Таргалсан хойноо хоолны хатуу дэглэм барина гэдэг хэцүү. Уг нь таргалалттай таргалсаныхаа дараа биш, өмнө нь тэмцдэг байвал… Долоо хоногт дөрвөн удаа фитнесст явж, зөв хооллосноор жин хаяж эрүүл болно гэдгийг Азийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер Г. Угалзцэцэг зөвлөж байна. Тэрбээр “Долоо хоногт хамгийн багадаа дөрвөн өдөр фитнесст явах хэрэгтэй. Ингэснээр эрчимтэй хөдөлгөөн болно. Нэг удаагийн бэлтгэлээ цаг хагасын хугацаанд эрчимтэй хийх ёстой. Сүүлийн үед хүмүүс фитнесст 2-3 цаг байгаа хэрнээ бэлтгэлээ үр дүнтэй хийхгүй, хоорондоо ярьж эсвэл утсаар ярьж байгаад гарах нь байдаг. Ингэж бэлтгэл хийвэл үр дүнгүй” гэлээ.
Түүний хэлснээр буруу дасгалаа хийгээд байвал биеийн галбирыг алдагдуулдаг гэнэ. Хүмүүс булчингаа илүү ажиллуулах нь чухал бөгөөд эмэгтэйчүүд өгзөгний дасгал, эрэгтэй хүмүүс цээжний дасгал хийгээд байвал биеийн галбир алдагддаг байна. Гэхдээ ясны хэлбэрээс бусад бүх булчингийн хэлбэрийг засч болох аж.