Боловсролын үйлчилгээнд жижиг хэмжээний авлига газар авсан байна. Тухайлбал, багш, сурагч, оюутны гараар бэлэн мөнгө ихээр дамжиж, ёс суртахуун, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлдэг аж. Мөн хандив тусламж, төлбөр хураамжийн зохион байгуулалт, ил тод байдал, хяналт, тайлагнал хангалтгүй гэсэн дүн Азийн сан БСШУСЯ, Авлигатай тэмцэх газартай хамтран явуулсан судалгаагаар гарчээ.
“Боловсролын салбар дахь ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал” судалгааны дүнг өнөөдөр (2017.03.28) танилцуулсан юм. Энэ үеэр БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг БСШУСЯ-ны судалгааны мөрөөр тодорхой ажил зохион байгуулж ажиллахаар төлөвлөснөө хэллээ.