Монгол Улсад цэргийн дээд генерал цол бий болсны 74 жилийн ойн өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол генерал танд Эрхэм Танд Монгол Улсад цэргийн дээд энэхүү цол бий болсны 74 жилийн ойн өдрийг тохиолдуулан баяр хүргэж, ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын төр эх орон, ард түмнийхээ төлөө халуун амь бүлээн цус, хувийн эрх ашиг, амьдрал ахуйгаа хойш тавьж өргөсөн тангарагаа чанд сахиж ирснийг нь үнэлж эрхэм хөвгүүддээ мөрдэстэн бүхний эрмэлзэл болсон генерал хэмээх цолыг олгож ирсэн бөгөөд энэ нь насан туршийн дээд хүндлэл юм.
Энэ бол цагийн аяс, амьдралын ороо бусгаад үл арилах төрийн тамга юм. Энэ цолны цаана таны эх орон, эр цэргүүддээ хүлээн зөвшөөрөгдсөн удирдан зохион байгуулах авъяас билэг, цэргийн хэргийн өргөн мэдлэг, чадвар, хүний мөс, ноён нуруу, жавхаа хийморь, үлгэрлэл, манлайлал байдаг билээ.
Эдгээр он жилүүдэд манай үе үеийн генералуудын төлөөлөл болж эх орноо батлан хамгаалах, улс түмний энхийн үйлсэд Монгол улсын зэвсэгт хүчин төдийгүй дэлхийн олон оронд олон улсын цэргийн хүчийг манлайлан удирдаж монгол цэргийн даргын ид хав, эр зориг, ур чадварыг нотлон харуулж улс орны аюулгүй, амгалан тайван байдлыг сахиулах, баталгажуулах үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан, оруулж яваа та бүхнээрээ бахархаж байна.
Та бүхэндээ дахин баяр хүргэе. Монгол цэргийн сүлд хийморь үргэлж мандан бадрах болтугай.
УИХ-ЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД