2020 онд Хятад улс 1.4 тэрбум иргэн тус бүрээ нийгмийн кредит үнэлгээтэй болгох гэж байна.Ингэхдээ хиймэл оюун, царайгаар таних технологиудын тусламжтай иргэн бүрийнхээ үйлдлийг камераар хянаж, тэдний буруу үйлдэл болгоноос оноо хасах юм. Жишээ нь гарцгүй газраар зам гарах, хөдөлгөөний дүрэм зөрчих, хог хаях бүрт тодорхой оноо хасагдаж байна гэсэн үг. Хэрвээ оноо нь хасагдсаар хэт багасвал янз бүрийн нийгмийн үйлчилгээнээс хасагдаж, шийтгүүлэх болно. Тухайлбал нисэх онгоцоор, төмөр замаар зорчихыг нь хориглох, зээл авах боломжгүй болгох, хурдтай интернэт хэрэглэж чадахгүй болгох гэх мэт.
Одоогоор Хятадын засгийн газар хүмүүсийн дундаас гэмт этгээдүүдийг олж илрүүлэхэд царай таних технологитой камер, нүдний шил зэргийг ашиглаж эхэлсэн байна. Харин цаашдаа бүх иргэдийнхээ гаргаж буй ааш авирыг ийнхүү хянаж, нийгэмд муу үлгэр үзүүлж байгаа хүмүүсийг шийтгэдэг болох юм.
Хамгийн наад зах нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүмүүсийн нэр усыг гудамжны том дэлгэцээр зарлаж, ичээх арга хэмжээ авдаг болохоор төлөвлөжээ.
Одоогоор тус улсын гудамж талбайд 170 сая хяналтын камер ажиллаж байгаа нь дэлхийн хамгийн том камерын сүлжээ болж байна. 2020 онд уг тоог 600 сая болгох зорилт тавьжээ. Тэгвэл бараг 2 хүн тутамд нэг камер оногдоно гэсэн үг юм.
Эх сурвалж: Ikon.mn
1 comment
Сайхан эмх цэгцтэй болох юм байна