Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр чадавх бэхжүүлэх семинаруудыг ОУСК, Монгол Улсын төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулав
2018 оны 4-р сарын 20— Дэлхийн Банк Групп (ДБГ)-ын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) Монгол Улсын холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хөрөнгө оруулалтыг татах талаар олон улсын сайн туршлагад тооцогдох зарчмууд, арга аргачлалын талаарх эхний багц семинарыг зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь ДБГ-ын Хөрөнгө оруулалтын бодлого, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд зохион байгуулж буй цуврал семинаруудын нэгэн хэсэг бөгөөд Монгол улс дахь ГШХО-ын боломжуудыг нээн илрүүлэх, хөрөнгө оруулагчдад санал болгох, олон улсын хөрөнгө оруулалтыг татахад дэмжлэг үзүүлж байна.
Семинарт Үндэсний хөгжлийн газар, мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Гадаад харилцааны яам,Улаанбаaтар хотын хөгжлийн корпораци зэрэг гадаадын шууд хөрөнгө оруулалтыг төлөвлөх, дэмжих чиг үүрэг бүхий төрийн байгууллагын 50 орчим албаны төлөөллүүд хүрэлцэн ирж оролцов.
Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Д.Золзаяа хэлэхдээ “Гадаад улсад суугаа элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчдийн газруудаараа дамжуулан хөрөнгө оруулалтын бодит төслүүдийг дэмжих нь манай яамны чиг үүргийн нэг бөгөөд боломжит хөрөнгө оуулагчдад өгөх мессежийг боловсруулах, түүнийг хүргэх арга аргачлалын талаар сургалтаас ихийг олж мэдлээ” хэмээн тэмдэглэв.
“Бидний хувьд хөрөнгө оруулагчдад танилцуулах шаардлагатай олон тооны төслийн хүсэлтийг яамдуудаас авдаг хэдий ч тэднийг хөрөнгө оруулагчийн сонирхлыг татахуйц байдлаар багцлан танилцуулах арга аргачлалаар дутмаг байсан” хэмээн Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Цолмононцлов. “Жишиг харьцуулалтын аргад суралцах, төслүүдийг багцлах тал дээр ойлголтоо бэхжүүлэх, мөн хөрөнгө оруулалтыг татах асуудлыг шинэ өнцгөөс харах боломжийг энэхүү сургалт бидэнд олголоо. Хөрөнгө оруулалтыг дэмжих тал дээр техникийн шинэ мэдлэг мэдээллийг олж авсан бөгөөд бодит жишээн дээр дүн шинжилгээ хийснээр үүнийгээ улам бататгаж чадлаа. Цааш цаашдын сургалтад оролцох хүсэлтэй байгаа бөгөөд ингэснээр төслийн танилцуулга боловсруулах бидний чадавх дээшилнэ хэмээн үзэж байна” гэж өгүүлэв.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний аюулгүй байдал, хангамж, бүртгэлийн газрын мэргэжилтэн Б.Батбаатар ийнхүү өгүүлэв: “Энэхүү сургалтаар Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж потенциалыг тод харуулсан бөгөөд хөрөнгө оруулалтын үр дүнтэй дэмжигч болох шаардлага бидэнд байгааг дахин сануулсан.Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалтын шавхагдашгүй эх үүсвэр болсон хөрш том гүрнүүдээ бодолцох юм бол энэ нь бүр ч их үндэслэлтэй юм. Ирээдүйдээ бид онцлог дэд салбарууд руу чиглэсэн үр ашгийг эрэлхийлэх хөрөнгө оруулалтыг зөв эх үүсвэрээс татах тал дээр чадавх бэхжүүлэх хүсэлтэй байна. Хөрөнгө оруулалтын төслүүдээ болон үнэ цэнийн саналаа төрөл бүрийн зорилтот зах зээлүүдэд хэрхэн тохируулан боловсруулах тал дээр илүү гүнзгий ойлголтыг авахыг мөн хүсч байна” гэж тэмдэглэв.
Гурван өдөр үргэлжилсэн дээрх сургалтуудын явцад хөрөнгө оруулалтыг дэмжих үйл хэрэгт хамтын ажиллагаа, байгууллага хоорондын уялдаа хамгийн чухал болохыг тодотгон харуулсан бөгөөд оролцогч талуудад санал бодлоо солилцох, цаашид үр дүнтэй хамтран ажиллах хэтийн төлвийн талаар хэлэлцэх талбар болж өгсөн. Цаашлаад, уг сургалт нь хөрөнгө оруулалтын боломжит төслүүд, үүн доор хөдөө аж ахуйн салбарын төслүүдэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг татахуйц танилцуулгын материалыг оролцогч байгууллагууд хамтран боловсруулахад түлхэц үзүүллээ.
Дэлхийн Банк Групп, Монгол Улсын Засгийн газартай хамтран хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтын потенциалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн замын зураглалыг боловсруулж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд Хөрөнгө оруулалтын шинэчлэлийн зураглал тайланг удахгүй эцэслэн гаргахаар ажиллаж байна. Тус тайланд холбогдох төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үр дүнтэй дэмжихэд чиглэсэн “Монголын баг”-ийг бүрдүүлж ажиллах аргачлалыг зөвлөмжөөр санал болгож байгаа юм.
“Дэлхийн Банк Группын зүгээс хөрөнгө оруулалтын бодлогыг боловсронгуй болгох, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцсан төрийн байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх үүднээс бодлогын зөвлөмж, техникийн дэмжлэг туслалцааг үзүүлэн ажиллаж ирсэн” хэмээн ОУСК-ийн Төслийн удирдагч Дүгэрээгийн Жигжидмаа хэлээд, “Сургалт өгөөжтэй, үр дүнтэй байгааг оролцогчид тэмдэглэж байгаа нь бидэнд ихээхэн урам өгч байна. Уг сургалтыг бид цаашдаа аймгийн түвшинд зохион байгуулах бөгөөд ингэснээр орон нутгийн хэрэгцээ шаардлагад илүүтэй нийцнэ хэмээн үзэж байна” гэв.
Энэхүү төслийг ДБГ-ын ОУСК-ийн Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын газар гардан хэрэгжүүлж байна.
Дэлхийн Банк
1 comment
Төсөл танилцуулах ч яахав. Хамгийн гол нь гадны хөрөнгө оруулагч өөрөө бүх эрсдэлээ үүрч хөрөнгө оруулах болход ямар их чирэгдэл хүнд суртал, за тэгээд элдвийн үнэн худал мэгдэхгүй хов жив… мөнч хэцүүхэн байдалд оруулдаг шүү дээ. Үүнд л анхаармаар юм.