гэмт хэрэг хийх тохиолдол багагүй байна. Ийм хэргийн хохирогч болбол иргэд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?
-Банкууд 24/7 дуудлагын утас ажиллуулдаг. Картаа эсвэл мэдээллээ алдсан гэж үзвэл банк руу утасдан, картаа хаалгана. Банкуудын маргаантай гүйлгээ хариуцсан ажилтнууд төв банкны дэргэд нэгдсэн сан үүсгэн, мэдээллээ солилцдог болсон.
-Соронзон туузтай картын улмаас гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарсан уу?
-Өнгөрсөн онд нийт 184 сая төгрөгийн залилангийн хэрэг гарсан.
-Интернет гүйлгээний аюулгүй байдлыг хангахын тулд төв банк ямар арга хэмжээ авч байна вэ?
-Хүн бүр тоон гарын үсэгтэй болсноор аюулгүй байдлаа хангаж чадна. Тоон гарын үсгийн хуулийг баталсан. Монгол банканд шаардлагатай системийг суурилуулж эхэлсэн.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид дээд түвшинд буюу компанийн захирлуудад цахим банкны аюулгүй байдлын талаар их ярьдаг. Гэтэл одоо жирийн иргэд рүү хүрч зааварчилгаа өгөх шаардлага байгааг онцлов.
Мөн манай улсад бэлэн мөнгөөр ихэнх гүйлгээг хийж байгааг эдийн засагч В.Ганзориг дурдсан юм. Иймд цахим гүйлгээний залилан одоогоор бага байна. Гэвч тайвширч болохгүй гэсэн юм.