“Дотоодын бизнес эрхлэгчид олон улсын зах зээлд гарахад тулгардаг бэрхшээлүүд түүний шийдэл” сэдвээр “JCI Монгол” байгууллагаас өнөөдөр (2018.04.25) мэдээлэл өгөв. Тус компани бизнес эрхлэгчдэд зориулсан “ JCI 2018 International business fair” олон улсын бизнес үзэсгэлэнг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн мэдээлэл, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар “JCI Их хүрээ салбар”-ын Ерөнхийлөгч Ш.Мөнхсайхантай цөөн хором ярилцлаа.
-Дотоодын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид гадагшаа зах зээлээ тэлэхэд энэ үзэсгэлэн чухал нөлөө үзүүлэх байх. Энэ арга хэмжээнд ямар ямар улсын төлөөлөл оролцох вэ?
-Үнэгүй үзэсгэлэн гэж хаана ч сонсоогүй байх. Тэгвэл бид Монголдоо анх удаа бизнес эрхлэгчдэд зориулсан олон улсын үзэсгэлэнг тавдугаар сарын 2-4-нд зохион байгуулах гэж байна. Энэ үйл ажиллагаанд Солонгос, Тайвань, Хонг Конг, Герман, ОХУ, Итали зэрэг долоон орны 40 гаруй компани, Монголын 60 орчим компани, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоно. Гадаадаас ирж байгаа компаниуд болон JCI-ийн гишүүн байгууллагууд үнэ төлбөргүй оролцох юм. Учир нь Монголын бизнесийн орчинг олон улсад танилцуулах юм. Улс эх орныхоо бизнесийг олон улсад танилцуулах нь бидний гол зорилго.
-Бизнес эрхлэгчид гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ танилцуулахад гаргадаг хүндрэл бэрхшээл?
-Бизнес эрхлэгч бидний хувьд мэдээлэл дутуу, харилцааны үүднээс ямарваа нэгэн гадаад иргэнтэй харилцахад маш их цаг алддаг. Буруу мэдээлэл авах нь их. Тайвань руу бараа худалдъя гэвэл ямар хууль эрх зүйн орчин байдаг юм, ямар давуу тал байдаг юм, боломжуудийг бодитоор мэдээлэл олох боломжгүй. Худалдан авагчтайгаа шууд харилцах нь хомс байдаг. Ямар нэгэн дамжсан харилцаанаас болоод үнэн бодит байдал алдагддаг. Үүнээс болоод эцсийн хэрэглэгчдэд очих үнэ өртөг нэмэгддэг гээд олон асуудал бий.
-Гадаадын зах зээлд хөлөө олоход хэр их хугацаа шаардагддаг вэ?
-Япон улсын хэн нэгэн иргэнтэй уулзаад хамтын ажиллагаа эхлүүлье гэвэл сайн харилцаж чадсан нөхцөлд дор хаяж 3-5 жил зарцуулж, санамж бичиг эхлүүлдэг. Гэтэл JCI байгууллага хамтын ажиллагаа итгэлцэл гэдэг зүйл нь өөрөө энэ байгууллаг дээр оршин тогтнодог учраас өндөр түвшинд явж байгаа байгууллагууд байдаг. Улс эх орноо сурталчилах зорилготой учраас төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа.
-Үзэсгэлэнд гишүүн бус байгууллагууд үнэгүй оролцож болно гэсэн үү. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Зохион байгуулж байгаа хороотой холбогдоод, оролцож болно. Энд зөвхөн гишүүн байгууллага гэж хязгаарлах бус гишүүн бус байгууллагууд орох боломжтой. Үйлдвэрлэл эрхлэгч байлаа гэхэд бүтээгдэхүүнээ үзэсгэлэнд сурталчилах, экспортонд гаргах, магадгүй хөрөнгө оруулалт олох боломж бүрдэнэ. Мөн сургалтанд сууж өөрийнхөө бизнес санааг танилцуулах нь нээлттэй.
-Бизнес эрхлэгчдэд хязгаар тавьсан уу. Ерөнхий тоо бий юу?
-Үзэсглэнг зохион байгууллах газар буюу Хүнү Молл нь 90 орчим байгууллага оролцох багтаамжтай. Оролцох сонирхолтой байгууллагуудад нээлттэй.