УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх, Нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудал хэлэлцэж байгаа нь Төсвийн тухай хуулийн 6.2.5 дугаар заалтыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн жилд орлого, зарлагаа өөрчлөх шийдвэр гаргасан бол дараагийн жилээс хэрэгжүүлнэ гэсэн заалттай. Гэтэл гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудал батлагдсан өдрөөс хэрэгжинэ гээд оруулаад ирлээ. Ч.Хүрэлбаатар та хэзээ төсвийн тодотгол оруулж ирэх вэ.
Цаашид ийм байдлаар яваад байх юм бол гишүүд хууль зөрчиж хууль батлаад, хуулийн төсөл өргөн барьсан сайд нь уснаас хуурай гарах нөхцөл бүрдэх юм биш үү. Өмнөх Засгийн газар хүүхдийн мөнгө олгосны төлөө Төсвийн хууль зөрчсөн, төсөвт тодотгол хийгээгүй гэдэг үндэслэлээр огцорсон. Та хууль зөрчсөн хуулийн төсөл шахдаг байдлаа хэзээ зогсоох вэ” гэв.