Эрх баригч нам солигдоход төрийн статустай бүх л байгууллага ‘хөдөлгөөнд’ орж ялангуяа удирдлагууд нь солигддог жишиг манай улсад тогтчихсон.
Тухайлбал Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын том, жижиг гэлтгүй дарга нарын суудлын төлөөх өрсөлдөөн, хуйвалдаан ил далд хэлбэрээр өрнөдөг нь нууц биш.
Хэдийгээр энэ салбарынхан төмөр замын ажлын туршлагатай, мэргэжлийн хүмүүс байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсээр ирсэн ч байгууллагын дарга нарын томилгоо улс төрийн нөлөөгөөр хийгддэг нь өдгөө асуудал дагуулж эхэлжээ.
Тодруулбал Монгол-Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудитын албаны дарга Пунцаг нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байх үедээ БНХАУ-ын иргэнээс авлига авсан гэх хэрэгт холбогдож, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан гэх мэдээлэл мэдээ.мн сайтад нийтлэгджээ.
Энэ мэдээллийн дагуу бид холбогдох байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Авлигатай тэмцэх газраас Ж.Пунцагийг ашиг сонирхлын зөрчилтэйг тогтоож байсан’ гэдгийг онцолж байв.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” байдаг.
Мөн Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 23, 24-р зүйл буюу хориглох заалтад өмнө нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байсан албан тушаалтныг төрийн албанд томилохыг хуулиар хориглосон байдаг аж.
Гэтэл Ж.Пунцагийг ашиг сонирхолын зөрчилтэй гэж тогтоосон мөн ажлын байрны тодорхойлолтод тохирохгүй байхад томилж байжээ.
Мөн Авлигын хэргээг яллагдаж байсан, шүүхээс төрийн албанд ажиллах эрхийг 2 жил хассан хугацаа нь дуусаагүй байсан юм байна
Өөрөөр хэлбэл хээл хахууль авах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн, ялгүйд тооцох хугацаа дуусаагүй, ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангаагүй байхад нь дээрх албанд томилсон нь ил болж байна
Ж.Пунцаг нарт холбогдох хэргийг 2015 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны хоёр дугаар шүүхийн хуралдаанаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял ногдуулж байжээ
Ийнхүү хуулийн байгууллагаа ашиг сонирхлын зөрчилтэйг тогтоосоор байхад яагаад “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа хууль бус томилгоо хийсэн асуудал сөхөгдөх бололтой.
Эх сурвалж zuv.mn